Тэмүүжин.Х 2015.06.23 | Сайт: Vip76.mn

Энэ хууль мөнх үйлчлэх болтугай

Энэ хууль мөнх үйлчлэх болтугай
Хууль зүйн байнгын хороо

Социалист нийгмийн харилцаанд нэн тэргүүнд хамгаалж байсан тухайн үеийн үнэт зүйл болох социалист өмч, нийгмийн дэг журам, хамтын аж төрөх ёсыг гэх мэт нэн тэргүүнд эрэмбэлэн хамгаалж байсан харилцаа өөрчлөгдөж, шинэ Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, хувийн өмч зэрэг ардчилсан нийгмийн харилцаанд үнэт зүйл гэж үзэж байгаа ойлголтуудыг материаллаг хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг шинээр авч үзэх хэрэгтэй болсон.

Гэмт хэргийн бүрэлдэхүүн, зөрчлийн шинж нь хор аюулын шинж чанар, нийгмийн үнэлэмжээр ялгагдаж, хууль зүйн хариуцлага тооцох боломжоороо харилцан нөхөж байх ёстой.

Учир нь гэмт хэргийн нийгэмд аюултай шинж нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг.Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Эрүүгийн хуульд “….гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй…” гэсэн заалт, бусад хууль тогтоомжидзаасан “...хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...” гэсэн ерөнхий үг хэллэгээр заагласан нь ял завшуулах нэг нөхцөл болдог.

Зарим эрдэмтэн, судлаачдын зүгээс гэмт хэрэг, зөрчлийг ялгах хамгийн гол шинж бол материаллаг шинжгэж үздэг нь учир дутагдалтай бөгөөд энэ нь шударга ёсны зарчим гажуудан хэрэгжих нэг нөхцөл болдог.

Харин гэм буруугийн шинж буюу обьектив тал буюу үйлдэл, субьектив шинжээр гэмт хэрэг, зөрчлийг ялган зааглахад орчин үеийн дэлхий дахины эрүүгийн хууль тогтоомжийн хөгжил чиглэж байна.

Монгол Улсын “Захиргааны хариуцлагын тухай хууль” нь 3 бүлэг , 56 зүйл заалттай, 1992 оны 12 сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, түүнээс хойш 20 гаран удаагийн нэмэлтээр уг хуулийн тавны нэгд өөрчлөлт орсонболовч Эрүүгийн хуультай харилцан уялдаа, холбоогүй, хэм хэмжээний давхардал үүсгэдэг.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Гэмт хэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсныг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцлээ. Энэ үеэр хэлсэн зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Хуулийн төслийн 10.4-т Зар суртчилгааны хууль тогтоомжыг зөрчих тухай. Хуульд заасан эрх бүхий хяналт тавих байгууллага, албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй зар суртчилгааг бүтээх, түгээх нийтлэг шаардлага зөрчсөн, интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаа нь тодорхой шаардлагын дагуу үнэ төлбөргүй түгээсэн бол зөрчил гэнэ.

Үүнийг хэвлэл мэдээллийнхэн эрхэнд хэтэрхий алдаж, юм л бол зөрчил болгоод бидний эрхэнд халдаж байна гэх шүүмжлэлийг их ярьж байгаа. Жишээ нь хэвлэл мэдээллийн хөтөлбөрийг харгалзахгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төрбөргүйгээр түгээгүй бол гэсэн байгаа юм. Үерийн, цаг агаарын мэдээ ноцтой мэдээг хэлж байна уу гэдэгт тайлбар авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хэвлэллийнхэн үүнд их эмзэглэж байгаа.

Зөрчилтэй холбоотой хянан шийдвэрлэх процесс гэж өмнө нь Монгол улсад байгаагүй.

Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Энэ заалт бол 2002 онд батлагдсан зар суртчилгааны хууль тогтоомжоор хүлээлгэх хариуцлагыг тэр чигээр нь оруулсан байгаа. Тиймээс өөр агуулга тусгагдаагүй” гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Хуучин Захиргааны хариуцлагын тухай хууль гэж байсан. Тэр хуулиар зохицуулж байсан хэм хэмжээнүүд өнөөдрийн зөрчлийн хууль болж байна. Зөрчилтэй холбоотой хянан шийдвэрлэх процесс гэж өмнө нь Монгол улсад байгаагүй.

Үндсэндээ зарчмын хувьд хүмүүнлэг шударга зэрэг маш олон зарчмаас хол хөндий механизмаар зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг байсан. Та бүхэн анзаарч байвал процессийн гурван зарчим байдаг. Иргэний маргааныг өөрсдөө нотлох байдлаар шийдвэрлэдэг бол Захиргааны маргааныг захиргааны шүүх нь өөрөө шалгах ажиллагаа явуулж нотлох баримтаа олж асуудлыг шийдвэрлэдэг.

Эрүүгийн процесс дээр прокурор нотлох үүрэгтэй, иргэд өөрсдийгөө нотлох үүрэггүй гэсэн гурван ялгаа байдаг. Бид Захирганы хариуцлагын тухай хуулиараа хэн нэгнийг баривчилж, торгож Төрийн зүгээс хариуцлага тооцдог мөртлөө нотлох үүргийг нь иргэдэд олгоод асуудлыг шийддэг байсан.

Харин бид Зөрчлийн хуультай болж байгаа, харин зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаагаа хэрхэн хийх вэ гэдэг дээр нэлээд маргаантай байсан. Засгийн газрын зүгээс зөрчлийн хуулин дотроо зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаагаа биччихсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулин дотор эрүүгийн байцаан шийтгэх хуулиа оруулчихсантай адил материалаг болон процессийн хэм хэмжээгээ хольсон байдлаар оруулсныг ажлын хэсэг ярилцаад бусад хууль шигээ дан материалаг хэм хэмжээтэй болгож байгаа гэж миний ойлгож байгаа нь зөв үү” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зөрчлийн хууль бол яг л Эрүүгийн хуулийн процессийг хөнгөвчилсөн энгийн болгосон хувилбар. Тиймээс процессийнх хуулиа тусад нь ялгаж өгөх нь чухал байх. Европын орнуудын хуулийг харахаар хамтад нь гаргасан хуулиад байна.

Зөрчлийг хянан шийдвэрлэх процесс, Зөрчлийн тухай хууль, Зөрчлийн бүртгэл гээд хамтад нь гаргасан зүйл байна. Одоо оруулсан хувилбарт процессийн зохицуулалт гээд байх юм үндсэндээ байхгүй байгаа. Үүнийг та бүхэн хараарай” хэмээн ажлын хэсгийнхэнд өөрийн зөвлөмжөө өглөө.

Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ хууль мөнхийн үйлчилж байх хууль болтугай” хэмээн хэлээд амжив. Байнгын хорооны гишүүд үг хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй 21 саналаар санал хураалт явуулж УИХ-аар хэлэлцэхээр боллоо.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.