Одоо больж үз, бид ямар лалынхан уу
Ерөнхий сайдын зургийг шатаав.
2015.06.11

Одоо больж үз, бид ямар лалынхан уу

Өчигдөр цахим сайтуудаар Ерөнхий сайдын зургийг хэсэг нөхдүүд шатааж байхыг хараад манай улс чинь лалын шашинтай болчихоо юу гэж бодогдлоо.

Төрийн удирдагчынхаа хөргийг шатааж байгаа дүр зургийг бид ойрхи дорнодын улсуудаас л харж байснаас биш эх орондоо бол үгүй. Магадгүй тэнд шатаахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн болоод тэр байх.

Гэтэл бид одоохондоо тийм байдалд хараахан орчихоогүй байна. Монголчууд бид дэндүү давруу хүмүүс. Үнэндээ ардчилсан хувьсгад гарч байх үед хүртэл тэр үеийн залуучууд улстөрийн товчооны дарга нарын зургийг шатааж байгаагүй. Үүнийг санах хэрэгтэй. Одоо 2014 оны төгсгөл рүү харья.

Шинэчлэлийн гэх нэртэй Н.Алтанхуягийн засгийн газрыг УИХ-ын гишүүдийн санал хураалтаар огцруулсан. Анхнаасаа л өмнөх засгийн газрын бурууг залруулах гэж байгуулагдсан Шийдлийн засгийн газрыг Ч.Сайханбилэг тэргүүтэй гурван намаас бүрдсэн сайдуудаар бүрдүүлсэн. /Шийдлийн гэдэг нэрийг өөрсдөө ч өгөөгүй/ Дөнгөж засгийн газраа бүрдүүлээд шууд л ирэх оны төсвийг батлах ажил руу ханцуй шамлан орсон.

Ямартай засгийг удирдаад зургаан сар орчим болохдоо эдийн засагт нөлөөлөх багагүй зүйлийг л хийлээ. Мэдэх хүн нь мэднэ. Гэтэл одоо амтай болгон нь Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй гэж дугарч байна. Ямар сайндаа л Ерөнхий сайдыг тал талаас нь мэрж идэх гэсэн улс төр өрнөж, Тавантолгойн талцал дээр цалин нэм, мөнгө ол, ханш буулга гэсэн үйлдвэрчний эвлэл, улстөрчдийн шахаан дунд Ч.Сайханбилэг хэр удаан тэсэхийг хажуугаас нь харж суугаа хүмүүс хүний, өөрийн намд бишгүйдээ байгаа. Ямар сайндаа л “Ажлаа хийж чадахгүй бол өг. Ерөнхий сайд хийж чадах олон хүн байгаа”-г О.Баасанхүү гишүүнээр хэлүүлж байхав дээ.

Одоо бүр зургийг нь шатааж өөрсдийгөө баясгаж сууна. Магадгүй ардчилал гэдэг буянтай зүйлийн хар тал нь энэ байх. Монголчуудыг зовлонгоосоо суралцдаггүй ард түмэн гэдэг нь яг үнэн. Өнгөрсөн хугацаанд түүхийн хувьд бидэнд олон л шалгуурууд тулгарч байсныг даваад гарсныг түүх гэрчилнэ.

Гэтэл өнөөгийн нийгэм арай л буруу тийшээ эргээд байгаа бололтой. Мэдээж үүнд их бага хэмжээгээр улстөрийнхөн буруутай ч Баабар гуайн хэлдгээр анхдагч шалтгаан нь ард түмэн рүү л чиглэнэ.