Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Австрийн Элчин сайдтай уулзлаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Бүгд Найрамдах Австри улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай доктор Ирэнэ Гинэр Райхэл
2015.06.05

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Австрийн Элчин сайдтай уулзлаа

Бүгд Найрамдах Австри улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай доктор Ирэнэ Гинэр Райхэлийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцлоо.

Aвстрийн холбооны улс болон Монгол Улс 1963 оны зургадугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоож байжээ. Өрнөдийн орнуудаас Их Британи улс манай улстай анх дипломат харилцаа тогтоосон бол хоёр дахь орон нь Австри байсан юм байна. 

Уулзалтын эхэнд Элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Райхэль тантай анх удаагаа уулзаж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс нь олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай. Энэ хүрээнд "Венийн үдэш" цэнгүүнийг хоёр дахь удаагаа маргааш Чингисийн талбайд зохион байгуулах гэж байгаа учраас Эрхэм сайд таныг оролцохыг урьж байна гэлээ.

Сайд Г.Шийлэгдамба хэлэхдээ Австри улс нь маш олон дурсамжийг үлдээсэн сэтгэлд хөдөлгөдөг сайхан орон. БОАЖЯ-ны Дэд сайдаар ажиллаж байх үедээ танай сайхан оронд зочилж “Vienne opera house“-д орж байснаа санаж байна, сайхан арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна гээд, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарсаар ирсэн.

Тухайлбал хамтын ажиллагааны хүрээнд ХСҮТ, ЭХЭМҮТ, УКНЭ-үүд дээр хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа ажлууд явж байгаа.Ялангуяа европид спортын бүх төрөл өндөр хөгжсөн. Манай улсын хувьд багийн спортын төрлийг түлхүү хөгжүүлэх шаардлагтай байгаа. Өвлийн спорт дотроо цана, тэшүүрийн спорт манай улсад олон жилийн өмнө эхлэл нь тавигдсан ч төдийлөн хүссэн үр дүнд хүрч чадаагүй байгаа. Тиймээс танай улстай хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Элчин сайд Ирэнэ Гинэр Райхэл урьд нь танай улстай спортын чиглэлээр хамтарч ажиллаж байгаагүй. Монголчуудыг спортод их авъяаслаг хүмүүс гэж боддог. Австри улсад тэшүүрийн дэлхийд алдартай талбай байдаг. Хөнгөлөлттэй нөхцлөөр биш ч юмаа гэхэд санхүүжилтийн өөр хэлбэрээр хамтарч ажиллах бүрэн боломжтой. Мөн эрүүл мэндийн салбарт уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа энэ үеэр уламжиллаа.

Уулзалтын төгсгөлд орчин үеийн анагаах ухааны ололт амжилтыг уламжлалт анагааах ухаантай хосолмол байдлаар хөгжүүлэх бидний бодлоготой уялдаж байгаа учраас дэмжиж ажиллахаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба илэрхийллээ.