Ерөнхийлөгч эмэгтэй гишүүдэд талархал илэрхийлэв
УИХ-ын эмэгтэй гишүүд
2015.07.03

Ерөнхийлөгч эмэгтэй гишүүдэд талархал илэрхийлэв

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталсан билээ.

2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөгдөх энэ хууль цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс гэртээ үлддэг мянга мянган хүүхдийн асуудлыг шийдвэрлэнэ хэмээн хууль санаачлагч үзэж буй юм.

 Тэгвэл энэ хууль батлагдсантай холбогдуулан Ерөнхийлөгч УИХ-ын эмэгтэй гишүүдэд талархал илэрхийлжээ. Ерөнхийлөгч "УИХ-д ялангуяа эмэгтэй гишүүддээ талархая. Эмэгтэйчүүдийг газар бүр дэмжвэл нийт олонд ээлтэй юм" хэмээн жиргэсэн байна.

 Эмэгтэй гишүүд ч төрийн тэргүүнээс талархал хүртэх эрхтэй. Тэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлуулахын тулд багагүй хүчин чармайлт гаргасан. Уг хуулийн төслөөр МАН-ын бүлэг завсарлага авахад  ямар ч хуралдаанд суухгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, спикерээс ч зэм хүртсэн удаатай. Ерөнхийлөгчийн санаачилж, эмэгтэй гишүүдийн цээжээрээ хамгаалж, батлуулсан хууль хөрсөн дээр бодитоор буух нь хамгийн чухал асуудал билээ.