Дараагийн шуурхайгаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө
Гэр хороолол
2015.06.09

Дараагийн шуурхайгаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн, өчигдөр боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм.

Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүрэгт буурсан, бусад дүүрэгт өссөн үзүүлэлттэй гарчээ. Гарсан зөрчил болон гэмт хэр гийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажилласан байна. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/404 дугаар захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэг олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүрэг тус бүр хүүхдийн баярын арга хэмжээг тавдугаар сарын 27- ноос зургадугаар сарын 01-ний хооронд тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн есөн дүүргийн зорилтот бүлгийн нийт 1000 гаруй хүүхдэд мөнгөн тусламж болон гарын бэлэг гардуулсан байна.

Дүүргүүдийн баярын арга хэмжээнд давхардсан тоогоор 80 мянга гаруй хүүхэд оролцсон ажээ. Харин Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээнд 1500 хүүхдийг  хамруулсан урлагийн тоглолт, 1000 гаруй үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага болон сайн дурынхан, 10 мянга гаруй хүүхэд оролцсон гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Харин өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар - Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд гадаад, дотоодын иргэд, гүйгчид, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, нийслэлийн иргэд нийт 17361 хүн албан ёсоор бүртгэлд хамрагдаж, гүйлтэд оролцжээ.

Гадны 19 орноос гүйгчид оролцсон бөгөөд оролцогчдоос иргэдэд зориулсан хонжворт сугалааг зохион байгуулсан байна. Мөн “Автомашингүй өдөр”-ийг Улаанбаатар марафон олон улсын гүйлттэй хамтатган нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээг ЭМЯ, ДЭМБ, НЗДТГ, НЗЦГ, НБТСГ, НЭМГ, НЭМҮТ, МУЗН, МЗХ, дугуйн холбоо, сайн дурын байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд 11 мянга гаруй иргэн оролцсон гэсэн мэдээлэл өглөө. Түүнээс гадна иргэд зусланд гарч байгаатай холбогдуулан зуслангийн үйлчилгээг жигдрүүлэх ажлын талаар холбогдох хүмүүс мэдээллээ. Өөрөөр хэлбэл, цахилгаан, ундны ус, нийтийн тээврийн үйлчилгээгээр тасралтгүй хангах, хог тээвэрлэлтийн үйлчилгээг тогтмолжуулах ажлыгшат шатандаа зохион байгуулж байгаа ажээ.

Түүнчлэн зуслангийн зам засварын ажил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг өгсөн үүргийн дагуу Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө гарган зорчигч урсгалын хэмжээнээс хамааруулж зуслангийн үйлчилгээний автобусны тоог нэмж, цагийн хуваарийг гарган ажиллана.

Зуслангийн автобусны үнэ том хүн 600, хүүхэд 200 төгрөгийн тарифтай байхаар төлөвлөж байгаа аж. Харин зуслангийн ундны ус түгээх үйл ажиллагаанд зориулж дөрвөн тонны зургаан ширхэг санг угсарч угаалга, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байгаа гэнэ.

Мөн төвийн дүүргүүдийн зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг тавдугаар сарын 23-ны бямба гаригт зохион байгуулсан. Их цэвэрлэгээний өдөр ногоон бүсийн далан суваг, гуу жалга, хогийн цэгүүд, зуслан- гийн амуудын болон Туул, Сэлбэ, Улиастайн гол дагуух талбайд түүвэр цэвэрлэгээ хийж, 1494.4 тн хог хаягдлыг 290 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэсэн байна.

Цэвэрлэгээнд 1503 аж ахуйн нэгж, байгууллага, 1000 оюутан, 9381 иргэн нийт 10381 хүн оролцжээ. Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн чиглэлээр дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Хүүхэд бүрийг улаан- бурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулья” уриан дор тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 05-ны өдрүүдэд зарласан.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд улаан- бурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад зургаан сартайгаас таван настай 15402 хүүхэд хамрагдаж, дархлаажуулалт 90 хувьтай байна. Харин нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтын санал авах бичгийг тав дугаар сарын 04-ний  өдөр нийт байгууллага болон нийслэлийн ЗДТГ- ын хэлтсүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, дүүргүүдэд явуулснаас 62 байгууллага саналаа ирүүлж 15 байгууллага саналаа ирүүлээгүй байна.

Мөн хөрөнгө оруулалтын 2016 оны санал авах албан бичгийг тавдугаар сарын 04-ний өдөр нийт 77 байгууллага болон нийслэлийн ЗДТГ- ын хэлтсүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, дүүргүүдэд явуулснаас 55 байгууллага саналаа ирүүлж 22 байгууллага саналаа ирүүлээгүй байна. Ийм учраас нийслэлийн Засаг даргаас нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтын саналаа дурьдсан хугацаанд ирүүлээгүй газар, хэлтэс болон холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдгийг энэ үеэр анхаарууллаа.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, Зам, барилга, шугам сүлжээний ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн энэ сэдвээр судалгаа хийж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлын явцын талаар мэдээлэл бэлтгэн дараагийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн дээр танил- цуулахыг үүрэг болголоо.

Мөн улсын баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллахыг үйлчилгээний байгууллагуудад даалгав. Харин нийслэлийн Өмчийн харилцааны газар, бүтээн байгуулалтын Ажлын хэсгүүд энэ оны газар чөлөөлөлтийн ажлын тооцоо судалгааг энэ долоо хоногтоо гаргаж өгөхийг даалгалаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улаан бурхан өвчний дэгдэлтэд зургаан сартайгаас таван настай хүүхдүүдэд нэмэлт вакцинжуулалт хийсэн. Нэмж асрамж халамжийн төвүүд, сургалтын байгууллагуудыг халдваргүйжүүлэх шаардлагатай.

Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа зөвлөмжийг мөрдөн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг сануулсан. Мөн хариуцсан орлогч авсан арга хэмжээг шалгаж, үр дүнг тооцож, танилцуулахыг үүрэг болголоо. Харин нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд саналаа ирүүлээгүй байгууллагууд энэ долоо хоногт багтаж саналаа ирүүлэхийг үүрэг болгосон юм.