Э.Бат-Үүл даргын далбаан доор хэсэг нөхөд “галзуурч” байна
Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд
2015.06.22

Э.Бат-Үүл даргын далбаан доор хэсэг нөхөд “галзуурч” байна

Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдтой уулзаж, тус дүүргийн ажил амьдрал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Та сайхан зусч байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайхан зусч байна аа. Намайг Арслангийн Ганболд гэдэг. Налайхын уурхайд олон жил ажилласан. Дорнодын буриад хүн дээ. Одоо Налайх дүүрэгтээ ажиллаж амьдарч байна.

-Дүүрэг орон нутгийн ажил амьдрал ямархуу байна даа . Налайх дүүрэг хөгжлөөр нэг л хоцрогдмол байдалтай байх юм. Энэ талаар та нөхөд нэг л санаачлага багатай ажиллаад байх шиг?

Тиймээ, Нийслэлд хамгийн ойр, дэд бүтэц сайтай аялал, жуулчлал үйлдвэр технологи хөгжиж болохуйц хамгийн тохиромжтой газар нутгийн байршилд Налайх дүүрэг оршдогоороо онцлогтой. Социалист системийн үед Улаанбаатар хотыг гэрэл цахилгаан дулаанаар хангаж байсан ганц уурхай нь Налайхын уурхай байсан. Уурхай хаагдсанаас хойш хорь гаруй жилийн хугацаанд олон арван уурхайчид, тэдний үр хүүхдүүд өнөөдрийг хүртэл ажилгүй орлогогүй өвөлдөө нүүрсний ам цооног ухаж амьдрахын тулд амь насаараа дэнчин тавьж, өл залгуулж байна.

Үндсэндээ дүүрэг маань төр засгийн дэмжлэг туслалцаа, Налайхыг хөгжүүлэх дорвитой ажил, бодлого боловсруулаагүйгээс хөгжилгүй, ажлын байргүй, тарчигхан ийм л дүр зурагтай явсаар өдий болтол явлаа. Ер нь аль ч засаг, улстөрийн нам хүчний үед ийм л байх ёстой газар юм уу даа. 2012 оны сонгуулиар ардчилсан нам гурван шатандаа бүх эрх мэдлийг авсан.

Одоо л нэг гайгүй дорвитой ажил хийгдэх болов уу гэж харж байтал ёстой л “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч болж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд улс орныг ч жинхэнэ сөхрүүлж байна даа. Одоо Налайх хөгжиж цэцэглэнэ гэх итгэл найдвар миний төсөөлж байгаагаар л лав ойрын 10 жилд харагдахгүй байна. Энэ онд бид Налайхын уурхай үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажил, энэ тэр гэсэн аар саархан ажлаар л аргацааж байна.

-Та ИТХ-ын даргаар ажиллаж байгаа хүний хувьд дүүрэг орон нутгийнхаа ажил амьдралд сэтгэл дундуур байдаг юмаа даа?

Би ардчилсан үзэлтэй хүн. Тиймдээ ч шударга зан чанарыг эрхэмлэдэг. Ардчилсан нийгэм бүрэлдэн бий болоход сэтгэл зүрхээрээ гар бие оролцож явсан хүний хувьд үзэл бодолдоо үнэнчээр зүтгэж яваа уурхайчин хүн. Ардчиллын далбаан дор амин хувийнхаа ашиг сонирхолд хөтлөгдөн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж төр түмний өмч хөрөнгийг идэж уудаг хэсэг бүлэг авилгачдыг илрүүлж, тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор тэмцсэнийхээ төлөө өнөөдөр янз бүрийн заналхийлэл, айлган сүрдүүлэлт, дарамт, доромжлолын доор төрийн ажлаа ч амар тайван хийж чадахгүйд хүрээд байна. 

-Тухайлбал ямар хүмүүс?

Үүнийг Налайхын ард иргэд бүгд мэдэж байгаа. Одоо дүүргийг толгойлж байгаа огцорсон Засаг дарга Хасбазарын Болдбаатар болон түүний зөвлөх гэж өөрийгөө өргөмжилсөн Очирын Ганболд тэргүүтэй хэсэг бүлэг нөхдийн дур зоргоороо аашилдаг, дүүрэг орон нутгийн төсөв мөнгийг амин хувьдаа ашигладаг, авилгал авдаг, зуучилдаг гэх мэт хууль бус үйлдийнх нь талаар иргэдээс маш их гомдол санал мэдээлэл ирдэг. Би энэ бүхнийг нь эхэндээ дээрх нөхдөд нөхрийн ёсоор олон удаа хэлж анхааруулсан. Харамсалтай нь миний үгийг нохой хуцахын чинээ тоогоогүй.

Эцэст нь 2014 оны 12 дугаар сарын 19-нд дүүргийн ИХ хуралдаж олон төлөөлөгчөөс баримт нотолгоотой санал шүүмжлэл гаргаж нийт төлөөлөгчдийн 56 хувийн саналаар Х.Болдбаатарыг Засаг даргаас нь огцруулсан шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргад уламжилсан. Гэвч өнөөдрийг хүртэл ямарч шийдвэр гаргаагүй. Би төрд шалз шиг наалдсан авилгачдын толгойг Э.Бат-Үүл өөгшүүлэн илсээр эцэстээ Налайх гэдэг дүүрэг албан ёсны Засаг дарга ч үгүй, хурлын дарга ч үгүй эзэнгүй явсаар хагас жилийн нүүр үзлээ.

-Тэгэхээр одоогийн байгаа Засаг дарга Х.Болдбаатар эрх зүйн чадамжгүй дарга гэж ойлгож болох уу?

Эрх зүйн чадамж ч байхгүй. М Мөн дүүрэг орон нутгийг удирдаж чиглүүлээд аваад явах чадвар ч байхгүй. Энийг Налайхын толгойтой бүхэн мэднэ дээ.

-Х.Болдбаатар өмнө нь ямар алба хашиж байсан хүн бэ?

Энэ нөхрийг Налайхын орон сууцны конторт механик слесариар ажиллаж байсан цагаас нь л мэднэ. Төрийн албаны дадлага туршлага байхгүй. 2012 оны сонгууль Х.Болдбаатар нарт боломж олгож нэг өглөө босоход нь л “Бушхүүгийн үлгэр” кинонд гардаг шиг л юм болсон л доо.

-Хууль дүрэм зөрчсөн албан тушаалтнуудын талаарх гомдлоо хуулийн байгуулагад гаргаж, шалгуулсан уу?

Х.Болдбаатар тэргүүтэй нөхдийн идэж уусан, авилгал авсан хууль дүрэм зөрчсөн зэрэг иргэдээс ирсэн мэдээллүүдийг нэгтгээд шалгах ёстой газар нь явуулсан. Мөн олон арван иргэд эдгээр нөхдийн авилгалтай холбоотой баримт мэдээллүүдийг АТГ-т өгсөн гэх сураг сонссон.

Үндсэндээ нөхөр Хасбазарын Болдбаатар тэргүүтэй авилгачдад хоёр газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар надад албан бичиг ирүүлсэн. АТГ болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар надаас олон удаа байцаалт авч эдгээр нөхдийн хууль бус үйлдийн талаар асуусан зүйлүүд бий.

-Ямар учраас хоёр газар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

Тэр талаар сайн мэдэхгүй байна, бодвол шалгах чиглэл нь өөр юм болов уу.Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт Х.Болдбаатар, төлөөлөгч Мэндийн Дашхүү, төлөөлөгч Моононгийн Өсөхбаяр нарт холбогдуулан эрүүгийн тоот хавтаст хэрэг нээн шалгаж байгаа талаар надад мэдэгдсэн. Тэгэхээр шалгагдаж байгаа хэргийн талаар би дэлгэрэнгүй ярих нь зохимжгүй биз ээ. Ямар ч байсан хууль хяналтын байгууллагууд үнэнийг тогтоож ард нийтэд мэдээллэх байх.

-Шалгагдаж байгаа газар нь хаана юм бэ?

АТГ Х.Болдбаатар, Засаг даргын орлогч Чимэдийн Одонхүү, Засаг даргын зөвлөх Очирын Ганболд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдэгдсэн. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ч олон удаа цацагдсан даа. Олон түмэн мэдэж байгаа. Гагцүү хуулийн байгууллага яаж шийдвэрлэх үлдсэн. Ч.Одонхүү Оч.Ганболд гэж нөхөд жинхэнэ жижиг газрын их авилгачид болж хувирсан.

-Ийм олноороо эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагийн гол шалтгаан нь юу юм бол?

Улс орон төр түмнээ боддоггүй, сохор азаар төрийн алба хашсан нөхөд юун түрүүнд төр түмнийхээ төлөө гэх сэтгэл гаргахын оронд олдсон ганц боломжийг ашиглаж, идэж ууж аваад сонгуулийн хугацаагаа дуусгаад зайлахыг бодож ажиллаж байгаатай л холбоотой. Мөн төрийн албаны дадлага туршлагагүй, боловсрол мэдлэггүй нөхдөд эрх мэдэл очихоор төр түмнийг самарч дуусгадгийн яруу тод жишээ энэ байна.

Боловсрол мэдлэггүй ч гэлээ ядаж л төрөөс хулгай хийж төрийн халаасанд гар дүрдэггүй л байх хэрэгтэй. Оч.Ганболд гэж нөхөр байна. Сүүлийн үед булхай луйварыг нь ил гаргаж дэлгэлээ гэж над руу элдэв янзаар дайрч, заналхийлж байна. Ална, тална гэж өчнөөн их дайрч давшилж байгаа нөхөр.

Сүүлдээ амь нас, эрүүл мэндэд улаан цайм заналхийлж барьж авдаг болсон. Өнгөрсөн гурван өдөр л гэхэд Засаг дарга Х.Болдбаатар түүний зөвлөх Оч.Ганболд нар намайг гудамжинд барьж авч ар гэр, амь насанд хүртэл заналхийлж толгойд гар хүрсэн. Энэ талаар цагдаад гомдол гаргаж өгсөн байгаа.

Үүний өмнө Моононгийн Өсөхбаяр гэж гэдэг нөхөр байсан. Би их хүнд дарамт заналхийлэл дунд амьдарч байна. Эдгээр ёс зүйгүй этгээдийг хамгаалан хайцаалж дээрээс нь толгойг нь илдэг нөхөд ч байдаг бололтой. Нийслэлийн ИХ-ын дарга С.Баттулга, Хотын захирагч Э.Бат-Үүл нарын нэр сүрээр далайлгасан ийм этгээдүүд Нийслэлийн захад ёстой л “галзуурч” байна даа.

-Оч.Ганболд гэдэг нь Налайхын хүн үү. Өмнө нь ямар ажил алба хашиж явсан хүн бэ?

Тийм ээ Налайхын хүн. Энэ нөхөр бол уурхайн цооног ухахаас өөр ажил эрхэлж байгаагүй, бичиг үсэг ч тайлагдаагүй нэгэн. Гэтэл энэ хүний оролцохгүй ажил, шийдвэрлэхгүй асуудал гэж Налайх дүүрэгт байхгүй боллоо. Бүр сүүлдээ дүүргийн ИТХ үйл ажиллагаагаа хүртэл хэвийн явуулж чадахааргүй байдалд орсон. Хэзээ хуралдаж, хэрхэн, ямар шийд гаргахыг хүртэл зааварчилдаг болсон.

Ямар сайндаа манай хурлын төлөөлөгч доктор С.Нэргүй хамба иргэдийн хурал дээр 35 үсэг тайлагдаагүй Оч.Ганболд мэтийн нөхөд төрийн албыг төрлийн алба болгож байгаа талаар үнэн бодит байдлыг нь шүүмжилсний төлөө төлөөлөгч С.Нэргүйн талаар гүтгэлгэ тарааж 3000 га газар ашиглах гэсэн, тэрийг нь өгөөгүй учраас Х.Болдбаатарыг огцрууллаа гээд л гүтгэсэн.

Үнэндээ бол тэр газар нь Налайхын нутаг дэвсгэрт хамааралгүй шахуу ихэнх нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт харьяалагддаг. Тиймээс л олон жилийн тахилгатай хайрхан уулыг хамгаалж моджуулж цэцэрлэгжүүлье гэсэн санал хүсэлт л гаргасан. Тэрийг авсан ч юм байхгүй, өгсөн ч юм байхгүй. Тэгээд ч Налайх дүүрэгт маань тийм хэмжээний газар байхгүй гэдгийг эдгээр нөхөд сайн мэдэж байгаа. 

Бүх зүйл Х.Болдбаатарын заавраар хийгдэж, Оч.Ганболд гэдэг энэ хүн төрийн албыг төрлийн болгож өөрийн нүүрсний цооногтоо ажиллаж байгаа хөлсний ажилчдаа захирч байгаа юм шиг л аашилдаг болсон. Эдгээр нөхдийн амьдрал ахуй сонгуулиас өмнө ямар байсан, хэн байсан сонгуулийн дараа амьдрал ахуй нь танигдахгүй болтлоо яаж өөрчлөгдөж байгааг Налайхын ард иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Цөөхөн хүн амтай хэн нь хэн байсан байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Сонгуулийн өмнө миний л ижил гэр хороонд амьдарч байсан нөхөд одоо том том жийп машинтай олон өрөө олон байртай төсвөөс төрөөс төрсөн тэрбумтанууд болсон байхад хоногийн хоолоо яая гэж байгаа ард иргэдийн нүдэн дээр тохуурхаж байгаа янзтай эд хөрөнгөө гайхуулаад байхаар үүнийг харсаар байж иргэд тааламжтай байхгүй нь лавтай. 

-Дээрх нөхдийн занал­­хийлэл дарамт шахалтнаас айхгүй байна уу. Танд ямар нэгэн эрсдэлтэй асуудал бий болохыг үгүйсгэхгүй шүү дээ?

Би буриад цустай хүн үнэнч шударгаар төрд олон жил зүтгэлээ. Ёс бус үйлдэл гаргасан хэнтэй ч эвлэрдэггүй манай буриадуудын нэг ясны сайн чанар нь тэр гэх үү дээ. Энэ хотын захирагч Э.Бат-Үүл ч бас буриад хүн. Гэтэл ёс бус нөхдийг өөгшүүлээд байгаад нь гайхаж л сууна.

Би Оч.Ганболд тэргүүтэй луйварчдын дарамт шахалт заналхийлэл айлган сүрдүүлэлтээс айж эмээхгүй ээ. Алж тална гэх тусам л өөдөөс нь асч үнэн дүр төрхийг нь нийтэд дэлгэнэ.
Цаашлаад ч олон сонин хэвлэлд хандана. Ер нь ямархуу луйварчид бэ гэдгийг нь улам бүр илчилнэ. Тэгж байж нийгэм ийм ёс бус этгээдүүдээс салах ёстой.

-Таныг АН-аас хөөсөн гэсэн үү?

Ардчиллаар халхавч хийсэн луйварчдын гэмт бүлэглэл намайг бузар булайг нь дэлгэлээ гэж бүлэглэлээсээ хөөсөн юм байна гэж би бодож байгаа. Түүнээс биш би аль эртний АН-ын гишүүн хүн. Гишүүний батлахаа 90 оны дунд үед АН-ын дарга Д.Дорлигжаваас гардаж авч байсан түүхтэй.

Олгосон газар нь хөөж туугаагүй байхад луйварчдын бүлгэм хөөнө гэж юу байх вэ. Тэгээд ч ер нь луйврыг нь дэмжиж чимээгүй байвал гишүүн байна, луйврыг нь илчилвэл хөөгдөнө гэсэн намын дүрэм байхгүй шүү дээ. Тэгэхээр би бол намын гишүүн хэвээрээ үзэл бодолдоо үнэнч байгаа цөөхөн хүмүүсийн нэг.

-Танай Засаг дарга Х.Болдбаатарыг гадаадад олон удаа зорчиж казино тоглосон гэж мэдээлж байсан?

Энэ бол маш тодорхой асуудал. 2013-2014 оны хооронд Засаг дарга Х.Болд­баатар зөвхөн Солонгос улсад гэхэд 38 удаа зорчсон баримт бий. Тэр бол энгийн нэг, албаны хоёр нийлсэн 3 паспорттой хүн л дээ. Ойр ойрхон гадаадад зорчиж ажил амжуулдаг тийм бизнесмэн ч одоо байхгүй шүү дээ. Гэтэл энэ хүн хэний мөнгө хөрөнгөөр гадаадад олон удаа зорчиж казинодсон байх нь нэг их эргэлзээ төрүүлэхээргүй, ойлгомжтой асуудал.

Үүний цаана нөгөө л төр төсвийн мөнгө л урсаж байгаа. Би энэ талаарх мэдэж байгаа бүх баримт сэлтээ холбогдох байгууллагуудад нь өгсөн. Ийм илэрхий хууль зөрчсөн, авилга авсан асуудлууд нь түмний нүдэн дээр илэрхий байхад хуулийн байгууллагын шалгах хугацаа хэт удаан байна. Олон сараар сунжруулж байгаад дарагдах бий гэдэг хар болгоомжлол надад төрж байгаа. Түүнээс биш энэ олон сарын хугацаанд их ажил амжуулна шүү дээ. Сүүлдээ энэ эрүүгийн сэжигтнүүд маань хүртэл бид гэм зэм хийгээгүй, авилга аваагүй, гүтгэгдсэн мэтээр ярьж байгаа нь энэ хэрэгт нөлөө орж мартагдаж болзошгүйн дохио болов уу гэж бодож байна.

-Газартай холбогдолтой асууд­­луудын талаар тодруулаач?

Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж нэгдсэн нэг төлөвлөлтийн дагуу газар олгох эзэмшүүлэх асуудал явагдах ёстой. Гэтэл дүүргийн Өмч газрын харилцааны газрын дарга нь ИХ-ын төлөөлөгч Мэндийн Дашхүүгийн төрсөн ах Монтооны хүү Мэндсайхан анх 2012 онд АН-аас иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдож албан тушаал хуваалцахад газрын албанд дүүгээ дарга болгоно гэж зүтгэсээр байгаад газрын албыг авсан.

Налайхын газрын алба үнэн хэрэгтээ хэнд газар өгөх эс өгөхийг шийддэг сувьект нь Мэндийн Дашхүү, Чимэдийн Одонхүү, Очирын Ганболд нар л болчихоод удаж байгаа. Олон ч зөрчил дутагдал гарсан. Тэр бүгдийг хуулийн байгууллагууд шалгаж байгаа.

-Таны үгийг ер нь хүлээж авдаггүй хүмүүс юм аа даа?

Х.Болдбаатар Засаг дарга болоод л хамтран ажиллах багаа чадваргүй хүмүүсээр бүрдүүлж эхэлсэн. Би анхнаас нь “Багаа их зөв хүмүүсээр бүрдүүлээрэй энэ ашиг сонирхолын зөрчилтэй Ч.Одонхүү, Оч.Ганболд, М.Дашхүү, М. Өсөхбаяр нар чинь чамайг хөлдөө чирнэ шүү” гэж хэлж байсан. Даанч миний үгийг хүлээж аваагүй.

Эргэн тойрондоо дан боловсрол мэдлэггүй, дадлагагүй хүмүүсээр хүрээлүүлж, тэдэндээ толгойгоо мэдүүлсэн. Тэр нь өнөөдөр өөрт нь гай болоод сууж байна. Харамсмаар, хэлэх ч үг алга.

-Налайх Нийслэлийн дагуул хот болж захирагчаа сонгох сонгууль ид эхэл­­чихээд байна. Энэ талаарх таны байр суурийг сонсоё?

Налайхын уурхайн 100 жилийг тохиолдуулан Налайх дүүргийг Нийслэлийн нэг дагуул хот болгох шийдвэр үнэхээр зөв цагаа олсон зөв шийдвэр мөн. Энэ дүүргийг хот болгох ажлыг Налайхаас нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон С.Амарсайханы санаачлан батлуулсан хөтөлбөр яван явсаар тус дүүргийг хот болгохоор Нийслэлийн ИХТ шийдвэрлэлээ. Нийслэлд хэд хэдэн удаа дагуул хот болох талаар хэлэлцүүлэг болсон. Дүүргийн иргэд ч хот болгох саналыг дэмжсэн. Ер нь хот болгох асуудлыг би бүрэн дэмжиж байгаа.

Гэтэл энд хууль эрх зүйн талаас зарчмын зөрүүтэй асуудлууд нэлээд гарч ирж байгаа.Нийслэл өөрөө хот байгуулах хэмжээний статустай эрх мэдлийн байгууллага мөн ч юм уу, биш ч юм уу. Угтаа бол хот тосгон байгуулах эрх зүйн чадамж УИХ-д байгаа. Иргэдийн хурлаар хэлэлцэгдэж байж шийдвэр гарах ёстой гэж би бодож байгаа. Магадгүй нэг иргэн Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандахад л Нийслэлээс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус. Цаашид дагуул хот байгуулах шийдвэр мухардалд орох магадлалтай болчихоод байгаа.

Одоогийн энэ захирагчийн сонгууль бол ямар ч бэлтгэл хууль эрх зүйн талаасаа эрх мэдэл хамрах хүрээ, төсөв мөнгө гэх мэтийн наад захын бэлтгэл тооцоо судалгаа байхгүй, зүгээр хэсэг бүлэг хүмүүсийн сэтгэлийг хөөрөгдсөн сонгууль болж байна. Хатуухан хэлэхэд Нийслэлийн удирдлагууд түүхий шийдвэр гаргаж дүүргийн ажилгүй, орлогогүй байгаа иргэдийг хооронд нь талцуулж хагаралдуулсан маш зохион байгуулалтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Ядаж л төрийн төлөөллийн сонгууль л юм бол сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж гар бие оролцох ёстой. Гэтэл дураараа саналын хуудас засдаг, үхсэн хүн амьдруулж санал өгүүлдэг, Налайхын иргэн биш хүмүүсийг машин машинаар зөөвөрлөж санал өгүүлсэн гэх мэтийн эмх замбараагүй дур зоргоороо аашилсан ийм хүмүүсийн татар ажиллагаа явагдаж байна даа.