Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар гадаадын байгууллагад танилцуулна
2010.10.09

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар гадаадын байгууллагад танилцуулна

Монгол Улсын Засгийн газар 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний төрөлжсөн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудад ирэх 7 хоногт танилцуулна.

 Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглүг хүлээн авч уулзан энэ талаар ярилцаж тохиролцлоо.

 2009-2010 оны өвөл, хавар болсон байгаль, цаг агаарын гамшиг, зудыг хохирол багатай даван туулахын тулд Засгийн газар үе шаттай арга хэмжээ авч, Улсын Онцгой комиссоос гадаад, дотоодын  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хандан малчдад туслах уриалга гаргасан. Үүний дүнд НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд манай улсад 20 гаруй тэрбум төгрөгийн тусламж үзүүлснийг Монгол Улсын Шадар сайд тэмдэглэв.

 Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ оны 12 дугаар сараас нийт нутгаар цас орж, өвөлжилтөд хүндрэл учрах төлөвтэй байна. Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэд хэдэн удаа хэлэлцэн орон нутагт бэлтгэх хадлан, тэжээлийн тоог тогтоож, биелэлтэд нь хяналт тавьж байгаа.

Өнгөрсөн өвлийн гамшиг, зуднаас сургамж авсан малчид, орон нутаг өвөлжилтийн бэлтгэлээ харьцангуй сайн базааж байна. Тухайлбал энэ жил хадлан, тэжээл бэлтгэж байгаа хадлангийн механикжсан салааны тоо гэхэд л улсын хэмжээнд өнгөрсөн оныхтой харьцуулахад 140 хувиар өссөн дүн гарчээ.

Байгалийн гамшиг, зудын улмаас  9,7 сая толгой мал хорогдож, хэдэн арван тэрбум төгрөгийн шууд хохирол учирч, 8700 гаруй өрх огт малгүй болсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.