Бум-ялагч.О 2015.06.09 | Сонин: Зууны мэдээ

Сонгуулийн хуулиар бүх нам зөвшилцөх ёстой гэв

Сонгуулийн хуулиар бүх нам зөвшилцөх ёстой гэв

Үндсэн хуульд засвар оруулж, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх асуудлаар хоёр том нам бусдыгаа болоод иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонсохгүй байна гэсэн шүүмжлэл өрнөх болов. Нэр бүхий хоёр нам, нам дагасан улстөрчид дур зоргоороо шийдэж болохгүйг сануулсан шаардлага, өргөх бичгүүд Үндсэн хуулийн цэциин хаалгыг эхнээсээ тогшоод эхэлсэн. Парламентад суудалгүй намууд ч цаг үеийн асуудал, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиар хэд хэдэн удаа санал солилцож, УИХ-д сануулга өгч эхэлжээ. Тэд ингэж ярьж байна.

О.Бум-Ялагч /Ногоон намын дарга/: Санал асуулга явуулахыг дэмжинэ

Сонгуулийн хуулийг хийхдээ хүнээ сонгох уу, намыг сонгох уу гэдгээ тодорхой болгох ёстой. Өмнөх сонгуулийн хуулиар намын жагсаалт гэдгийг гаргаж ирсэн. Тэр нь Үндсэн хууль зөрсөн гэдгийг тогтоох юм бол 2012-2016 он хүртэлх гаргасан УИХ, Засгийн газрын бүх шийдвэр хууль бус болно шүү дээ.

Энэ асуудлыг тодорхой болгомоор байна. Дээр нь манай намын байр суурь бол тодорхой, бид 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг буцаая, Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулья гэж шаардаж байгаа.

Ц.Шинэбаяр “Хамаг  Монгол Хөдөлмөрийн намын дарга: Хуульд биш хүнд хариуцлага тооцмоор байна

Манай нам юуны өмнө Сонгуулийн хуулийг тодорхой болгож, эртхэн батлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Эргээд харж байхад 1992-2004 он хүртэлх өмнөх сонгуулиуд бүгд нэг хуулиар явсан. Харин 2008, 2012 оны сонгууль тус, тусдаа өөр хуулиар явсан. Амьдрах чадваргүй хууль хийчхээд байнга засдаг нь буруу.

Сүүлийн үед хуулийн хариуцлага ярьдаг, хүнд нь хариуцлага тооцдоггүй болж. Сонгуулийн хариуцлага маш чухал. Хамаг асуудал хар машинд байгаа. Тэрийгээ шийдэх ёстой. Сонгуулийн маргааныг шүүх, эсвэл Ч.Содномцэрэн шийдцэг байж таарахгүй.

Г.Ганбат /Эх орончдын нэгдсэн намын дарга/: Луйврын болоод авлигийн сонгуулийг зогсооё

Манай нам УИХ-ын Үндсэн хууль, Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёс зүйн болоод эрхзүйн чадамжгүй гэж үзэж байгаа. Эрх барьж байгаа хэдэн хүн нийлээд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хууль эрхзүйн орчныг өөрчилдөг байж таарахгүй. 25 жил ийм тогтолцоогоор явж ирсэн хүмүүс зөөлөн суудлаа хамгаалах, бэхжүүлэх, эрх мэдлээ урт настай, мөнхийн байлгах гэж улайрч байна. Тиймээс луйврын сонгуулийг зогсоох ёстой.

Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хэдэн хүн удирддаг хяналтгүй хар машинаар санал тоолохоо болих ёстой. Хэрэв түүгээр сонгууль явуулбал бүх тойрогт хяналтын тооллогыг гараар хийх учиртай. Эрх баригч нам нь төрийн албанд хүнээ байршуулаад сонгууль хийлгэдэг нь шударга биш. Авлигийн сонгуулийг таслан зогсоохын тулд улстөрийн намуудын сонгуулийн санхүүжилтийг төсвөөс гаргаж, хяналт тавих ёстой.

Ж.Сүхжаргалмаа/ ИХН-ын дарга/: Ажлын хэсэгт бүх намыг багтаах ёстой

Ёс суртахуунтай төр бол бүх намын төлөөллийг ажлын хэсэгт багтааж, нэгдүгээрт бүх намын зөвшилцлөөр хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Хоёрдугаарт, ард нийтийн санал асуулга явуулах учиртай. Гуравдугаарт, одоогийн УИХ ямар ч том хуульд гар хүрэх ёс зүйн болоод эрхзүйн чадамжгүй. Энэ гурван үндэслэлээр бид Их хуралд шаардлага тавьж байгаа.