Ганхуяг.Д Энхтүвшин.Ө Батсуурь.Ж Энхбаяр.Ж Баасанхүү.О Бакей.А Гарамгайбаатар.Б Одонтуяа.С 2015.06.29 | Сайт: Vip76.mn

Монголын хөрөнгийн биржийг хувьчилна

Монголын хөрөнгийн биржийг хувьчилна
УИХ-ын чуулган

УИХ-ын чуулганы Баасан нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хувьчлах жагсаалтад Монголын хөрөнгийн бирж, Хөтөлийн цемент шохой, Монголын хөдөө аж ахуйн бирж зэрэг төрийн өмчит компаниуд багтсаны зэрэгцээ боловсрол, эрүүл мэндийн салбарыг ч хувьчлалд хамруулахаар багтаасан юм.

Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр нийгмийн салбарт хийх хувьчлалыг хойшлуулж, энэ тухай бүлэг заалтыг хасах шийдэлд хүрснийг УИХ-аар санал хураах үед хүлээж авлаа.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Байнгын хороон дээр энэ тухай тодорхой яриагүй. Ажлын хэсэг дээр яриад 10 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлдэг хувьчлал өмнө нь явагдаагүй. Хууль давсан учраас санал хураах үед анхаарах ёстой гэж үзсэн.

УИХ-ын дарга З.Энхболд: Хууль нийцэж гарах ёстой, нийцүүлэх арга хэмжээ аваарай.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл яриад байна. Зэрэгцүүлээд Төрийн өмчийн хорооны өөрчлөн байгуулалт бүтцийн асуудлыг ярих ёстой юм биш үү. Төр хэчнээн хэмжээний өмчтэй вэ гэхээр 5 их наяд төгрөг гэдэг. Хэзээ хийсэн үнэлгээ юм бэ.

Төрийн өмчит 74 аж ахуйн нэгжийн ихэнх нь алдагдалтай. Дахин үнэлгээг хэзээ хийх вэ.  Төрийн өмчит компаниудын өр 2 их наяд төгрөгт хүрчихээд байна, энийг яаж шийдэх юм.  Төрийн өмчийн хорооны удирдлага менежмэнтийг эхэлж ярьчихаад дараа нь жагсаалтыг нь ярих ёстой юм биш үү.

Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд 500 орчим хүн байдаг, 300 нь яам, агентлагынхан байдаг. Компанийн хуулиар хараат бус гишүүд томилогдох асуудал хэзээ хийгдэх вэ?

Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Уг нь энэ хувьчлалын жагсаалтыг өнөөдөр ярьж байх ёстой эд биш. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ батлууллаа дараа нь энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан.

Гэвч чадаагүй, 2013 онд, 2014 онд чадаагүй. Ингэж явсаар шинээр байгуулагдсан Засгийн газар энэхүү асуудлаа 2015 оны хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан. Оруулж ирэхдээ 2015 оны төсөвт өмч хувьчлалаас 170 тэрбум төгрөг төвлөрүүлэх шаардлагатай гэдэг байдлаар оруулж ирсэн. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхгүй бол төсвийн орлого тасрах гээд байна гэсэн. Нөгөө талдаа том бодлогын юм ярьж чадахгүй, ярилаа ч хэрэгжүүлэх хугацаагүй. Тийм учраас эхний ээлжинд энэ асуудлаа батлах.

“Хөтөлийн цемент шохой” компанийн 10 хувийг ажилчдад нь үнэ төлбөргүй хувьчлах асуудал өчигдрөөс яригдаад эхэллээ. Төрийн өмчийн хорооныхон бол 1991 оны хуулийг барьж энэ асуудлыг оруулж ирсэн гэж байгаа. Би сая Засгийн газраас “Хөтөлийн цемент шохой”-н үйлдвэрийнхэнд 10 хувийг өгөх тухай асуудлыг лавлахад аман амлалт бол өгсөн юм байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэгдүгээр дарга ийм тайлбарыг хийсэн" гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Монголын хөрөнгийн биржийг хувьчлахаар жагсаалт орж ирсэн байтал ажлын хэсэг хасах санал гаргаад Байнгын хороо дэмжээгүй байна.

Нийгмийн салбарын хувьчлалыг хасаад өөрчлөн байгуулалтыг нь үлдээе гэж үзэж. Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадвар нь унасан учраас ихэнхи иргэд гадаад руу явж эмчлүүлдэг.  Ядахдаа өөрчлөн байгуулалтыг нь үлдээхгүй бол Засгийн газар солигдсоны дараа удирдлага нь өөрчлөгдөж бужигнуулдагийг болъё л гэсэн. Ийм зарчмын асуудал дээр саналаа нэгтгээд оруулаад ирэх ёстой ш дээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Монголын хөрөнгийн биржийн хувьчлалыг хасая гэсэн. Яагаад гэвэл нэгдүгээрт, өртэй. Хоёрдугаарт, олон улсын зах зээлд хувьцаа зарах борлуулах нөхцөл бүрдээгүй гэж үзсэн.

Нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалтын тухайд энэ асуудлыг яриад, хувьчлалыг нь больчихъё, өөрчлөн байгуулахыг нь дэмжье гэсэн. Өөрчлөн байгуулалт хийхгүй бол удирдлагыг нь сонгуулийн дараа солионо гэх юм, хуулиа л хэрэгжүүлнэ ш дээ. шаардлагатай нь солигдож л таараа" гэлээ.

Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Нийгмийн салбарт өөрчлөн байгуулалт хийе гэх нь зөв. Ингэхийн тулд  Их, дээд сургуулийг өөрчлөн байгуулах хуулийн төслөө оруулаад ирж болно. Томилгооны тухайд, сайд нь их дээд сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөлөө бүрдүүлдэг учраас энийгээ өөрчилж, өрсөлдөөнтэй байдлаар шийдэх.  

Монголын Хөрөнгийн биржийн хувьчлалтын тухайд Лондонгийн хөрөнгийн биржид өртэй,  дотоодод мөн их өртэй, татварын өртэй гэсэн. Гэхдээ Лондонгийн хөрөнгийн биржид төлөх 8 сая ам.долларыг 2015 оны төсвөөс төлөөд дуусгасан байгаа. Татаврын бааг зэргийн асуудал бий.

Сүүлийн үед Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа жаахан сэргэх маягтай байгаа. 2015 он гарснаас хойш 30-аад тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн, Засгийн газар мөн дэмжиж ажиллаж байгаа. Үндсэн үйл ажиллагаандаа орж чадахгүй байгаа ч итгэл төрүүлсэн юм харуулаад байгаа учраас энийг харах. Дээр нь Засгийн газар, УИХ дэмжиж хийх зүйлээ хийж өгөх. Жишээ нь, ордуудын хувьцааг гаргах шийдвэр гаргасан хэрнээ тийм боломжоор нь хангаж өгөөгүй. Компаниуд мөн нээлттэй болох. Ер нь эдийн засаг сайн үед хувьчлалаас мөнгө олно уу гэхээс хүнд үед хувьчлалаас мөнгө олно гэдэг бэрх гэсэн хариулт өгсөн юм.

Энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад, нийгмийн салбарт хувьчлал хийхгүй байхаар шийдлээ. Мөн “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн 10 хувийг ажилчдад нь үнэ төлбөргүй хувьчлах, Хөдөө аж ахуйн биржийн тодорхой хувийг мөн үнэгүй хувьчлах зэрэг асуудлыг хуульд нийцүүлэн засах үүргийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хүлээлээ.

Ингээд зарим гишүүдийн тогтоолын төсөлтэй холбоотой онцлох байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн А.Бакей

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар

Ингэснээр энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн бангын хороонд шилжүүллээ.