Дэлхийн парламентууд дахь эмэгтэйчүүдийн квот
АНУ-ын Конгрсессийн эмэгтэйчүүд хуралдааны завсарлагаанаар зургаа авахуулж байна
2015.06.08

Дэлхийн парламентууд дахь эмэгтэйчүүдийн квот

Жендерийн квот гэдэг нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн төрийн эрх барих байгууллага дахь төлөөллийн хуульчлагдсан тоо хэмжээ юм. Квот нь орчин үеийн нийгэм дэхь хүйсийн тэгш байдлын тухай ойлголтоос үндэстэй. Гол зорилго нь эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгдүүлэх замаар улс төрийн амьдралд оролцуулж шийдвэр гаргахад нөлөөлөх боломжийг бүрдүүлэх.

Олонхи орны төрийн эрх барих байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байж чаддаггүй. Жендерийн тэгш эрх, эрх мэдлийн хувиарлалтыг хангахад хамгийн үр дүнтэй арга болдог квотын систем нь төлөөллийн ардчиллын нөхцөлд хамгийн шударга.

Судлаачдын тогтоосноор аль ч улсын парламентад эмэгтэйчүүд ядаж 30-40 хувийг эзэлж байх ёстой аж.  Квотын систем тухайн парламентын гаргах аливаа шийдвэрийн шинж чанарыг тодорхойлж, улс төрийн соёлыг бүхэлд нь өөрчилдөг. 

Эдүгээ дэлхий дахинд квотын систем зорилгоо биелүүлж амжилтанд хүрсэн хэд хэдэн орон бий.  Скандинавын орнуудад  (Швед, Финлянд, Исланд, Норвеги, Дани) эмэгтэйчүүд парламентад 30-56,3 хувийг эзэлдэг.  Европын бусад орнуудад (Андорра, Нидерланд, Бельги, Испани Герман, Серб, Словени, Беларусь, Македони), мөн Латин Америкийн зарим оронд (Куб, Никарагуа, Коста-Рика, Аргентин, Эквадор, Гайана), Африкийн хэд хэдэн  оронд (Руанда, Сейшелийн арлууд, Сенегал, ӨАБНУ, Мозамбик, Ангол, Танзани, Уганда, Непал, Бурунд) эмэгтэйчүүд парламентын шийдвэрт нөлөөлөх хэмжээнд ажилладаг. Энэ нь тухайн нийгмийн анхдагч нөхцөл байдлаас гадна  (жишээ нь Африкийн орнуудад энэ нөхцөл байдал тийм ч сайн биш) эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн намын хичээл зүтгэлийн үр шим юм.  Голдуу социал-демократ болон зүүний чиглэлийн хүчийг төлөөлсөн эмэгтэйчүүдийн нам сонгогчдынхоо тоог олшруулж дэмжлэгийг нь авахын тулд жендерийн шинж чанартай  (хар үгээр хэлбэл “жендерийн мэдрэмжтэй”) мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Улмаар жендерийн тэгш эрхийн тухай үзлийг тээгч, эмэгтэйчүүдийн улс төрийн тэмцлийн үлгэр дууриалал болсон эмэгтэйчүүдийн намын бүлгүүд бий болжээ.

Судлаачдын тогтоосноор аль ч улсын парламентад эмэгтэйчүүд ядаж 30-40 хувийг эзэлж байх ёстой аж.

Хэдийгээр эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хүчтэй байсан ч жендерийн шударга хувиарлалт нийгэмд жинхэнэ утгаараа хэрэгжих нөхцөл зөвхөн Жендерийн тухай хууль батлагдсаны дараа бүрэлджээ.  Хууль гарснаар эмэгтэйчүүд цаашдын нийгэм, улс төрийн үйл явцад нөлөөлөх болов (Исланд – 1976 он., Дани – 1978 он., Норвеги –1979 он., Швед – 1980 он., Финлянд – 1987 он.).Скандинавын орнуудад намын идэвхтэн эмэгтэйчүүд жендерийн тэгш байдлыг хангахын тулд намын дотор квот тогтоох зөвлөмж боловсруулахаас эхлээд (Швед), намын доторхи  болон парламентын сонгуульд квотыг хуульчлах хүртэл (Норвегия) төрөл бүрийн аргыг хэрэглэсэн байдаг. 

Жендерийн хууль эрх зүйн орчин хөгжсөн хоёр дахь бүлэгт дараах улсууд хамаарна.  Эдгээр улсын парламентын доод танхимд эмэгтэйчүүд 15-30 хувийг эзэлдэг. 

Эдгээр нь Европын Португали, Швейцарь, Австри, Франц, Люксембург, Лихтенштейн, Хорват, Польш, Латви, Их Британи, Чех, Итали, Босни Герцеговин, Грек, Болгарь, Эстони, Молдов, Литв, Монако, Сан–Марино, Словак, Албани, Ирланди;

Хойд Америкийн Канад, АНУ;

Латинамерикийн Тринидад Тобаго, Сальвадор, Болив, Перу, Доминиканы БНУ, Гондурас, Сент Винсент Гренадин, Венесуэл, Сен-Люси;

Ойрхи Дорнодын Ирак, Пакистан, Израиль, Ливи;

Африкийн Эфиопи, Тунис, Өмнөд Судан, Лесото, Намиб, Судан, Малави, Мавритани, Кабо-Верде, Маврик, Сан-Томе Принсипи, Мадагаскар, Марокко, Габон, Буркина Фасо, Зимбаб;

Азийн Афганистан, Лаос, Казахстан, Сингапур, Кыргызстан, Филиппин, Узбекистан, Хятад, Камбож, Бангладеш, Тажикстан, Индонези, АНЭУ, Туркменистан, Азербайжан, Таиланд, Хойд Солонгос;

Австрали зэрэг орнууд юм.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа орнуудад авлига буурсан, шударга ёсны индикаторууд сайжирсан гэсэн судалгаа байдаг. 

Зарим лалын орнуудын туршлага их сонирхол татаж байна. Жишээ нь Пакистаны парламентын гишүүдийн 22,5 хувь эмэгтэйчүүд. Саяхныг хүртэл Пакистаны улс төрийн  бүтцэд эмэгтэйчүүд дөнгөж 5 хувийг эзэлж байв. Эрх баригчид жендерийн тэгш эрхийн талаар хойрго ажиллаж байсан тул идэвхтэн эмэгтэйчүүд өөрсдийн хүчээр төрийн бүтцийн нэгэн хэсэг болж түүнийгээ өөрсдийн талд ашиглахаар шийджээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлэг, эмэгтэйчүүдийн ТББ-ууд ядуу эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж нам, төрийн байгууллагуудад эмэгтэйчүүдийг лоббидож эхэлжээ.  Ингэхдээ дараах зорилтуудыг тавьжээ. 

-          Орон нутаг, муж, холбооны түвшинд шууд сонгуулиар эмэгтэйчүүдийн квотыг 33 хувьд хүргэх;

-           “Улс төрийн намын тухай” хуулинд өөрчлөлт оруулах;

Үр дүнд нь 2002 онд төрийн удирдах байгууллагуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрс өсч парламентын доод танхимд 22,5%, дээд танхимд 16,3% болжээ. 

Пакистаны парламентын эмэгтэйчүүд

Их Британий парламентын доод танхимд яльгүй бага буюу 22,3%, харин дээд танхимд 21,9 хувь.

Их Британид 1918 онд эмэгтэйчүүд парламентын сонгуульд оролцох эрх авснаар эмэгтэйчүүдийн улс төрийн хүчнүүд бий болжээ.

1980-аад оныг хүртэл Их Британий жендерийн хуулиуд эрэгтэйчүүд давамгайлсан шинжтэй байж эмэгтэйчүүд улс төрийн идэвхээр бага байлаа.  Гэвч улс төрийн нөхцөл өөрчлөгдсөнөөр намууд сонгогчидтой ажиллах стратегиа өөрчлөх хэрэгтэй болж эмэгтэй  сонгогчдын сонирхлыг зайлшгүй харгалзаж үзэхээс өөр аргагүйд хүрчээ.

АНУ-д эмэгтэйчүүд улс төрийн хувьд үсрэнгүй хөгжиж сүүлийн 10 жилийн хугацаанд  Конгресс дахь эмэгтэйчүүдийн тоо 2,5 (16,9%) дахин, Сенатад 4,5 (17%) дахин өсчээ. Социологийн судалгаанаас харахад Америкчууд эмэгтэй хүн ерөнхийлөгч болсон тохиолдолд хүлээж авахад бэлэн байна. 1960-аад онд эмэгтэй хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл нийт хүн амын 40 хувь нь түүнд саналаа өгөхөд бэлэн гэсэн бол энэ тоо өнөөдөр 75%-д хүрчээ.

Обама АНУ-ын Парламентын дээд танхим буюу Сенатын эмэгтэйчүүдийн хамт

Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийн квотыг хуулиараа тогтоож өгөөгүй. Монголын нийт хүн амын 51,7 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд 1992 оноос хойших УИХ-ын таван удаагийн сонгуулийн үр дүнгээр парламентын суудлын дөнгөж 4-18 хувийг эзэлж иржээ. УИХ-аас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль баталсан ч сонгуулийн хуульд оруулна гэсэн амлалтаар уг хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг тусгалгүй үлдээсэн.

Өнөөдөр Монголын парламентад 11 эмэгтэй гишүүн (14,4%) байгаа ч энэ нь хангалттгүй. Түүнээс гадна эдгээр 11 гишүүн шийдвэрт бодитоор нөлөөлж чадахааргүй шалтгаан бий. Энэ нь юу гэвэл эмэгтэй гишүүд голдуу намын нөлөөн дор парламентад орсон. Нам өнөөдөр яаж даварсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Намын саварт орсон хүн нийтлэг эрх ашгийг хамгаалах чадваргүй. Намын нэрээр гарч ирсэн эмэгтэй бодлогын асуудлаар зарчмын байр сууриа хамгаална гэдэг бараг л боломжгүй гэдгийг судлаачид онцолдог.

Монголын парламентын эмэгтэйчүүд

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа орнуудад авлига буурсан, шударга ёсны индикаторууд сайжирсан гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд нь хүн амын тал хувийг бүрдүүлдэг манай улсад эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд цөөн, хүчгүй байна гэдэг олон зүйлийг бид алдаж байна гэсэн үг. Эмэгтэйчүүд өөрийн мөн чанараараа нийгмийн хамгааллын асуудалд илүү анхаардаг. Үүнийг Скандинавын орнуудын жишээнээс бэлхэн харж болно.