Би идэвхтэй сошиал хэрэглэгч
Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг
2015.06.08

Би идэвхтэй сошиал хэрэглэгч

Сүүлийн жилүүдэд Дэлхий нийтээрээ сошиал ертөнцийн давалгаанд өртөөд байгаа энэ цаг үед өөрийн гэсэн тодорхой хүрээллийг бий болгосон олон нийтэд идэвхтэй фэйсбүүкчин гэдгээрээ алдаршсан Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэгтэй чөлөөт сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөхөөр болсон танд баярлалаа. Таны ажлын сонин хачнаар яриагаа эхлүүлье?

Энэ жил манай Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байгаа. Бид ойгоо угтаад дүүргээ илүү цэвэрхэн, цэгцтэй, хүүхэд багачууддаа ээлтэй, иргэдээ дэмжсэн дүүрэг байхын төлөө хичээн ажиллаж байна. Энэ жил манай дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил өрнөсөн,

Нисэх, Яармагийн зам дагуух ногоон байгууламжийг бий болгосон, бүтээн байгуулалт, дэд бүтэцдээ анхаарсан, Хоггүй-Дүүрэг-Хороо болохоор их ажил ид өрнөж байна. Хэдий төсөв хязгаарлагдмал байдаг ч бид бүтээмж өндөртэй, чанарлаг зүйл хийхийн төлөө л анхааран ажиллаж байна.

-Ингэхэд таныг сошиал ертөнцөд их идэвхтэй байдгаар чинь би мэдэхийн байна. Та сошиал орчинтой холбогдоод удаж байна уу?

Би их идэвхтэй сошиал хэрэглэгч / инээв/. Фэйсбүүк ашигладаг болоод хоёр жил гаруй болж байна. Дагагчийн тоо, найзын тоо энэ тэрийг нээх голчилж үздэггүй. Би хувьдаа фэйсбүүк, твиттер бол иргэдийн чөлөөт индэр юм байна гэж харах болсон.

Энэ сошиал орчинд та хэдэн настай, ямар албан тушаал эрхэлдэг, ямар гарал үүсэлтэйгээс үл хамааран хүмүүс нэг нэгэнтэйгээ чөлөөтэй харилцах боломжийг нээдэг юм шиг санагддаг.

Иргэд үзэл бодлоороо хэрхэн идэвхтэй нэгдэж байгааг бид нүдээрээ харж байна. Тухайлбал буяны үйл ажиллагаа, хүүхдэд туслах, нийгэмд болохгүй байгаа зүйлийг эсэргүүцэх гэх мэт үйлдлүүд нь сошиал ертөнц бол иргэдийн чөлөөт индэр гэдгийн баталгаа.

-Жириин нэгэн фэйсбүүк хэрэглэгчийн хувьд ямар нэг шүүмжлэлтэй зүйл танд байдаг уу?

Иргэд чөлөөтэй санал бодлоо илэрхийлж буй чөлөөт индэр дээр ямар нэг цензур тавьбал утгаа алдана. Харин нэгнийгээ доромжилсон, гүжирдсэн, гүтгэсэн зүй бус коммент бичихээсээ илүүтэйгээр баримттай шударгаар үзэл бодлоо илэрхийлж байгаасай гэж боддог. Нөгөөтэйгүүр фэйсбүүк, твиттерт хэт донтох тохиолдол байна.

Гэхдээ хөгжлийнхөө явцад илүү бодит хэрэглээ тал руугаа хөгжинө гэж найдаж байна. Миний хувьд түлхүү ажил төрлийнхөө сонин хачинг хуваалцах, найзууд, дагагчдынхаа санаа бодлыг сонсох, зөв бодол зөв ажил хийж буй хүмүүсийг дэмжих, урам хайрлах зэргээр л фэйсбүүк, твиттерыг ашиглаж байна даа. Сошиал ертөнцөд Хан-Уулчууд ажил хийдэг юм байна, иргэн та амьдрахад хамгийн таатай дүүрэг юм байна гэдгийг одоо мэддэг болсон нь сайшаалтай санагддаг.

-Сүүлийн үед бүх л мэдээлэл цахим хэлбэрт шилжиж байна. Та ажил төрөлдөө цахим хэлбэрийг хэр ашиглаж байна вэ?

Манай дүүрэг өөрийн  www.khanuul.mnсайтаараа дамжуулан хэрэгтэй, шуурхай мэдээ мэдээллийг тогтмол хүргэдэг болоод удаж байна. Иргэддээ цахим хэлбэрээр ил тод шуурхай хийсэн, хийж буй ажлаа тайлагнахад их хялбар дөхөм байдаг. Саяхан манай www.khanuul.mn  нь төрийн үйлчилгээ үзүүлдэг сайтуудаас иргэдийн хандалтаараа гуравт орсон байсан.

Энэ нь иргэдэд хүрч байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Манай дүүргийн хороод, ИТХ-хан, залуучууд, өсвөр үеийнхэн, хэлтэс албадууд, сайн дурын байгууллагууд гээд бид байнга онлайн орчинд чөлөөтэй мэдээллийн урсгалыг бий болгож чадсан.

Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлапаа.