Баттулга.Д Энхболд.Б 2015.06.12 | Сонин: Нийслэл таймс

Хувьчлах эд хөрөнгөөс төсөвт 51 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ

Хувьчлах эд хөрөнгөөс төсөвт 51 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан.

Үүнтэй холбогдуулан өмч хувьчлалын асуудлаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн өмч хувчлах комиссын орлогч дарга Б.Энхболдоос тодрууллаа.

-Нийслэлийн өмч хувьчлах жагсаалтыг хэрхэн тодорхойлдог вэ?

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу жил бүр нийслэлийн ИТХ хувьчлах обьектын жагсаалтыг баталдаг. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг хувийн хэвшилд шилжүүлж, төсөв бүрдүүлэх замаар хувьчлах обьектын жагсаалтад оруулдаг.

Нийслэлийн 2015 оны төсвийн тодотгол батлахад 24 обьектыг өмч хувьчлалын жагсаалтад шинэчлэн баталсан. Үүнээс энэ онд 51 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Нийслэлийн ИТХ-аас баталсан энэхүү өмч хувьчлалын жагсаалтуудад мэргэжлийн байгууллага үнэлгээ хийж, өмч хувьчлалын комиссын хурлаар хэлэлцдэг. Нийслэлийн өмч хувьчлалын-комисс 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь нийслэлийн Засаг дарга ажилладаг. Энэхүү комисс өмч хувьчлалын доод үнийг тогтоодог.

-Одоогийн байдлаар хичнээн обьектыг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргасан бэ?

“Ионсей найрамдал” эмнэлгийн барилга, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийг дуудлага худалдаанд оруулах шийдвэрийг гаргасан. “Ионсей найрамдал” эмнэлгийн дуудлага худалдааны доод үнийг таван тэрбум 16 сая 113800 төгрөгөөр тогтоосон.

Дуудлага худалдаанд оролцох гэж байгаа иргэн, аж ахуйн нэгж үнийнхээ 10 хувь буюу 501 сая 611380 төгрөгийг төлөөд энэ сарын 26-ны өдрөөс өмнө нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлтээ гаргах юм. Мөн өмч хувьчлалын жагсаалтад орсон үлдсэн обьектуудын доод үнийг энэ сарын сүүлээр тогтооно. Одоогоор эдгээр обьектод мэргэжлийн байгууллага үнэлгээ хийж байна.

-Дуудлага худалдаагаар өмч хувьчилж авсан хүн тухайн обьектоо хуучин зориулалтаар нь ашиглах уу, эсвэл өөр барилга барих уу?

Иргэн, аж ахуйн нэгж тухайн обьектыг өөрийнхөө хөрөнгөөр худалдан авч, нийслэлд тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлж, нийслэлийн орлогын баазыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа учир заавал ийм зориулалтаар, ийм барилга барь гэдэг шаардлага тавихгүй байх шийдвэрийг нийслэлийн өмч хувьчлалын хурлаас гаргасан. Харин өмч хувьчлагчид барилгын дүрэм журам, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой.

-Өмнөх жилүүдэд өмч хувьчлалын жагсаалтад орсон мөртлөө зарагдаагүй барилгуудыг яадаг вэ?

“Нийслэлийн өмч хувьчлалын журам”-д заасны дагуу дуудлага худалдаагаар зарагдаагүй обьектыг өмч хувьчлалын комиссоор дахин оруулж, 40 хүртэлх хувиар бууруулж, үнийн дүнг гурван удаа зарлана. Хэрэв гурван удаа зарлаад сонирхон ирэх^үй бол дахин нийслэлийн ИТХ-д өргөн барьж тухайн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.