Бүтээе гэсэн хүн  хэзээ ч шалтаг хайдаггүй
Чингэлтэй дүүргийн Бизнес Инкубатор төвийн захирал С.Энхтайван
2015.06.13

Бүтээе гэсэн хүн хэзээ ч шалтаг хайдаггүй

Жижиг дунд үйлдвэрлэгчид бол Монголын эдийн засагт тодорхой орон зай эзэлж яваа бүлэг билээ. Тэдэнд бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх, илүү боловсронгуй болгоход нь Төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Тиймээс ч хэдэн жилийн өмнөөс аймаг орон нутаг болон нийслэлийн дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес Инкубатор төвүүдийг /БИТ/ байгуулсан билээ. Тэдгээрээс илүү өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдгаараа Чингэлтэй дүүргийн Бизнес Инкубатор төв онцгойрдог. Байгуулагдаад дөрвөн жил болж буй ч чамлахааргүй амжилтад хүрсэн тус төвийн захирал С.Энхтайвантай ярилцлаа.

-Оюутан нас тань зах зээлийн нийгмийн шилжилтийн эгзэгтэй үед таарчээ. Ганзагын наймаа руу нийтээрээ хошуурсан үед Та сурахыг сонгоо юу?

Би 1992 онд дунд сургуулиа төгссөн юм. Ерээд оны залуусын хамгийн гол сонголт их сургууль биш ганзагын наймаа байлаа. Сургуулиа төгсөж буй ангийнхан, тэр дундаа ангийн маань хөвгүүдийн хүсэл зорилго ерөөсөө л наймаа хийж, урдаас хойшоо бараа зөөх байв.

Их, дээд сургуульд сурна гэсэн итгэл үнэмшил хөдөө орон нутагт бол бараг л  байгаагүй. Нутгаасаа хамтдаа хотод ирсэн хөвгүүдээс би л ганцаараа оюутан болж үлдсэн юм. Оюутан болоод ч ганзагын наймаа руу урвах нь их байлаа. Манай анги гэхэд 30 гаруй оюутантай байсан ч 18 нь л сургуулиа төгссөн.

Оюутан боллоо гээд би бас зүгээр байгаагүй ээ. Юм юм л оролдож үзсэн. Намайг оюутан байхад эхний хоёр жилд улсаас оюутнуудад тэтгэлэг өгдөг байлаа. Гурав дахь жилээс тэтгэлэг зогссон. Тэтгэлэггүй болчихоод Сүхбаатарын талбай дээр гэрэл зураг авч, хэрэндээ өөрийн гэсэн бизнес эрхэлж үзэв. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдал, миний туршлага дутмагаас гэрэл зургийн ажил олигтой явж өгсөнгүй.

Тэгээд найзынхаа зөвлөснөөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн албанд шалгалт өгсөн юм. Тэнцээд оператороор ажиллах боллоо. Тэнд оператораас ахлах мэргэжилтэн болтлоо ажилласан. 2005 онд ажлаасаа гарч, хувийн хэвшил рүү орсон юм. Би 2005-2011 оны хооронд гурван ч компанид ажиллаж, маркетингийн менежерээс гүйцэтгэх захирлын албыг хашсан. Энэ он жилүүдэд би маш ихийг сурсан.

-Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвд хэзээнээс ажиллах болсон юм бэ?

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн албанд ажиллаж байхад минь манай албаны дарга байсан Д.Цацрал маань энэ ажлыг санал болгосон юм. “Дүүрэгт ажиллаж байсны хувьд аж ахуйн болоод нийгмийн асуудлаа сайн мэднэ.

Нөгөө талаар хувийн хэвшилд ч ажиллаж байсан туршлагатай учраас шинээр байгуулагдаж байгаа энэ газрыг аваад явчихгүй юм уу” гэсэн. Шалгаруулалтад орж тэнцээд 2011 оны арванхоёрдугаар сард эзэнгүй байшин хүлээж аваад ажлаа эхэлж байлаа. Хүмүүс шинэ жил тэмдэглээд баярлаж цэнгэж байхад би шинэ ажил эхлүүлэх гээд завгүй гүйж явлаа шүү дээ.

-Хувийн хэвшилд цөөнгүй жил ажиллаад эргээд төрийн байгууллагад ирэхдээ ажлаа юунаас эхэлье гэж бодсон бэ?

Хувийн хэвшилд ажиллах үедээ төрийн байгууллагын хүнд суртлыг нэлээд мэдэрсэн гэх үү дээ. Элдэв зөвшөөрөл авах, дүгнэлт гаргуулах, батлуулах гээд бичиг цаасны ажил хөөцөлдөхөд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгдөггүйгээс нааш цааш дахин дахин гүйлгэж, ажил уддаг зэрэг нь их түвэгтэй санагддаг байсан л даа.

Тиймээс багаа бүрдүүлчихээд хамгийн түрүүнд маш тодорхой нэг л шаардлага тавьсан. “Бид төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа улсын байгууллагын албан хаагчид. Элдэв хүнд суртал гаргаж, хүн гомдоох юм бол ажлаас халагдах гол шалтгаан болно шүү” гэдгийг хатуу сануулсан. Ажлынхан маань ч энэ шаардлагыг зөвөөр хүлээж авсан.

Тодорхой ажил гэх юм бол мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхээс ажлаа эхэлсэн. Анх ажил авахад дүүргийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийн судалгаа нэлээд зөрүүтэй байсан л даа. Тиймээс эн тэргүүнд мэдээллийн нэгдсэн сантай болоход ажлаа чиглүүлсэн. Үр дүнд нь бусад БИТ-үүдэд байхгүй мэдээллийн бааз бүхий програмыг бий болгож чадлаа.

Энэ мэдээллийн сангаас манай дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчидтэй холбоотой бүхий л мэдээллийг харж болно. Тухайлбал, Дулмаа гэдэг өрхийн үйлдвэрлэгч хэдэн удаа ямар үзэсгэлэнд оролцсоноос эхлээд бүхий л мэдээллийг энэ сангаас харах боломжтой гэсэн үг.  

-Төрийн байгууллага болон хувийн компанид ажиллах үедээ олж авсан туршлагууд тань БИТ-ийг удирдахад багагүй тус дөхөм болдог байх?

Хүн 30 нас хүртлээ өөрийгөө хайдаг гэдэг. Өнгөрсөн хугацаанд хийж байсан ажлууд, олж авсан туршлага бүхэн маань өөрийгөө хайсан эрэл хайгуул байсан. Тэр бүхэн өнөөдрийг Энхтайваныг бий болгосон. Өөрийгөө бусадтай, найзуудтайгаа ч юмуу харьцуулаад үзэхэд би мэдсэн зүйлээ хүнтэй хуваалцах, зөвлөгөө өгөхдөө дуртай.

Цаашлаад хүнд тусалж, түүнээсээ сайхан мэдрэмж авахдаа сэтгэл хангалуун байдаг. Тухайлбал, бизнесмен хүн “Би их ашиг оллоо, их мөнгө оллоо” гэж баярладаг бол миний хувьд “үүнийг бүтээчихлээ, түүнд тусалж чадлаа шүү” гэж бодох хамгийн кайфтай байдаг.

Ер нь амжилтын үндэс бол хийж буй ажилдаа дур сонирхолтой байх гэж ойлгодог. Хүн дуртай зүйлдээ, дурласан ажилдаа бүх сэтгэл зүтгэлээ зориулдаг шүү дээ. Би хийж буй ажилдаа сэтгэлээ зориулдаг. Зүгээр л цаг нөгцөөж, ажлаа түвэгшээж ажиллах юм бол ямар ч үр дүн хүлээх хэрэггүй.      

Сүүлийн үед сургууль төгсөж буй залууст төрийн албанд орчих юмсан гэсэн хандлага их байна. Залуучууд төдийгүй нийгэм тэр чигээрээ ийм хандлагатай болчихсон юм шиг. Үүнийг та юу гэж боддог вэ ?

Залуу хүн юм сурья, бусдаар өөрийн чадвараа үнэлүүлье гэж бодвол хувийн хэвшилд ажиллах хэрэгтэй. Тэр тусмаа 35 нас хүртлээ хэн нэгэнд “зарагдах” хэрэгтэй гэж би боддог.

Энэ хугацаанд амжиж ихийг сурч, хүн өөрөө капитал болох нь чухал. Үүний тулд мэдлэг боловсролоос гадна ажлын ур чадвар, зохих туршлага хэрэгтэй. Тэгж байж бусдаар үнэлэгдэнэ. Жишээлэхэд, сургууль төгсөөд удаагүй 25 настай залуу “би захирлын ажлыг хийж чадна” гэж хэчнээн цээжээ дэлдээд хэн ч итгэж захирал болгохгүй шүү дээ.

Хүн ямар ч салбарт ажиллалаа гэсэн эргэн тойрных нь хүмүүс харж, үнэлж байдаг. Тэгж үнэлэгдтэлээ зогсолтгүй өөрийгөө хөгжүүлэх нь маш чухал. Ажил олгогчоос тавих шаардлага жил ирэх тусам өндөрсөнө. Гэтэл залуус төрийн байгууллагад амар хялбар ажил хийгээд, хурдхан орон сууц, машинтай болно гэж боддог нь буруу хандлага юм. Эхний ээлжинд хувийн хэвшилд ажиллаад үзэх хэрэгтэй. Эндээс ихийг сурна шүү.

Ажил хийж байгаа хүнд саад бэрхшээл мундахгүй. Нэг аятайхан төсөл хэрэгжүүлж байтал өөрөөс шалтгаалахгүйгээр удаашрах, эсвэл бүр таг зогсоход хүрч байв уу? Үүнд нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ?

Монголд хүний нөөц, санхүүгийн нөөц гэсэн хоёр үндсэн шалтгаанаас болж ажил гацдаг, зогсдог. Гэхдээ аливааг болгоё, бүтээе гэсэн хүн хэзээ ч шалтаг хайдаггүй. Манай БИТ-ийн төслүүд тасралтгүй үргэлжилж буйн шалтгаан ердөө л энэ. Энэ аргаар болохгүй бол ийм аргаар үзье гээд оролддог. Сул талаа хэрхэн давуу тал болгох вэ, ингэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохих вэ гээд асуудлыг олон талаас нь харахад шийдэл аяндаа гардаг.

Тухайлбал, манай жижиг, дунд үйлдвэрлэгчид “бараа борлогдохгүй байна” гэж ярих нь түгээмэл. Ингэж ярьж байгаа бол тэр хүн үйлдвэрлэгч биш сонирхогч. Үйлдвэрлэгч бол борлуулах гарцыг хайх ёстой. Зах зээлийн өрсөлдөөнд хүн тууштай байж л амжилтад хүрнэ. Нэг зүйл хийж байснаа эргэж буцаад, өөр нэгийг нь барьж аваад, тэгснээ түүнийгээ хаяад байвал юунд ч хүрэхгүй. 

Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төв томоохон ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?  

Хамт олны маань хүчин зүтгэлээс гадна дүүргийнхээ дэмжлэгийн үр дүнд үндсэн Бизнес инкубатор төвөөсөө гадна төрөлжсөн гурван ч төвийг байгуулж, үйл ажиллагааг нь зүгшрүүллээ. Оёдол сүлжмэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв, Сийлбэрийн төвүүдээ хөл дээр нь баттай зогсоох, үйл ажиллагааг нь өргөжүүлэхээр ажиллаж байна.

Бид үйлдвэрлэгчдийнхээ  бүтээлээр жил бүр “Хамтдаа хөгжье” сэтгүүлийн тусгай дугаарыг бэлтгэдэг юм. Жилээс жилд үйлдвэрлэгчдийн маань бүтээлүүд хэрхэн чанаржиж, үйл ажиллагаа нь өргөжиж байгааг сэтгүүлийн хуудаснаас харж болно.

Мөн гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй хамтран, сургалт, хэлэлцүүлгүүд тогтмол зохион байгуулдаг. Манай үйлдвэрлэгчдэд бизнес эрхлэхэд шаардлагатай тодорхой мэдлэг, мэдээлэл маш их хэрэгтэй байдаг.

Нэгэн гэр бүл шиг гэдэг үг сайхан сонстож байна. 

Түүнчлэн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ нийгмийн хариуцлагатай болгох үүднээс “Хамтдаа” хөтөлбөр хэрэгжүүлж, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажил өрнүүлдэг уламжлал тогтоод байна. “Хамтдаа мод тарья” аянаар үйлдвэрлэгчидтэйгээ хамтран өөрсдөө мод тарихаас гадна 150 гаруй өрх айлд суулгац олгосон. “Хамтдаа амьдрал бэлэглэе” уриан дор үйлдвэрлэгчид маань улирал бүр цусаа өгч, эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд хувь нэмрээ оруулдаг уламжлалтай.

-“Хамтдаа амьдрал бэлэглэе”, “Хамтдаа хөгжье” хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанаас харахад Бизнес инкубатор төвд харьяалагддаг бойжигчид нэгэн гэр бүл шиг санагдлаа. Хэчнээн жижиг, дунд үйлдвэрлэгчид энэ ам бүлд багтаж байна вэ ?

Нэгэн гэр бүл шиг гэдэг үг сайхан сонстож байна. Тийм ээ, бид нэг гэр бүлийнхэн. Энэ том гэр бүлийнхээ бойжигчдыг бид үндсэн болон сүлжээний гэж ангилдаг юм. Үндсэн гэдэг ажлын байраар бүрэн хангагдаж, тэндээ үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулдаг хүмүүсээ хэлж байгаа юм.

Сүлжээний бойжигчид нь өөрийн ажлын байртай эсвэл гэртээ үйлдвэрлэл эрхэлдэг ч БИТ-өөс зохион байгуулдаг бүхий л үйл ажиллагаанд оролцож, мэдээллээр хангагдаад явдаг хүмүүс. Энэ цаг үед өрсөлдөөнд давуу тал олж амжилтад хүрэх нэг гарц бол мэдлэг, мэдээлэл.

Утас, мессеж үйлчилгээ, интернет сүлжээ гээд мэдээлэл хүргэж болох бүх л сувгийг бид өргөнөөр ашигладаг.

Мэдээллийн давуу талыг олж авахын төлөөх өрсөлдөөн эрчимжиж байгаа энэ үед бизнес эрхэлж байгаа хүн мэдээллээс хоцорч болохгүй. Түүнд бид чадах бүхнээрээ тусалдаг. Чингэлтэй дүүрэгт 700-800 орчим хүн байнгын үйлдвэрлэл эрхэлж байна. БИТ байгуулагдсанаас хойш бид 1670 гаруй хүнд төсөл бичихэд нь сургалт явуулах, зөвлөгөө өгөх болон бусад хэлбэрээр туслалцаа үзүүлсэн байна.

-Аль ч дүүргийн БИТ-д байхгүй мэдээллийн сан бүхий програмтай болсон гэлээ. Мэдээллийн сангийн ашиг тус юугаар илэрч байна вэ?

Бид мэдээллийн нэгдсэн бааздаа суурилаад бүх үйлдвэрлэгчдэдээ мессежээр нэгэн зэрэг мэдээ мэдээлэл хүргэж чадна. Мэдээллийн ажилтнууд маань үйлдвэрлэгчидтэйгээ утсаар байнгын харилцаатай ажилладаг. Утас, мессеж үйлчилгээ, интернет сүлжээ гээд мэдээлэл хүргэж болох бүх л сувгийг бид өргөнөөр ашигладаг.

Хамгийн сүүлд гэхэд л МҮХАҮТ-д “Бичил бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн” болох зарыг бүх бойжигчдоо нэгэн зэрэг хүргэсэн. Үр дүн нь ч бодитоор харагдсан. Бичил бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн дээр дүүргүүдийн БИТ-үүдийн дарга нар л цугласан байсан. Үйлдвэрлэгчдээс зөвхөн манай бойжигчид очсон. Өөр газраас ирээгүй байх жишээний. Мэдээлэл ямар чухал болохыг манай үйлдвэрлэгчид маш сайн ойлгож байгаа.

-Таны хувьд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Энэ ажлын хажуугаар Төлөөлөгчийнхөө ажлыг хэр амжуулж байна вэ?

Амжуулахыг хичээдэг. Миний хувьд жагсаалтаар сонгогдсон төлөөлөгч. Гэхдээ хариуцсан хороотой. Төлөөлөгчийн өдөр зохион байгуулж, хорооныхоо иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно. Ерөнхийдөө иргэд маань УИХ-ын гишүүн ч юм уу, нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг хүслийг биелүүлэгч шидтэн мэтээр хандах хандлага түгээмэл ажиглагддаг. Энэ хандлага  арилахад хугацаа орох байх л даа.

Гэхдээ төлөөлөгч хүнд хийх ажлууд их бий. Зайлшгүй шийдэх ёстой асуудлууд ч байна. Шийдэх боломжтойг нь шийдээд, боломжгүйг нь шийдэх ёстой түвшинд нь уламжлан, хөөцөлдөнө. Төлөөлөгчийн хувьд шийдэж чадах зүйлээ аль болох чанартай, урт удаан хугацааны эдэлгээтэй хийчихийг эрмэлздэг. Энэ  бол миний зарчим. Магадгүй Энхтайван гэж хүн энд дөрвөн жил төлөөлөгчөөр ажиллалаа гэхэд дараа өөр хэн нэгэн тэр ажлыг хийнэ шүү дээ. Гэхдээ Энхтайван үүнийг хийсэн юм шүү гэж үлдэх зүйлийг л хийж бүтээхийг боддог.

Аливаа зүйл харж байгаа өнцөг болгоноос өөр шүү дээ. 
-Зарим дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нам бүлгээрээ нэлээд зөрчилддөг. Танай дүүргийн хувьд зөрчил тэмцэл хэр их вэ?

Мэдээж зөрчилдөх зүйл байлгүй яахав. Аливаа зүйл харж байгаа өнцөг болгоноос өөр шүү дээ. Тиймээс ойлголтын зөрүүг арилгахын тулд хуралдана, хэлэлцэнэ. Төлөөлөгчид тодорхой асуудал дээр мэдлэг, мэдээлэл дутмагаас болж, ойлголтын зөрүү их гардаг.

Ихэнх цагаа танин мэдэхүйн асуудалд хандуулаад, түүндээ маргаан үүсгэх нь их. Гэтэл шийдэх асуудал маш их байдаг. Зарим нэг нь сандал, суудлын асуудал ярихдаа илүү дуртай байх жишээтэй. Тиймээс тодорхой шалгуур тавиад, нэг ойлголттойгоор явахгүй бол асуудал шийдэгдэхгүй.

-Амжилттай яваа хэн нэгний ард найдвартай ар тал нь болдог гэр бүл байдаг. Гэр бүлээ танилцуулахгүй юу ?

Тийм ээ, аливаа амжилт гэр бүл, тэр дундаа хүний ханиас их шалтгаалдаг. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар гэр орныхоо ажлыг амжуулж, хань нөхрийнхөө сайн ар тал болж явна гэдэг үнэхээр агуу зүйл. Эмэгтэй хүний үүрдэг ачаа, энэ бүх үүрэг, хариуцлагыг юутай ч зүйрлэхийн аргагүй.

Миний хувьд заримдаа ажил ихтэй үед зочид буудалд амьдарч байгаа хүн шиг л явах нь бий. Эхнэрээсээ хааяа “Орой ирж идэж унтчихаад өглөө нь угаасан хувцсыг маань өмсөөд л гарч байна шүү” гэсэн үгийг сонсоод байгаа. Тиймээс сүүлийн үед гэр бүлдээ цаг зав гаргахыг их хичээж байна.

-Тэгвэл өөртөө тусгайлан цаг гаргадаг уу?

Би өглөө эрт босдог. Ажлын өдрүүдэд өглөө 6-7 цагийн хооронд гүйнэ. Энэ маань л өөртөө гаргаж байгаа цаг юм даа. Амралтын өдрөөр бол өглөө ууланд алхана. Ингэж ажлын ядаргаа, стрессээ тайлдаг. Одоо том хүүтэйгээ хамт алхдаг болсон. Энэ цагаа ашиглан хүүтэйгээ ярилцах гээд дэвшил гарч байна л даа. (инээв) Сүүлийн үеийн техник технологийн дэвшлээ дагаад хүүхдүүдэд сатаарах зүйл маш их болжээ. Түүнийг дагаад хүмүүс хоорондын амьд харилцаа үгүй болж байх шиг санагддаг. Тиймээс аль болох хүүхдүүдтэйгээ ярилцахыг, хамтдаа цагаа өнгөрөөхийг боддог.