Дэлхийн шинэ IT тэрбумтнуудын  амжилтын түүхээс
Евгений Касперский
2015.06.26

Дэлхийн шинэ IT тэрбумтнуудын амжилтын түүхээс

Сүүлийн жилүүдэд долларын тэрбумтнуудын эгнээнд мэдээллийн технологийн салбарын баячууд олноор нэгдэх болсон. Google компанийг үндэслэгч Ларри Пейж, Сергей Брин, Facebook-ийн эзэн Марк Цукербург, WhatsApp-ийн зохиогч Ян Кум нарын араас 2015 онд энэ салбарт шинэ тэрбумтнууд тодров.  

Трэвис Каланик

Нас: 38

Хөрөнгө: $5,3 тэрбум

Тэрбумтнуудын жагсаалтад: 283

Компаний нэр: Uber

Трэвис Каланик эдүгээ 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж чадсан, таксины цахим захиалгын Uber Technologies компаний хамтран үндэслэгч, ерөнхий захирал нь юм. Хөрөнгө оруулагчид уг компанийг 4,92 тэрбум доллараар үнэлж байна. Трэвисийн компани өнөөдөр АНУ болон бусад 53 улсын такси захиалгын компаниудтай өрсөлддөг. Гэхдээ зарим улсад, жишээ нь Испанид компаний үйл ажиллагаа хориотой.  Forbes- ийн үнэлгээгээр Трэвис багаар бодоход компаний 13 хувийг эзэмшдэг. Тэрээр үүнээс өмнө хоёр ч удаа гарааны компани байгуулж байв. Эхлээд файл солилцох сайт байгуулсан ч 2000 онд дампуурав.  Дараа нь мөн л энэ төрлийн сайт байгуулж RedSwoosh гэж нэрлэв. Удалгүй компаниа Akamai компанид зарсан байна.

Ким Бом-Су

Нас: 48

Хөрөнгө: $2,9 тэрбум

Тэрбумтнуудын жагсаалтад: 628

Компаний нэр: KakaoTalk

Өнгөрсөн жил чатын үнэгүй үйлчилгээ үзүүлдэг KakaoTalk компани нь Daum Communications нэртэй интернет компанийг худалдаж авах төлөвлөгөөтэйгээ зарласан. 2014 оны эцсээр уг компанийг өөртөө нэгтгэн Daum Kakao хэмээх нэртэй болсны дараа хөрөнгийн хэмжээ нь бирж дээр 9,5 тэрбум доллараар үнэлэгдэв. Түүнээс хойш хувьцааных нь үнэ яльгүй унасан ч компанийг үндэслэгч Кима Бом-Су дэлхийн тэрбумтнуудын эгнээнд шилжив. Тэрээр компаний 40 хувийг эзэмшдэг.

Ким Бом-Су ядуу гэр бүлд төрсөн бөгөөд цагийн багшаар ажиллаж дунд болон их сургуулийн төлбөрийг хийдэг байжээ. Зарим үед мөнгөө хэмнэхийн тулд өлсөх хэрэг ч гардаг байв. Их сургуулиа төгссөний дараа Samsung компанид хэсэг хугацаанд ажиллаад 1998 онд Hangame нэртэй өөрийн компанийг байгуулж цахим тоглоомын салбарт ажиллаж эхэлжээ. 2000 онд Hangame нь Naver нэртэй өөр нэгэн солонгос компанитай нэгдэж улсдаа хамгийн том цахим контентын нэг болжээ. 

2009 онд ухаалаг утасны эрин үе эхлэхэд Ким Бом-Су гар утасны мэссэжийг орлох зорилготой утасны программ хийхээр шийджээ.  Ингэснээр KakaoTalk үүсч түргэн хугацаанд хэрэглэгчдэд танигдав. Чатын үндсэн программын эргэн тойронд цахим тоглоом, цахим худалдаа, олон нийтийн сүлжээ зэрэг олон зүйлийг багтаасан суурь систем байгуулсны ачаар хэрэглэгчдээ тогтоон барьжээ. 

Дуглас Леоне

Нас: 57

Хөрөнгө: $2,2 тэрбум

Тэрбумтнуудын жагсаалтад: 847

Компаний нэр: Sequoia

Дуглас Леоне нь венчур хөрөнгийн зах зээлд ажилладаг бөгөөд алдарт Sequoia Capital фирмийн удирдагч түнш юм. Италийн цагаач гэр бүлд төрсөн Дуглас Генуигаас АНУ-д иржээ.  Түүний толгойлдог Sequoia Capital сан Google, YouTube, Zappos, LinkedIn зэрэг компаниудад хөрөнгө оруулж байсан түүхтэй.  Дуглас саяхан Facebook компани Whatsapp чатын системийг худалдаж авсны дараа 19 тэрбум долларын төлбөр авчээ.

Брайан Чески (зурган дээр), Нэйтан Блечарзик, Джо Геббиа

Нас: 31, 33, 31

Хөрөнгө: Тус бүр $1,9 тэрбум

Тэрбумтнуудын жагсаалтад: 1006

Компаний нэр: Airbnb

Бодибилдэнгээр хичээллэдэг байсан, дизайнерийн боловсролтой Брайан Чески 2008 онд өөрийн түншүүд Джо Геббиа, Нэйтан Блечарзик нартай хамтраад Airbedandbreakfast.com сайтыг байгуулжээ. Хожим нэрийг нь богиносгож Airbnb болгосон юм.  Уг сэрверийн тусламжтай хүмүүс өөрийн байрыг хоногоор түрээслүүлэх боломжтой болжээ.  2015 оны эхэн үеийн байдлаар Airbnb – гаар 30 сая орчим хүн үйлчлүүлдэг болжээ. Зөвхөн 2014 онд л гэхэд 20 сая болсон байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Airbnb-ийн хөрөнгө 10 тэрбум долларт хүрэв. 

Эван Шпигель (баруунаас),  Бобби Мерфи

Нас: 24, 26

Хөрөнгө: $1,5 тэрбум

Тэрбумтнуудын жагсаалтад: 1250

Компаний нэр: Snapchat

Бобби Мерфи Стэнфордын их сургуулийн найз  Эван Шпингэльтэй хамтраад 2011 онд гар утасны чатын систем болох Snapchat-ийг санаачилжээ. Эхэндээ Picaboo нэртэй байв.  2013 оны төгсгөлөөр Facebook  3 тэрбум доллараар худалдаж авъя гэхэд нь татгалзав. 2015 оны эхээр 19 тэрбум долларын өртөгтэй хөрөнгө оруулалтыг татжээ.  Forbes-ийн үзэж буйгаар хоёр найз компанийхаа 15 хувийг эзэмшдэг аж. Өнөөдөр Snapchat-аар сард 100 сая хүн үйлчлүүлж байна. “Бид өөрсдөө мундаг биш байсан учраас мундаг зүйл бүтээхийг хүссэн” гэж тэд ярьдаг.

Маркус Перссон

Нас: 35

Хөрөнгө: $1,3 тэрбум

Тэрбумтнуудын жагсаалтад: 1415

Компаний нэр: Minecraft

Эхэндээ Маркусын хувьд  Minecraft төсөл нь King Entertainment компанид ажиллаж байх үеийн хобби төдий байв. Харин Minecraft зах зээлд танигдсаны дараа ажлаасаа гарч 2010 онд найз Якоб Порсерын хамт Mojang компанийг байгуулжээ.  2011 оны эхээр тус компани Minecraft-ийн 1 сая хуулбарыг зарж чаджээ.  Өнөөдөр энэ тоглоом нь хамгийн их татагддаг тоглоомын нэг бөгөөд ширээний компьютер, зөөврийн компьютер, iOS, Android, Xbox, PlayStation зэрэг бүх платформ дээр ажилладаг.  2014 оны 9 сард Microsoft компани Маркусын эзэмшлийн компаний 71 хувийг 2,5 тэрбум доллараар худалдаж авчээ.

Маркус нь Electronic Arts,  Facebook зэрэг том корпорациудыг байнга шүүмжилдэг ч өөрөө твиттерийн од болж 2 сая дагагчтай болжээ. Тэрээр эцэг нь төмөр замын станцид ажилладаг, ээж нь сувилагч нилээд ядуу гэр бүлд төржээ. Харин одоо Лос-Анжелост хувийн харшид амьдардаг.

Александр Карп

Нас: 47

Хөрөнгө: $1,2 тэрбум

Тэрбумтнуудын жагсаалтад: 1533

Компаний нэр: Palantir

Александр Карп бол Palantir Technologies нэртэй програм хангамжийн компаний үндэслэгч, ерөнхий захирал. Компани 15 тэрбум долларын үнэтэй.  Тус компани АНУ-ын Тагнуулын Төв газраас санхүүждэг гарааны компани байснаа Цахиуртын хөндийн том компаний нэг болж дэлхийн том банкууд, корпорациуд, төрийн байгууллагуудтай хамтардаг болжээ.  

Йосиюки Санкаи

Нас: 56

Хөрөнгө: $1,05 тэрбум

Тэрбумтнуудын жагсаалтад: 1712

Компаний нэр: Cyberdyne

Йосиюки Санкаи нь роботуудын ачаар саятан болжээ. 2014 оны 3 сард анх удаа бирж дээр гарсны дараа эмнэлгийн робот үйлдвэрлэдэг Cyberdyne компаний хувьцааны үнэ тав дахин өсчээ. Санкай компаниа 2004 онд байгуулсан. Үндсэн бүтээгдэхүүн нь тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүст хөдлөхөд нь тусалдаг Robot Suit HAL  нэртэй роботон араг яс юм. Ийм технологийг бий болгох санаа Санкайд аль 1990-иэд оны эхэнд төржээ.  Одоогоор 470 робот үйлдвэрлэжээ. Тус компани Япондоо роботуудаасаа эмнэлгүүдэд түрээсэлдэг байна. 

Рид Хастингс

Нас: 54

Хөрөнгө: $1 тэрбум

Тэрбумтнуудын жагсаалтад: 1741

Компаний нэр: Netflix

Рид Хастингс нь дүрс бичлэгийн сэрвер Netflix компаний үндэслэгч. Уг сэрвер дээр телевизийн нэвтрүүлэг, кино үзэж болно.  Хастингс АНУ-ын Ерөнхийлөгч агсан Никсоны Тамгын газрын өмгөөлөгчийн гэр бүлд төржээ.  Хастингс өмнө нь тэнгисийн цэрэгт, Энх Тайвны корпуст алба хаажээ. Дараа нь АНУ-д эргэн ирж Стэнфордын Их сургуульд хиймэл оюун ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалав.

Түүний анхны компани нь Pure нэртэй байв. 1995 онд хөрөнгийн бирж дээр гарч хоёр жилийн дараа Rational Software компанид худалдагджээ.  Тэр жилдээ Хастингс Netflix-ийг санаачилж 2002 онд хөрөнгийн зах зээлд гаргав.

Евгений Касперский

Нас: 49

Хөрөнгө: $1 тэрбум

Тэрбумтнуудын жагсаалтад: 1741

Компаний нэр: Касперскийн Лаборатори

КГБ-ийн дээд сургуулийн төгсөгч Евгений Касперский анхны вирусын эсрэг программаа 1990-иэд оны эхэнд зохиожээ. 1989 онд компьютерт нь Cascade вирус халдсанаас хойш мэдээллийн аюулгүй байдлын салбарыг сонирхох болов. Програм нь эхэндээ сард 10 хувь зарагдаж байв. Харин өнөөдөр түүний программ 300 сая хэрэглэгчийн компьютерийг хамгаалдаг. Компани нь 2800 ажилтантай, дэлхийн 30 оронд офистой.