Оюунхорол.Д Одонтуяа.С Оюунгэрэл.Ц 2015.07.03 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ
УИХ-ын эмэгтэй гишүүд

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2015.07.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл мэдээллийн эхэнд хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрээр энэхүү хуулийн гол зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Хүүхэд харах үйлчилгээ гэж 2-6 насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэлнэ гээд хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны Монгол Улсын иргэн байна хэмээн заасныг танилцууллаа. Мөн тэрээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх, хүүхэд харах үйлчилгээний нэг байранд 15-аас илүүгүй хүүхэд байхаар заасныг дуулгалаа.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хийгдэж, Засгийн газрын журам гарах юм байна.

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар мэдээлэл өгөх үеэр УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Оюунхорол, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Л.Эрдэнэчимэг нар оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.