Төв аймгийн УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо онлайнаар холбогдлоо
2010.01.03

Төв аймгийн УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо онлайнаар холбогдлоо

УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан энэ оны анхны онлайн ярилцлагаар Төв аймагтай холбогдож, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг аймгийн удирдлагууд, иргэд сонгогчидтой нь онлайнаар уулзуулав.


Онлайн ярилцлагад УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дондог, М.Энхболд, Н.Энхболд нар оролцож, өөрсдийн сонгогдсон тойргийн иргэд, аймгийн удирдлагатай “Төв аймгийн 2010 оны төсөв, төсвийн хөрөнгө оруулалт, цаг үеийн тулгамдсан асуудал сэдвээр ярилцаж, УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Шаравдорж ярилцлагыг хөтлөн явууллаа.

Аймгийн Засаг дарга Ц.Энхбат орон нутгийн цаг үеийн байдал, 2009 онд хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийв. Нийслэлээс алслагдмал оршдог бусад аймгуудтай харьцуулахад Төв аймгийн удирдлагууд гишүүдтэйгээ өдөр бүр уулзаж, ажлаа ярилцдаг гэсэн нь содон мэдээлэл байв.
Онлайн ярилцлагын үеэр УИХ-ын гишүүн Д.Дондог Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн талаар, Су.Батболд гишүүн аймгийн 2010 оны төсөв, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын тухай, Н.Энхболд гишүүн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцсэн болон хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын тухай,  хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын талаар, гишүүн М.Энхболд цаг үеийн байдал, өвөлжилт хүндэрсэн сумдад авах арга хэмжээ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар тус тус мэдээлэв. Дараа нь гишүүд тодорхой сэдвүүдээр санал солилцож, аймгийн удирдлагуудад мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын дэд дарга Н.Энхболд: "Төсөв хэлэлцэх үеэр гишүүд, Төв аймгийг дэд бүтэц сайтай, хөрөнгө оруулалт сайн хийгдсэн газар гэж үздэг"

Хөшигтийн хөндийн онгоцны буудлын асуудал бараг шийдэгдэж байгаа. 2011 оноос баригдаж эхлэх байх. Ажлын хэсэг ажиллаад хоёр компанийг гүйцэтгэгчээр сонгосон байгаа. Иймд аймгаас ирэх 2-3, 5-10 жилийн ажлын төлөвлөлтөө гаргаж ирүүлэх хэрэгтэй байна. Улсын төсвийн хөрөнгөөр онгоцны буудлыг дагалдаж бий болох дэд бүтцийн хөгжлийн асуудалд орон нутгийн саналыг тусгах хэрэгтэй байгаа учир удирдлагууд үүнийгээ эртхэн гаргаж ирүүлбэл сайн байна. Энэ ажлыг аймагтайгаа уялдуулах нь чухал байна.

Төсөв хэлэлцэх үеэр гишүүд, Төв аймгийг дэд бүтэц сайтай, хөрөнгө оруулалт сайн хийгдсэн газар гэж үздэг. Манай аймагт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлууд маш үр дүнтэй байгаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр 600 төгрөг энэ жилийн төсөвт суусан байгаа. Ирэх жил олон сайн ажлын үр дүнтэй гарна гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд: "Засгийн газраас ДНБ-ийг 1883 ам.долларт хүргэх зорилт тавьсан"

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийе гэж бодож байна. Өвөлжилт бол нэг номерийн асуудал. Цаг агаарын хувьд, цас болон хүйтний эрч нэмэгдэж байгаа. 2010-01-04-ний байдлаар Төв аймгийн зүүн, зүүн-өмнөд хэсгийн сумдаар 13-16 см цастай, баруун, баруун-хойд сумдаар 5-7 см цастай байна. 
Мөн 2009-12-28-наас 2010-01-04-ний өдрүүдэд зүүн сумдаар 38-40 хэм, баруун, баруун хойд сумдаар 34-36 хэм байв. Ирэх 2-3 дугаар сард олон жилийн дундажтай ойролцоо байх дүнтэй байна. Төвийн бүсийн нутгаар олон жилийн дунжаас хүйтний эрч 1-1,5 илүү хүйтрэх мэдээтэй байна. Мөн энэ сарын 9-нөөс дахин хүйтрэх, шуурах мэдээ ирж байна. Өнгөрсөн онд болсон шуурганаар Жаргалант, Сэргэлэн сумдаас малдаа явсан хүн осгосон мэдээ ирж байсан.

ЗГ-ын 367-р тогтоолоор өөр аймагт отор хийж буй малчдыг эргэж тойрох, туслалцаа үзүүлэх ажлын бензиний зардалд 15 сая төгрөг тусгагдсан байгаа. Мөн өвс тэжээлийг нөөцлөх шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. 100тн тэжээлийн аймгийн төвийн нөөцийн түр цэгийн байршлыг тодорхой болгож Онцгой комиссд мэдэгдсэн тохиолдолд улсын зардлаар хүргэж боломжтой байгаа.  
Улаанбаатар, Дархан хот дахь нөөцийн цэгээс аймгуудад 1240тн өвс, 2940 тн тэжээл хүргэх бэлтгэл хангагдсан байгаа. Энэ тал дээр туслалцаа хүсвэл бэлэн байгаа гэж ойлгох хэрэгтэй.

H1N1 вирүсээр үүсгэгдсэн ханиадны тархалтаас сэргийлэх ажлын хувьд одоогийн байдлаар 11600 хүнд вакцин хийсэн. 60 мянган хүн-тун вакцин байгаа дээр ДЭМБ-аас 540 орчим мянган хүн-тун вакцин ирнэ. 800 орчим мянган хүнийг вакцинжуулна гэж төлөвлөж байна.

2010 оныг бизнесийн орчны шинэчлэлийн жил болгон зарласан байгаа. Засгийн газар анхаарч ажиллана. Аймаг энэ тал дээр хийх ажлын саналаа ирүүлэх хэрэгтэй байна. Ирэх онд эдийн засгийн хямрал гайгүй болох төлөв байна. Засгийн газраас ДНБ-ийг 1883 ам.долларт хүргэх, ХАА-н бүтээгдэхүүний өсөлтийг 3,8 хувьд хүргэх, газар тариаланд 400 мян.тн улаан буудай авах, хүн амаа төмсөөр 100 хувь, хүнсний ногоогоор 80 хувь хангах зорилт тавьсан. Атрын аяныг үргэлжлүүлэн дэмжиж байгаа хэмээн Шадар сайд М.Энхболд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Гишүүд үг хэлж, мэдээлэл өгсний дараа асуулт хариулт эхлэв. Төв аймгийн хувьд гишүүд нь гол асуултуудыг тавьж, орон нутгийн удирдлагуудаас тодруулсан мэдээллийнхээ хариуг авч байв.
Онлайн ярилцлагын үеэр бусад аймгуудаас ирж өвөлжиж буй малчдаас авах хураамжийн талаар Төв аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтийн талаар Су.Батболд гишүүн лавлаж хариулт авсан бол Д.Дондог гишүүн аймагт тавигдахаар төлөвлөгдсөн авто замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр үндсэн чиглэлд оруулсан болохыг хэлж, Н.Энхболд дэд дарга Германы талтай хамтран ажиллах гэрээний асуудал ямар шатандаа байгааг тодруулах зэргээр цаг үеийн асуудлуудаар санал бодлоо солилцлоо.
Аймгийн удирдлагуудын зүгээс дөрвөн тэрбумын хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа гишүүдэд илэрхийлээд, хэдийгээр бараг өдөр бүр гишүүдтэйгээ уулздаг ч онлайнаар ийнхүү уулзуулсан Тамгын газрын удирдлагад талархал илэрхийллээ.

Төв аймгаас сонгогдсон гишүүдийн хувьд орон нутгийнхаа асуудлыг гарын арван хуруу шигээ мэддэг, тэр чиглэлд нь хөрөнгө оруулалтыг тусгуулж чаддаг, аймгийнхаа хөгжилд онцгой анхааран ажилладаг болох нь хэлж буй үг, ярьж буй сэдэв бүрээс нь мэдрэгдэж байв.
Нийслэлд ойр байрлал нь тус аймгийнханд илүү давуу талыг олгодог байж болох ч Төв аймгийнхан хөгжлийн хэтийн төлвөө өөдрөгөөр харах боломжтойг өнөөдрийн онлайн ярилцлага харууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.