Баянсэлэнгэ.З Ганбат.Д Тэмүүжин.Х 2015.07.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

"Энэ хууль батлагдсанаар 8000 хүний асуудал шийдэгдэнэ"

"Энэ хууль батлагдсанаар 8000 хүний асуудал шийдэгдэнэ"
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.07.07/ хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийг эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар Эрүүгийн хуулийн төсөл, зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын саналыг гаргасан бөгөөд хуулийн этгээдэд ял оногдуулахаар тусгаж буй нь зүйд нийцэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн ялыг хотын, хөдөөний иргэдэд ялгамжтай оноож, ядуу хүн ял авч, баян хүн ял завших нөхцөл бүрдэх нь хэмээн үзэж байна эгж хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийг хэлэлцэхийг хойшлуулах зургаан үндэслэлийг танилцуулаад хуульч гишүүд ижил байр суурьтай байгаа гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэлүүд нь хийсвэр дүгнэлт хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Эрүүгийн хуулийн төслийг УИХ хоёр жил хэлэлцсэн. Ажлаа хийдэггүй, хариуцлагагүй хүмүүсийн гайгаар 8000 хүн шоронд үлдэж болохгүй. Аж ахуйн нэгжийн ашиг сонирхлын төлөө хийсэн гэмт үйлдлээс болж зөвхөн нягтлан бодогч юмуу, гүйцэтгэх захирал ял үүрээд өнгөрөх ёсгүй хэмээсэн. Х.Тэмүүжин гишүүн, Монгол Улсад дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтууд нэвтрэх ёстой гээд энэ хуулийн төслийг боловсруулахад, хэлэлцүүлэгт бэлтгэхэд шүүгч, прокурор, цагдаа, татвар, гааль, мэргэжлийн хяналтын байцаагчид гээд 250 гаруй хүн оролцсоныг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, хүнийг заавал шоронд суулгадаг зүйлээс салмаар байна гэлээ. Тэрбээр, хүн буруугаа хүлээгээд, учруулсан хохирлоо төлөөд ялаа хөнгөлүүлж яагаад болдоггүй юм бэ. Яагаад нэг нь заавал ял эдэлж, нөгөө нь хохирлоо ч барагдуулж чадахгүй гомдолтой үлдэх ёстой юм бэ. Энэ бүхнийг ойлгоод хэлэлцээд явах нь зүйтэй гэж хэлсэн.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Би Эрүүгийн хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй байсан ч ажиллах хүний тоо гүйцсэн байсан. Миний хувьд Ажлын хэсгийг санаачилгагүй ажилласан гэж үзэж байгаа. Ажлын хэсэг дээр хэлсэн саналыг тусгаагүй юмуу, хүлээж аваагүй бол гишүүн тухай бүрт асуудлыг шийдүүлээд явах боломж байсан. Анхны хэлэлцүүлгийн үеэр хуульч гишүүдийн яриад байгаа олж хараагүй томьёоллуудыг гаднаас оруулж ирж, санал болгосон. Тэр зүйл, заалтуудыг хуульч гишүүд бариад гүйгээд байгаа юм. Би ч бас муухан хуульч. Тэгээд эцсийн шатанд хуулийг гацааж байгааг гайхаж байна. Энэ хууль төгс төгөлдөр болоогүй байж магадгүй. Засч сайжруулах зүйл бий. Хуулийн төсөлд тусгасан хуулийн этгээдийг торгох ял оногдуулах хэмжээг тодорхой хэмжээнд бууруулсан гэж бодож байгаа.

Энэ хууль 2002 оны хуулиас зарчмын хувьд маш том ялгаатай. Яллагдагчийн эрхзүйн байдлыг дордуулдаг зүйл байхгүй болсон. Энэ хууль батлагдсанаар 8000 хүний асуудал шийдэгдэнэ. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, санамсар болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн, нийгэмд учруулсан хор хохирлоо арилгасан залуучуудад боломж олгох хууль. Энэ хуулийг батлаад явуулах ёстой. Засч залруулах зүйл байвал явцын дунд засаад явах боломжтой. Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн үед хуульч нэрийн дор гацаах гэж байгааг гайхаж байна. Энэ бол цэвэр улс төр. Тиймээс санал хураалт явуулаад асуудлаа хэлэлцээд явах нь зүйтэй гэж хэллээ. Ингээд гишүүдийн гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хэлэлцүүлгийг хойшлуулах санал олонхын дэмжлэг авсангүй.

 

Хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Д.Ганбат, Хуралдаанд 11 гишүүн ирж, 52.6 хувийн ирцтэйгээр эхэлснийг дурдаад, хуулийн төслийг хойшлуулах горимын санал гаргасан О.Баасанхүү, Ж.Батзандан нар хуралдааныг орхин гарсан хэдий ч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.11-д “Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 4.10-т заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.“ хэмээн заасан байдаг учир хэлэлцүүлгээ үргэлжлүүлэн явуулах болно гэж хэлсэн юм.

Тэрбээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг уншиж танилцуулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, хуулийн төслийн Гэм буруугүйн зарчим гэсэн 1.4 дүгээр зүйл, Хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл гэсэн 8.1 дүгээр зүйл болон төслийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, өдөөн турхирсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол...” гэж өөрчлөн найруулсныг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төсөлд “Банк хууль бусаар байгуулах”, “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэсэн зүйл нэмэх санал мөн дэмжлэг авсан юм.

Төслийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял оногдуулна гэж өөрчлөн найруулсныг гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн хуулийн этгээдэд оногдуулах торгуулийн хэмжээ хуулийн төсөлд 4670 тооцооны нэгжээс 6 сая 666 мянган тооцооны нэгжээр торгохоор тусгасан байсныг 10 мянган нэгжээс 400 мянган нэгжээр торгохоор хэмжээг бууруулсан болохыг Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат гишүүдэд танилцуулахдаа дурдсан юм.

Гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүний дараа Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах, Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх, Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах, Хаягжуулалтын тухай хууль зөрчих гэсэн зүйл нэмэх саналууд олонхын дэмжлэх авсан юм. Ингээд хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж гишүүд үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.