Захиалгын эхнэр
Солонгост Вьетнам эхнэрүүд моодонд оржээ
2017.11.21

Захиалгын эхнэр

Өмнөд Солонгост гадаадын иргэнтэй гэрлэх асуудал дээр хандлага өөрчлөгдөв. Саяхан байж боломгүй хэмээн үзэж байсан зүйл өнөөдөр хэвийн үзэгдэл болжээ. Гадаад гэрлэлтийн хувьд Өмнөд Солонгост сонирхолтой нөхцөл байдал үүсэв. Чинээлэг амьдралтай солонгос гэхээсээ илүү амьдралдаа олигтой карьер хийж чадаагүй хүмүүс гадныхантай гэрлэж байна.  Солонгос эрчүүдтэй гэрлэсэн тоогоор вьетнам эмэгтэйчүүд толгойлж байна.  Харин Хятадаас ирсэн сүйт бүсгүйчүүд муу нэр зүүх болжээ. 

Бүх сурах бичигт хоёр Солонгосыг нэг үндэстний улс (анг. Monoethnicity) гэж бичсэн байдаг. Саяхныг хүртэл Өмнөд Солонгос энэ тодорхойлолтод тохирч байлаа.  Учир нь цөөн тооны хятадуудыг эс тооцвол үндэсний цөөнх гэж бараг алга байв.

Гэвч цаг үе өөрчлөгдөж Өмнөд Солонгос аажмаар олон үндэстний улс болох үйл явц эхэлжээ. 2014 оны эцэст тус улсад 1,79 сая гадаад иргэн амьдрах болсон нь хүн амын 3,5 хувийг эзэлж байна.  Энэ үзүүлэлт сүүлийн 10 жилд эрс өсчээ.  Улс орон баяжиж, хөгжингүй орны эгнээнд шилжсэн нь газар газрын цагаачид ирэх сонирхолтой улс болжээ. 

Өмнөд Солонгост түр бус хугацаагаар ирдэг гадныхны дунд үндсэн хоёр бүлэг бий.  Нэгдүгээрт өнөөдөр саяас илүү гарсан жирийн ажилчид (Gastarbeiter).  Хоёрдугаарт гадаад эхнэрүүд. 

Солонгост ажлын хөлс өндөр, тэр байтугай Европын түвшинтэй харьцуулахад илүү учир цагаачид олноор очдог.  Хамгийн их цагаач ажилчид Хятадаас ирдэг. Түүнчлэн Вьетнам, Филиппин, Индонези, Узбекистан, Монгол зэрэг улсууд ажиллах хүч нийлүүлдэг. Хөгжингүй орнуудын адил хөрш орнуудаас ирсэн ажилчид солонгосчууд голдог ажлуудыг хийдэг.  

Харин солонгостой гэрлэсэн гадаад эмэгтэйчүүдийн хувьд байдал өөр. 

Нийгмийн энэхүү бүлэг гэнэтийн байдлаар үүсчээ.  1990-иэд оны эхээр явуулсан судалгааны дүнгээр солонгосчууд гадаадтай гэрлэхийг таашаадаггүй болох нь илэрсэн.  Тэр үед гадаадтай гэрлэсэн солонгосчууд гэвэл Солонгост байрласан америк цэргүүдтэй гэрлэсэн хөнгөн явдалтай хүүхнүүд байв. Мэдээж нутаг нэгтнүүд тэдний гэрлэлтийг дооглон хүлээж авдаг байлаа. 

Харин өнөөдөр байдал өөрчлөгдөж Өмнөд Солонгос гадаад гэрлэлтийн тоогоор дэлхийд дээгүүр орж байна.  Сүүлийн 10 жилд 10 гэрлэлт тутмын нэг нь гадаад гэрлэлт байв. 2005 онд оргил үе тохиож гадаад гэрлэлт нийт гэрлэлтийн 13,5 хувийг эзлэв. 

Солонгостой гэрлэдэг гадаад иргэдийн гуравны хоёр нь эмэгтэйчүүд. Хамгийн эрэлттэй нь Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудаас ирсэн бүсгүйчүүд. 2013 оны тоо баримтаар хятад эмэгтэйчүүд 33,1 хувь, вьетнам эмэгтэйчүүд 31,5 хувь, филиппин бүсгүйчүүд 9,2 хувь, камбожчууд 4 хувь байна.

Ихэнх улсад чинээлэг иргэд нь гадаадтай гэрлэдэг бол Солонгост эсрэгээрээ. Энд хөгжил доогуур газруудад гадаад гэрлэлт илүү.  Солонгосын хэмжүүрээр ядмаг гэж үздэг улсын баруун өмнөд хэсэгт гадаад эхнэртэй эрчүүдийн тоо дундаж үзүүлэлтээс 20 хувь дээгүүр байна.

Энэ байдал нь Солонгосын хүн амын таагүй нөхцөлтэй холбоотой. Тосгонд өссөн охид дунд сургуулиа төгсөөд хот руу явдаг бол эрчүүд нь аж ахуй эрхэлж үлддэг. 

Солонгосын хурим

Иймэрхүү шилжилт хөдөлгөөний үр дүнд төвөөс алслагдсан тосгод бүсгүйчүүдийн гүн хомсдолд оржээ.  Тиймээс олон гоонь эрчүүд гадаад эхнэртэй болох зорилгоор зуучлалын агентлагуудад ханддаг.  Энэ нь голдуу солонгос эхнэртэй болох найдлагагүй, архичид, залхуучууд, хүүхэдтэй бэлэвсэн болон бие муутай эрчүүд байдаг байна. 

Гадаад эхнэр моодонд орж эхлэх үед “захиалгын эхнэрүүд” ихэвчлэн Хятад, ялангуяа солонгосчууд олон амьдардаг Манжуураас ирдэг байв.  Манжуурын унаган солонгосчууд уламжлал,  төрөлх хэлээ хадгалсан учраас Өмнөд Солонгост ирээд хурдан дасдаг байна.

Гэвч удалгүй солонгос тариачид манжуураас авчирсан эхнэрт урам нь хугарав.  Учир нь Хятадын солонгос эмэгтэйчүүд (хятажсан солонгос) гэрлэсний дараа хуулинд заасан хугацаа дуусч Солонгосын иргэншилтэй болонгуутаа нөхрөөсөө салж алга болдог муу зантай. 

Тиймээс одоо хамгийн эрэлттэй нь вьетнам бүсгүйчүүд. Өмнөд Вьетнамаас ирсэн бүсгүйчүүд солонгостой гэрлэсэн вьетнам эмэгтэйчүүдийн 78 хувийг эзэлж байна. Солонгосын хөдөө тосгодоор явж байхад вьетнам эхнэрүүдийн давуу талыг сурталчилсан зурагт хуудас бүхий зуучлалын төвүүд олонтаа таардаг.  Тэдний үзэж буйгаар вьетнам эхнэрүүд үлгэр жишээ, ажилд сайн, хамгийн чухал нь хятадын солонгосчууд шиг нөхрөө хаяж явдаггүй аж.

Вьетнам нь эдийн засгийн хувьд сүүлийн жилүүдэд нэлээд амжилтад хүрсэн ч дэлхийн хэмжүүрээр ядуу орон хэвээр байгаа. Тиймээс вьетнамаас ирсэн ядуу эмэгтэйд цахилгаан тасардаггүй, халуун хүйтэн устай Солонгос тосгоны байшин гэдэг үлгэрийн ордноос ялгаагүй.  Түүний хувьд  нөхрийн адайр зан, насны зөрөөнд анхаардаггүй.  Вьемнамтай гэрлэсэн солонгос эрчүүд дунджаар эхнэрээсээ 11 насаар ах, камбожитай гэрлэсэн эрчүүд бүр 16 насаар ах байдаг аж. 

Хамгийн эрэлттэй нь Вьетнам эмэгтэйчүүд

Өнөөдөр Солонгос дахь гадаад гэрлэлтийн тоо 200 мянгад хүрчээ. Тэдний 40 хувь удалгүй салдаг ч салсан эхнэрүүд Солонгост үлддэг. Тэд дахин гэрлэж, ингэхдээ арай өөр түвшний нөхөр сонгодог. 

Гадаад гэрлэлтийн үр дүнд бий болсон холимог цустай хүүхдийн тоо 300 мянгад ойртсон байна.  Эдгээр хүүхдийн хувь заяа тийм ч гэгээлэг бус. Тэд сурлагаар тааруу. Солонгос заншлаар эх хүн хүүхдийнхээ боловсролыг хариуцдаг. Гэвч дөнгөж бага сургууль төгссөн, солонгосоор муу ярьдаг вьетнамын тариачин гаралтай эмэгтэй хүүхдийнхээ гэрийн даалгаврыг ч шалгаж чадахгүй. Үүнээс болж олон тохиолдолд холимог цустай хүүхдүүд ялгаварлан гадуурхалтад өртдөг.

Солонгосын хэвлэл мэдээлэлд ийм гаралтай хүүхдүүдээс үүдэлтэй асуудлын талаар байнга бичдэг. 

Солонгосын хүн ам насжиж байгаа учир эрх баригчид цагаачдыг, тэр тусмаа гадаад эхнэрүүдийг уусгах чиглэлд нилээд хөрөнгө зардаг. Тэдэнд солонгос хэл заах, солонгос ёс заншилд сургах, зөвлөгөө өгөх, хуулийн туслалцаа хүргэх төвүүдийг байгуулжээ.  

Сөүлийн Кукминий Их Сургуулийн профессор Андрей Ланьков