Он гарсаар улсын хэмжээнд 45 түймэр гарчээ
2010.06.03

Он гарсаар улсын хэмжээнд 45 түймэр гарчээ

“2010 гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын хэмжээнд 12 аймгийн 28 суманд 45 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Үүний улмаас хоёр иргэн амь насаа алдаж, гурван хүн түлэгдэж гэмтлээ. 1231 9,5 мянган га талбай шатлаа” гэсэн мэдээллийг Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар өглөө.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт хоёр түймэртэй, Онцгой байдлын албаныхан ажиллаж байна.Эдгээр түймрийг унтаахаар Онцгой байдлын албанаас 642 алба хаагч, 56 автомашин техник, хилийн цэргийн 156 алба хаагч, орон нутгийн 1363 иргэн 131 автомашин техниктэйгээр ажиллажээ. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд энэ үеэр “Түймрийн тоо өмнөх жилүүдийнхээс буурахгүй байна. Энэ жил нийт нутгаар цас их унасан, тиймээс газар харьцангуй чийгтэй байгаа. Тиймээс энэ жил түймэр гарахгүй, 45 гэдгээс бага тоо хэлж болохоор байлаа. Ийм байхад түймрийн тоо буурахгүй байна гэдэг бол хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой.

Түймэр гарсан шалтгаан, түүний эзнийг тогтоож хариуцлага тооцож, олон түмэнд сэрэмжлүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэмээр байна” гэлээ. Мөн тэрбээр гал гарсан хойно одоо яах билээ гэж биш, төв, орон нутгийн иргэдийн оролцуулан баг бүрдүүлэн байнгын бэлэн байдалд байлгах хэрэгтэйг Онцгой комиссын гишүүддээ анхаарууллаа. Техник хэрэгслийн шинэчлэлийг ч шуурхайлах хэрэгтэйг онцоллоо.

2009 онд улсын хэмжээнд 15 аймгийн 67 суманд 120 удаа ой хээрийн түймэр гарчээ. Үүний улмаас 160749,8 га ойн талбай, 244283,3 га бэлчээрийн талбай шатаж, түймрийг унтраахад 69,3 сая төгрөг, байгаль экологид 533,8 сая төгрөгийн эд материалын болон бусад зардалд 2,1 сая төгрөгийн нийт 605,2 сая төгрөгийн хохирол учирчээ. Ой хээрийн түймрийн 50 хувийнх нь эзэн шалтгааныг олж тогтоон, хэрэг зөрчлийн улмаас 407 сая гаруй төгрөгийн хохирол учирсны 21 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.