Сансар, Баянцээл орчмын шөнийн цэнгээний газруудыг хаах хүсэлт тавьжээ
Сансар, Баянцээл
2015.06.30

Сансар, Баянцээл орчмын шөнийн цэнгээний газруудыг хаах хүсэлт тавьжээ

Баянзүрх дүүргийн ИТХ-аас өнөөдөр мэдээлэл хийж, тус дүүргийн 3, 7 дугаар хорооны иргэдийн хүсэлт, цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааг үндэслэн Баянцээлийн гудамж, Сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох асуудлыг тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцсэн гэдгээ мэдэгдлээ.   

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүү хэлэхдээ,

-Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны иргэдээс маш их гомдол, санал хүсэлт ирж байна. Гомдол, хүсэлтийн дийлэнх нь тус хоёр хорооны нутаг дэвсгэр буюу Баянцээл, Тунель  орчмын паб, караоке, шөнийн цэнгээний газрыг хааж өгөөч гэжээ.

Өнөөдрийн байдлаар л гэхэд,

3 дугаар хорооны иргэдээс 30 гомдол

7 дугаар хорооны иргэдээс 19 гомдол ирээд байна.

Мөн найман СӨХ албан бичгээр гомдол ирүүлсэн. Иймд Баянзүрх дүүргийн ИТХ-ын Гэмт хэргийн зөвлөлөөс дээрх хоёр хорооны 1,585 хүний дунд судалгаа явууллаа. Судалгаанд оролцсон иргэдийн 69.4 хувь нь,

“Шөнийн цэнгээний газар, караоке, паб бидний амьдралд МАШ ИХ СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ  байна” гэж хариулсан.

Иймд дүүргийн ИТХ-ынхан энэ асуудлыг нэг тийш нь цэгцлэх цаг болсон гэж үзээд иргэдийн гомдлыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлэхээр шийдвэрлэж, саналыг нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүлд уламжилсан байгаа.

Учир нь Нийслэл, дүүрэг хоёр салшгүй хамтын ажиллагаатай байж, аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргадаг. Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны оршин суугчдын хувьд ялангуяа шөнө оройн цагаар маш хүнд нөхцөлд амьдардаг

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд 23, 7 дугаар хороонд 37 шөнийн цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг.

 Цаг хэтрүүлэн хууль зөрчиж ажиллаж байгаа баар цэнгээний газруудад үйлчлүүлсэн иргэдийн соёлч боловсон биш харилцаа, хөгжим болон бусад байдлаас үүссэн дуу чимээнээс болж тус хорооны оршин суугчид дайжихдаа тулаад байна. Түүгээр зогсохгүй баар цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт нэмэгдэж, тэдгээрийн дийлэнх нь танхай, дээрэм, хулгай, цаашилбал хүчингийн гэмт хэрэг эзэлж байгаа нь энэ асуудалд анхаарал тавих зүй ёсны шаардлага бий болсныг харуулж байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд 23, 7 дугаар хороонд 37 шөнийн цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг юм байна.

 БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 3, 7 ДУГААР ХОРООНЫ (БАЯНЦЭЭЛИЙН ГУДАМЖ, САНСАР, ТУНЕЛЬ) ИРГЭДИЙН ДУНД ЯВУУЛСАН СУДАЛГАА:

1. Шөнийн цэнгээний газар, караоке, паб олон байгаа нь таны амьдралд сөргөөр нөлөөлж байна уу?

Маш их – 69.4 хувь

 2. Та болон гэр бүлийн хүмүүс тань ойр орчимдоо хэрэг зөрчилд өртөж, бусдад хэл амаар доромжлуулах эрсдэлд орж байсан уу?

Тийм – 50.5 хувь

3. Согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийн нөлөөгөөр таны гэрийн ойр хавьд ил задгай бие засах, бөөлжих, хог хаях, хашаа хайс эдвэх үзэгдэл их гарч байна уу?

Маш их – 71 хувь

4. Амьдарч байгаа орчиндоо өдөрт хэчнээн согтуу хүнтэй таардаг вэ?

3-5 согтуу хүнтэй таардаг

5. Танай гэрээс хэдэн метрийн зайд согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлдэг газар байдаг вэ?

10-100 метр – 82 хувь