Төв, Сэлэнгэ аймагт түймэртэй байна
2010.07.07

Төв, Сэлэнгэ аймагт түймэртэй байна

Улсын Онцгой комиссын хурлаар мөн ой, хээрийн түймрийн байдлын талаар хэлэлцлээ.Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрханы баруун хойд талын Хүрэн морьтын даваа, Ахиа, Сүү заан, Хурхын сүү, Зүүн сүү, Зааны бор энгэр зэрэг газар 50 км-ийн өргөнтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эх хүүхэд ууланд түймэр асч, Онцгой байдал, орон нутгийн нийт 90 орчим хүн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын Арцатын төвгөр, Эрдэнэ сумын Хагийн хөндлөн, Хурхын сүв аманд гарсан түймрийг цурманд оруулсныг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дээд дэслэгч С.Залуухүү мэдээллээ.Хэдийгээр түймрийг унтраахаар Онцгой байдлын алба, иргэд зүтгэж байгаа ч орон нутагт хүн хүч хүрэлцэхгүй тохиолдол цөөнгүй гарч байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Ойн газарт албан бичиг илгээж түймрээс урьдчилан сэргийлэх зэргээр хамтарч ажиллахыг хүссэн ч ямар ч хариу аваагүй тухай хурлын үеэр яригдлаа.Манай улсын 12 аймгийн 42 сумын нутаг хуурайшилтын “нэн аюултай” зэрэгт байгаа бөгөөд 2010 оны 6 дугаар сарын 26-27-ны өдөр 11, 7 дугаар сарын 4-ний өдөр 4 удаа ой, хээрийн түймэр гарч байжээ.Иймээс хуурайшилт ихтэй, нэн аюултай зэрэглэлд байгаа нутагт байгалийн дагалдах нөөц ашиглах, аялал зугаалга хийхийг хязгаарлах, үүлэнд нөлөөлж бороо оруулах, дархан цаазат газарт эргүүл ажиллуулж, орон нутаг мэдээллээ шуурхай солилцдог байх, түймрийг унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын албаны ажилтан, иргэдэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түймрийн эзэн холбогдогчийг олж тогтоон нийтэд мэдээлэхийг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо.2010 он гарсаар 12 аймгийн 40 суманд 73 удаа ой, хээрийн түймэр гарч 3 хүн нас барж, 6 хүн түлэгдэн, 830 гаруй бог, 106 бод мал хорогдсон байна. 866 707 га талбайг хамарч 910 сая төгрөгийн хохирол учруулсан түймрийг унтраахад Онцгой байдлын албаны 984, Хилийн цэргийн 164 албан хаагч, орон нутгийн 2022 иргэн ажиллажээ. 2009 онд улсын хэмжээнд 15 аймгийн 67 суманд 120 удаа ой, хээрийн түймэр гарч, 405035,1 га талбай шатаж, 605.2 сая төгрөгийн хохирол учирсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.