Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл
2015.07.03

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.07.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, зарим хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

 Байнгын хорооноос уг хуулийг 2016 оны 9 дүгээр 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь нэгдсэн хуралдаанаас дэмжигдэв. Ингээд хуулиудын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.6-64.2 хувийн саналаар хуулиудын төслийг эцэслэн баталлаа.

Дараа нь Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.6-86.0 хувийн саналаар дэмжигдэж, хуулийн төслүүд батлагдсан юм.

 Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулсан. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсний дараа хуулиудын төслийг бүхэлд нь батлах саналыг хуулийн төсөл тус бүрээр хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6-76.9 хувь нь дэмжив.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм. Тус байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

 Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад төслийн 3.1.4 дэх заалтын ““Хүүхэд харах явуулын үйлчилгээ” гэж” гэсний дараа “хот, суурин газраас бусад газарт” гэж нэмэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь, хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг 55.4 хувь нь дэмжсэн юм. Ингээд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэнээр хуулийг эцэслэн батлав. Энэ хууль батлагдсан нь цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байгаа энэ үед асуудлыг ямар нэг байдлаар шийдэх арга юм гэдгийг хуралдаан даргалагч хэлээд ажлын хэсгийнхэнд баяр хүргэлээ.

Дараа нь Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулах явцад тус байнгын хорооны дарга Ж.Батсуурь тогтоолын төслийн зарим заалтын талаар байнгын хорооны хуралдаанаар эргэж ярилцах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргасныг дэмжсэн юм.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нарын нэр бүхий 8 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт санал гараагүй тул байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 17, найруулгын чанартай нэг санал гаргасныг санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 Эцэст нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн юм. Харин хуулиудын төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2-71.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Уг хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд ихээхэн үнэ цэнтэй, ховор нандин хөшөө баримлыг эх орондоо авч ирж улсдаа хандивлаж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэд гишүүдийнхээ өмнөөс баяр хүргээд энэ бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болж буйг дуулгав.

Үүгээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 19 цагт өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.