Эрдэнэбат.Ж 2015.06.03 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.03/ хуралдаанаар эхлээд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан.

Тэрээр, Төсвийн тогтвортой  байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаар Төсвийн тогтворжуулалтын санг байгуулж, 2011 оны 2 дугаар сараас эхлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу жил бүр хуримтлал үүсгэн, одоогийн байдлаар нийт 310 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал бий болоод байгаа бөгөөд уг хөрөнгө Монголбанкин дахь төрийн сангийн тусгай дансанд байршиж байна.

Төсвийн тогтворжуулалтын сангийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлэхээр хуульд заасан боловч уг сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үр ашигтай удирдах арга хэмжээг одоог хүртэл авч хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл Монголбанкинд сангийн хөрөнгийг байршуулахад хүү төлөгдөхгүй байгаа бөгөөд санд хуримтлагдсан хөрөнгийн бодит үнэ цэнэ жил бүр инфляцийн түвшнээр буурч байна. Тиймээс Засгийн газрын мөнгөн хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах, Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг богино хугацааны санхүүгийн хэрэгслийг ашиглан нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан тухай танилцуулгадаа дурдсан юм.

Хуулийн төсөл батлагдсанаар Тогтворжуулалтын сангийн хөрөнгө төрийн сангийн нэгдсэн дансны тусгай дансанд байрших бөгөөд сангийн санхүүгийн нөөцийн удирдлагыг Сангийн яам бүрэн хариуцаж, сангийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байгаа юм байна.

Танилцуулгатай холбогдуулан Ч.Амаржаргал гишүүн сангийн хөрөнгийн ашиглалтын талаар тодруулав. Ж.Эрдэнэбат сайд, тус сан нь эрдэс баялгийн салбараас олсон орлогын тэнцлээс давсан дүнгээс санхүүждэг. Өнгөрсөн онд 118 тэрбум төгрөгийг төсвийн орлогын тасалдлыг санхүүжүүлсэнээс өөрөөр ашиглаагүй. Мөн бодлогын болон хадгаламжийн ямар нэгэн хүү тооцогдоогүй байгаа гэдгийг хэлээд хэрвээ сангийн хөрөнгийг өсгөх талаар ажилласан бол инфляцийн түвшингээр тооцоход 90 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломж байсан гэв. Мөн тэрээр, Сангийн яам уг хөрөнгийн удирдлагыг авснаар хадгаламж хэлбэрээр арилжааны банкинд байршуулах, үнэт цаас хэлбэрээр өөр бусад газар байршуулах зэрэг сангийн хөрөнгийг тодорхой хэмжээгээр өсгөж байхаар тооцоолж байгаа тухай хэлсэн.

Харин Ч.Хүрэлбаатар гишүүн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд тогтворжуулалтын сан, ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслүүдийг уялдуулан гаргах ёстой хэмээн Сангийн сайдад  сануулж байсан.

Ийнхүү гишүүдийн асуулт асууж, үг хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.

Дараа нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураахад гишүүд дэмжсэнээр хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг 5 сарын 26-ны байнгын хорооны хуралдаанаар хийсэн бөгөөд тус хуралдаанаар гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан байсан юм.

Хуралдааны төгсгөлд Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга, холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийж ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав. Санал хураах явцад гишүүд ажлын хэсгийн гишүүд болон хууль санаачлагчаас тухай бүрт асуулт асууж, тодруулга авч байсан бөгөөд уг хуулийн төслүүд батлагдсанаар нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж, байгууллага болон жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх юм байна.

Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр хойшлуулав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.