Хүүхэд харах үйлчилгээ бол боловсролын байгууллага биш
УИХ-ын гишүүд / зургийг shuud.mn/
2015.07.03

Хүүхэд харах үйлчилгээ бол боловсролын байгууллага биш

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг өчигдөр батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. 

Хүүхэд харах үйлчилгээний ерөнхий стандартыг Засгийн газар батлах юм байна. Хүүхэд харагч нь сургалтад хамрагдаж, сертифекат авсан байх ёстой аж. Харин сургалтыг ХАХНХЯ-наас зохион байгуулна. Эцэг эхчүүд хүүхэд харагчтай гэрээ байгуулна. Харин гэрээг цуцалсан тохиолдолд тухайн үйлчилгээ ажиллах боломжгүй болно. Ариун цэвэр, аюулгүй байдлыг улсын байцаагч нар хянаж, зөрчил гаргавал торгож, цаашлаад зөвшөөрлийг цуцална гэдгийг эмэгтэй гишүүд хэлэв.

 УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:  Эмэгтэй гишүүд энэ хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж 2012 оноос хойш идэвхтэй ажилласан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тойрогтоо хүүхэд харах үйлчилгээ хэрхэн ажиллах  талаар туршилт явуулсан.  УИХ дээр хоёр ч удаа ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгүүдэд манай эмэгтэй гишүүд багтаж, хуулийн төсөл дээр ажилласан. Манай хуулийн төслийг хэлэлцэж байхад зарим нам завсарлага авч, байнгын хорооны хурал тасалдаж, чуулган дээр хүртэл анхны хэлэлцүүлэг нь тасалдаж байсан. 

Ийм олон бэрхшээл дундуур явсан ч Хүүхэд харах үйлчилгээний хууль маань бидний хүссэнээр амжилттай батлагдлаа. Батлагдсан баярт үйл явдлыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Монгол Улсын иргэн хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээ бол цэцэрлэгтээ өрсөлдөх хэмжээний боловсролын байгууллага биш.  Гэхдээ гэртээ түгжигдээд байгаа хүүхдүүдийг эзэнгүй орхихгүйн тулд харж, хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйлчилгээний байгууллага. Монгол Улсын нэг иргэн таваас илүү хүүхдийг харахгүй. Нэг хүүхэд харах үйлчилгээний байранд 15-аас илүүгүй хүүхэд байж болохгүй. 

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  Орон сууцанд байгаа иргэд хүүхэд харах үйлчилгээг явуулахдаа өөрийнхөө амьдарч байгаа хэсгээс тусгаарласан байх ёстой.  Бид хувийн болон төрийн өмчит цэцэрлэгүүдтэй энэ үйлчилгээг өрсөлдүүлэхгүй байх үүднээс зохицуулсан.  Гэр хорооллын иргэд гэхэд өөрийн амьдарч байгаа гэртээ энэ үйлчилгээг эрхэлж болохгүй.  Хашаандаа тусдаа гэр бариад хүүхэд харах үйлчилгээг явуулж болно.

 УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар нэг хүүхдэд ногдох хувьсах болон тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адилхан байлгахаар тогтсон. Төр цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг шийдэж чадахгүй байгаа учраас тодорхой ажлын байруудыг бий болгож, асуудлыг шийдэж байна. Гэр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах том боломжийг нээж өгч буй юм.

 УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:  Практик дээр хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бид Сонгинохайрхан дүүрэгт туршилт хийсэн. Хүүхэдтэй гурван ээж өөрийнхөө хүүхэд дээр нэмээд тус бүртээ дөрвөн хүүхэд аваад, гэр хороололд байгаа нэг айлын байшинг сарын 300 төгрөгөөр түрээсэлж, энэ үйлчилгээг эрхэлсэн. Ингэхэд нэг хүүхдэд сард 170 мянган төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Гурван ээж тус бүртээ 400 мянган төгрөгийн цалин авна. Улсаас өнөөдөр цэцэрлэгт өгч байгаа зардал 116 мянган төгрөг байгаа. Хэрвээ улсаас 116 мянган төгрөгийг тооцоод өгчих юм бол эцэг эхээс хамгийн багадаа 50-60 мянган төгрөгийн төлбөр гаргаад энэ үйлчилгээг явуулах бүрэн боломжтой.