Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр тохиож байна
2015.06.12

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр тохиож байна

“ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТ ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ-ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛД ЗА ГЭЖ ХЭЛЬЕ”

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас санаачлан дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, түүнийг устгахад бүх нийтийн дэмжлэгийг бий болгохын төлөө Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болсон юм. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан бөгөөд зорилтдоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулах зорилготойгоор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье- Чанартай боловсролд ЗА гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

• Өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа олон хүүхэд огт сургуульд хамрагдахгүй байна. Зарим нэг нь сургууль, ажлыг хослуулж байгаа боловч боловсрол нь хоцрогдох хандлагатай байна. Нэгэнт чанартай боловсрол, ур чадвар эзэмшиж чадаагүй хүүхэд насанд хүрсэн хойноо цалин багатай, баталгаагүй ажил эрхлэх эсвэл огт ажил хийж чадахгүйд хүрдэг. Энэ харилцан хамааралтай амьдралын мухардмал тойргийг таслах нь дэлхийн нийтийн асуудал болоод байгаа бөгөөд үүнтэй тэмцэхэд боловсрол чухал нөлөөтэй.

• Үнэгүй, бүх нийтийн, чанартай боловсролыг хөдөлмөр эрхлэх хамгийн доод нас хүртэлх бүх хүүхдүүдэд түгээх нь хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоох хамгийн гол арга мөн. Сургуульд хамрагдсанаар хүүхэд ажлын орчноос хөндийрч хожим зохистой ажил хөдөлмөр эрхлэх үндсэн ур чадварыг эзэмшдэг.

Залуусын сурагчийн ширээнээс хөдөлмөрийн зах зээлд хөл тавих үед тулгарч буй бэрхшээлээс харахад тэдэнд зохистой хөдөлмөр эрхлэхэд мөн амьдралд хэрэг болохуйц ур чадвар эзэмшүүлэх чанартай, ач холбогдол бүхий боловсрол нэн хэрэгтэй байна. 

• Мянганы Хөгжлийн Зорилтод НҮБ-аас 2015 он гэхэд бүх эрэгтэй эмэгтэй хүүхдүүд суурь боловсрол эзэмшинэ гэж тусгасан. Энэ зорилт биелэх боломжгүй гэдгийг бид харж байна. UNESCO /Олон Улсын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага/-аас гаргасан сүүлийн үеийн сургуульд хамрагдалтыг тандсан судалгаагаар суурь боловсролын насны 58 сая хүүхэд, дунд болон бүрэн дунд боловсролын насны 63 сая хүүхэд сургуульд хамрагдахгүй байгаа гэсэн тоо гарчээ.

Сургуульд хамрагдаж байгаа хүүхдүүдээс тогтмол суралцаж чадахгүй байгаа нь мөн их байна. Олон улсын нийгэмлэгээс үүний шалтгааныг судлан үзэхэд боловсрол, хөгжилд хүрэх хамгийн том саад нь хүүхдийн хөдөлмөр байна. Хэрэв хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг үл тоомсорлон, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт муу бол сургуульд сурах ёстой хүүхэд ажил хийсээр байх болно. Тиймээс эдгээр хүүхдүүдийг олж илрүүлэх, хүрч ажиллахын тулд үндэсний болон орон нутгийн хэмжээнд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Хамгийн түрүүнд авах арга хэмжээ

• Үндэсний хууль тогтоомж тогтвортой, үр дүнтэй байх ёстой
• Чанартай боловсрол, багшийн мэргэжилд хөрөнгө оруулахад анхаарах
• Ахиц дэвшилтэй үйл ажиллагаа зохион байгуулах 
Энэ жилийн Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрөөр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийн Хөдөлмөрийн Тэвчишгүй хэлбэрүүдийн Эсрэг үндэсний сүлжээ хамтран хүүхдийн хөдөлмөр нэн ялангуяа аюултай ажлын хор холбогдлыг Шийдвэр гаргагчид болон ерөнхий боловсрлын сургуулийн багш нар, сурагчид, олон нийтэд таниулах, хүүхдийн хөдөлмөрийн асуудалд анхаарлыг нь хандуулах зорилготой дараахь үйл ажиллагааг зохион байгуулж байна.

1. Үндэсний хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, сурагчдад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, хор уршгийг таниулсан видео хичээлийг 5 сарын 27-29 ны өдрүүдэд зохион байгууллаа.

2. Хэвлэийн бага хурал 2015.06.12 нд зохион байгуулна. 

3. Хөдөлмөр эрхлэгч хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн: Уламжлал болгон зохион байгуулж буй өөр нэг арга хэмжээ бол хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээн. Энэ жил хөлбөмбөгийн тэмцээнийг 7 дах жилдээ зохион байгуулах гэж байна. Тэмцээний нээлт 2015 оны 6-р сарын 12-ны өдөр ЧД-ийн Ерөнхий боловсрлын 5-р дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд 10:00 цагт эхэлнэ. 

Тэмцээнд хөдөлмөр эрхэлж буй хөвгүүдээс бүрдсэн 8 баг, хөгжөөн дэмжигч охидын 6 баг оролцоно. Энэхүү арга хэмжээ нь хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд дуртай спортоороо хичээллэх боломж олгохоос гадна тэдэнд урам хайрлах, зорилготой байх, зорилгодоо хүрэх итгэл үнэмшилийг нь дэмжихэд чухал ач холбогдолтой. 

4. “Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье- Чанартай боловсрлд ЗА гэж хэлье” видео хичээлийг 6-р сарын 12 ны өдөр Монголын үндэсний телевизүүдээр гаргахаар төлөвлөж байна.