Уул уурхайн компаниасаа хандив авдаг төр хянах чадвартай юу?
Н.Баярсайхан
2015.06.10

Уул уурхайн компаниасаа хандив авдаг төр хянах чадвартай юу?

"Хил хязгааргүй алхам" ТББ, "Төлсөн авснаа нийтэл" эвслийн зохицуулагч Н.Баярсайхантай Монголын эрдэс баялгийн салбар дахь ил тод байдлын талаар ярилцлаа. 

Ямар шалтгааны улмаас Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг санаачлах болсон бэ?

Энэ хуулийн төслийг боловсруулахаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг Уул уурхайн яамнаас баталж гаргасан. Бид ярилцаад хуулийн төслөө боловсруулсан. Ингэхдээ эрдэс баялгийн салбарын төсөв, орлого,  байгуулагдаж буй гэрээ, тусгай зөвшөөрөл, орон нутагт уул уурхайн компаниудаас төсвөөс гадуур өгдөг хандивын зарцуулалт зэрэг нэлээд олон асуудлыг ил тод байлгахаар хуулиндаа тусгаж УИХ-д өргөн баръя гэж төлөвлөж байсан. Ялангуяа жижиг, том гэлтгүй төрийн байгууллагууд уул уурхайн компаниас хандив авдаг байдал түгээмэл байдаг учраас үүнийг олон нийтэд нээлттэй болгох шаардлага гарсан.

Хууль боловсруулах явцад олборлох үйлдвэрлэлийн эрдэс баялгийн санаачлагын олон улсын шинэ стандарт батлагдсан. Өмнө нь олборлох  салбарт зөвхөн орлого, зарлагыг ил тод болгох асуудал яригддаг байсан бол шинэ стандартаар илүү өргөн хүрээг хамрах болсон. Төр менежмент хийж байгаа юм бол нэгдүгээрт олборлох салбараас олсон ашгийг урт хугацаандаа яаж зарцуулаад, эдийн засагт юуг хөгжүүлэх гээд байгаа, хөрөнгө оруулагчтай гэрээний ямар тохиролцоо хийснийг ил тод болгоё гэж шийдсэн. Хоёрдугаарт үндсэн гэрээнээс гадна дагалдах гэрээнүүд гэж бий. Жишээ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд дагалдах 5 гэрээ байдаг ч энэ нь олон нийтэд хаалттай. Татварын ямар нөхцөлтэй байх, баяжмал гаргавал ямар үнээр зах зээлд нийлүүлэх зэрэг нь тодорхойгүй. Тэгэхээр эдгээр дагалдах гэрээг ч ил болгох хэрэгтэй гэж үзсэн. Энэ маягаар зөвхөн орлого, зарлага гэлтгүй ил тод байдлыг улам өргөжүүлэх шаардлага зөвхөн манайд биш олон улсын түвшинд гарч ирсэн.

Гэвч манай нөхцөлд нэг төвөгтэй зүйл гарч ирсэн. Жишээ нь Гачуурт компанийг аваад үзэхээр аялал жуулчлал, газар тариалан, зочид буудал, уул уурхай гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ компани ашгаа тайлагнахдаа зөвхөн компаний олсон нийт ашгаа л тайлагнадаг.  Харин уул уурхайгаас чухам ямар орлого олсон нь мэдэгддэггүй. Тиймээс тусгай зөвшөөрөл бүрээр нь тайлагнуулдаг байя гэсэн гарц олсон. Монголросцветмет л гэхэд 16 аймгийн 18 суманд лицензтэй, Алтан Дорнод Монгол 54 суманд лицензтэй.  Хэрэв лиценз бүрээр нь тайлан авдаг болчихвол ил тод байдал илүү бодитой байж цаашдаа Монголын газрын хэвлийгээс олсон ашиг юунд зарцуулагдсан тухай бүхэл бүтэн түүх үлдэх учиртай. 

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Таван толгой компаний 49 хувийг дөрөвхөн хүн эзэмшдэг.

Түүнээс гадна Монголын компаниудын засаглалтай холбоотой асуудал бий. Монголын компаниуд нийтийн компани бус, гэр бүлийн компани байдаг. Өөрөөр хэлбэл эцсийн эцэст ашгийг зөвхөн нэг гэр бүл хүртдэг.  Тодорхой жишээ гэвэл Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Таван толгой компаний 49 хувийг дөрөвхөн хүн эзэмшдэг. Ямар нэгэн зөрчил гараад төр тэр компанитай хариуцлага тооцох гээд очихоор зүгээр нэг уул уурхайн инженер, эсвэл геологийн маркшейдер сууж байдаг. Жинхэнэ хувийн ашгийг нь хүртдэг, нууцлаг байдаг нэг гэр бүлд хариуцлага тооцох боломжгүй болчихдог. Тэгэхээр жинхэнэ ашиг хүртэгчийг ил болгож хуульчилъя гэсэн санаа гарсан.

Энэ мэт зүйлийг ил тод болгох шаардлага зөвхөн Монголд биш хөгжиж буй бүх оронд байдаг. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Олон улсын хороо гэж бий. Удирдах хороонд нь үндэстэн дамнасан корпорациуд,  иргэний нийгмийн байгууллага, Засгийн газруудын төлөөлөл байдаг. Үндэстэн дамнасан корпорациуд лиценз бүрээр тайлагнаж, жинхэнэ ашиг хүртэгчиийг ил тод болгох санаачилгыг дэмжиж баталсан. Монгол улсын хувьд энэ хорооноос гаргасан шинэ 7 стандартыг дэмжиж Сидней хотод болсон хурлын үеэр Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг Монголын Их Хурлаар батлуулна гэж амласан.  Уул уурхайн яамнаас ажлын хэсэг байгуулсан шалтгаан нь энэ.

Ингээд бид нийт эрдэс баялгийн салбарыг хамарсан хуулийн төсөл боловсруулсан.

Гэтэл нэг болгоомжлол төрсөн.  УИХ-д суугаа олон хүн уул уурхайн компаниас хувьцаа эзэмшдэг. Тэгэхээр энэ хуулийн төсөл байнгын хороогоор ч давахгүй байх магадлал өндөр болсон. Хэрвээ яам хуультай байхыг хүсч байгаа юм бол өнөөдөр олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнаж, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнаж, хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж  байгаа энэ үйл явцыг л эхлээд хуульчилъя гэсэн тохиролцоонд хүрсэн. 

Түүнээс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа ч Монголын эрдэс баялгийн салбар ил тод байж чадахгүй байна. Хэдийгээр М.Энхсайхан сайд нээлттэй байгаа гэж хэлж байгаа ч Монгол улс ямар ашигтай ажиллаад байгаа, Таван толгойн төслийн консорциумд хэдэн компани өрсөлдөөд ямар шалгуураар Хятадын Шинхуа, Монголын Энержи ресурс шалгарсан тухай мэдээлэл олон нийтэд ойлгогдох хэмжээнд нээлттэй байх ёстой. Монгол улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж байгаа юм чинь аливаа шийдвэр, гэрээ батлагдсаны дараа биш, батлагдахаас өмнө оролцох учиртай.

Ерөнхийлөгчийн Тамгын газар 122 сая төгрөгийн хандивыг “Монгол алт”, “Энержи ресурс”, “Эрдэнэт” үйлдвэрээс авсан байна.  

Тэгвэл одоо энэ асуудал маань ямар шатандаа явж байна вэ?

Ямартаа ч бид арай “зөөлөн” хууль баталъя гэж тохиролцсон тухай дээр хэлсэн. Ер нь эрдэс баялгийн салбарыг бүхлээр нь ил тод болгон хуульчлах шаардлага байгаа. Байдал түргэн хугацаанд өөрчлөгдөж байна.  Тогтвортой байдлын гэрээнээс гадна бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд олширсон. Шатдаг занарын хайгуулын гэрээнүүд бий болж байна. Эдийн засаг хүндрэлтэй байна гэсэн шалтгаанаар олон шийдвэр шахалтаар гарч байна. Засгийн газар олон улсын санхүүгийн корпораци, үндэстэн дамжсан корпорациудын ашиг сонирхлын дагуу, тэдний шахалтан дор гэрээнүүдийг баталж байна. Ийм байгаа тохиолдолд эрдэс баялгийн салбарыг тэр чигт нь тунгалаг болгох шаардлагатай.

Хандивын талаар тодруулж асуумаар байна. Ер нь төрийн байгууллагууд уул уурхайн компаниас хандив авдаг явдал хэвийн үзэгдэл мөн үү?

2010 оны тайлангаас харахад Ерөнхийлөгчийн Тамгын газар 122 сая төгрөгийг “Монгол алт”, “Энержи ресурс”, “Эрдэнэт” үйлдвэрээс авсан байна.  ЗГХЭГ 13 сая төгрөг, ГХЯ 25 сая төгрөг,  Лондон болон Москва дахь Элчин сайдын яамдууд,  ХХҮГ, Газрын тосны газар хүртэл хандив авсан байна. Эндээс нэг асуулт урган гарч байна. Төр ард түмнээс авсан эрх мэдлийнхээ дагуу эрдэс баялгийн салбарт менежмент хийж байгаа. Төр тусгай зөвшөөрөл өгөөд түүнийхээ хэрэгжилтийг хянадаг учраас зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцлах учиртай. Гэтэл төр маань өөрөө Ерөнхийлөгчийн тамгын газраасаа авахуулаад Газрын тосны газар, МХЕГ-тайгаа, МҮОНРТ-тэйгээ төрийн бүх байгууллагууд  уул уурхайн компаниудаасаа хандив аваад байхаар чинь хяналт хэрэгжих үү? Ялангуяа тусгай зөвшөөрөл өгдөг Газрын тосны газарт компаниуд чухам ямар сонирхол өвөрлөөд хандива өгөөд байна вэ гэдэг чинь том асуулт. Цөмийн энергийн газар ураны компаниудаас яагаад хандив авсан бэ гэдгийг бас мэдүүштэй.  Ер нь уул уурхайн салбарт төр хандив авах нь зөв юм уу? Компани хандив өгөх биш зөвхөн хөрөнгө оруулж баймаар.

Тусгай зөвшөөрөл өгдөг Газрын тосны газарт компаниуд чухам ямар сонирхол өвөрлөөд хандива өгөөд байна вэ гэдэг чинь том асуулт. 

Түүнчлэн бүх аймгийн Засаг даргын Тамгын газрууд хандив авчихсан  байна. Нэг Тамгын газар хэд хэдэн компаниас авсан нь цөөнгүй.

Хандив нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуультай яаж холбогдох вэ? Уг хуулинд ийм хандив өгч болохгүй гэсэн заалт байдаггүй юм уу?

Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйл хоёр хоёулаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.  Гэхдээ уг заалтууд хоорондоо зөрчилддөг. Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “Төрийн байгууллага нь эмнэлгийн үйлчилгээ, бүх шатны боловсролын үйлчилгээ, соёлын үйлчилгээ хүргэх зорилгоор иргэн, компаниас тусламж, хандив авч болно” гэж заасан.  Гэтэл Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гээд заачихсан.

Энэ хоёр хуулийн гажуудлыг арилгах ажил огт хийгдэхгүй байна. Энэ тал дээр Авлигатай тэмцэх газар хангалттай ажиллаж чадахгүй байна.

Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг судлаад үзэхээр 2010 онд уул уурхайн  салбарт хувьцаа эзэмшдэг хүмүүсийн тоо харьцангуй бага. Харин түүнээс хойш тогтмол нэмэгдэж ирсэн.  Өнөөдөр уул уурхайн салбарт авлига газар авчихаад байна. Аль нэг албан тушаалтан баригдаад явдаг ч ямар ч хохирол төлүүлдэггүй, хариуцлага тооцдоггүй.

Уул уурхайн ашиг орлогыг дагаад эдийн засаг хөгжих ёстой. Гэтэл улам өрөнд ороод, бонд гаргаад байгаа нь хачирхалтай.

Энэ тохиолдолд уул уурхайгаас олсон мөнгө хаашаа урсаад алга болчихвоо гэсэн асуулт гарч ирж байна?

Засгийн газар Хүний хөгжлийн сан, Тогтворжилтын сан гэгчийг байгуулсан. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар Орон нутгийн хөгжлийн сан гэж үүсгээд ашигт малтмалын нөөц ашигласны татварыг төвлөрүүлэхээр болсон. Энэ сангаас сум болгонд 300-500 сая төгрөгийг  4 итгэлцүүрээр өгч байгаа. Гэтэл нэг асуудал гарсан. Хүний хөгжлийн сангийн  мөнгө нь орлого биш Чалкод тавьсан өр болоод үлдчихсэн. Тэгэхээр ямар нэгэн нөөц хуримтлуулсан гэж үзэх боломжгүй. Тогтворжилтын санд мөнгө байна уу гэвэл байхгүй. Уул уурхайгаас олсон мөнгийг юунд зарцуулчихваа гэхээр дэд бүтцийг сайжруулсан гэж Засгийн газар хариулдаг.  Дэд бүтцийн төслийн санхүүжилт хаанаас гаралтайг судлаад үзэхээр голдуу олон улсын зээл тусламжаар орж ирсэн байдаг.  Тэгэхээр “мөнгө хаачив” гэдэг асуудлыг улам гүнзгий судлах хэрэгтэй болж байна.