Бакей.А 2015.07.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.07.07/ хуралдаан 12 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын нэр бүхий 9 гишүүний өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, мөн Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч байнгын хорооны дарга эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганд шилжүүлэх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдсанаар төрийн алба нь бие даасан хуультай болж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж боловсронгуй болгож ирсэн. Гэлээ ч өнөөгийн тогтолцоонд төрийн албан хаагчийн ажлын байр улс төрөөс хараат, төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг намын бодлого шийдвэрээр өөрчилдөг, байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо алдагдсан, хариуцлага тооцох механизм сул, хэрэгжилт хангалтгүй, нийгмийн баталгаа хангагдаагүй, намын харьяаллаар ажилд томилдгоос болж төрийн албаны хүний нөөцийн бодлого тогтворгүй, төрийн албан хаагчийн албан тушаал баталгаагүй, улс төрийн нөлөөлөлд автах, бие даасан хараат бус байдлаа хангаж чадахгүй байдал үргэлжилсээр ирсэн.

Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан яам, агентлаг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл алдагдаж ирсэн, “бүтцийн өөрчлөлт болон баг бүрдүүлэх” гэсэн нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг, халдаг бодит байдал бий болсон.

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлс, нөхөн төлбөр, буцалтгүй тусламж, нийгмийн баталгаатай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль болон холбогдох салбарын хуулиудад харилцан адилгүй байдлаар хуульчлан тогтоосон байна. Мөн Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг дагаж мөрдөж буй Төрийн албаны тухай хуулиар бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Иймээс эдгээр шаардлагыг төрийн албаны эрх зүйн орчинг өнөөгийн нийгмийн хөгжил, эрэлт хэрэгцээтэй уялдуулан Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор гарч байна гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулгадаа дурдав.

Иймээс хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, цомхон төрийн албыг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Энэ үндсэн дээр төрийн алба улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, хариуцлага, төрийн алба хаах болзол, төрийн албанд ажиллах иргэдийг сонгон шалгаруулах, сонгон тогтоох, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албан хаагчдын ажил, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх систем, тогтолцоог боловсронгуй болгож, иргэд, хамт олны оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр шинэ зохицуулалтыг тусгасан гэдгээ танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Д.Лүндээжанцан, Н.Батцэрэг, Н.Энхболд, С.Баярцогт, С.Дэмбэрэл, А.Бакей нар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нараас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, С.Баярцогт, Н.Батцэрэг, Су.Батболд, Н.Энхболд нар саналаа хэлэв.

Асуулт асууж, санал хэлсэн гишүүд хуулийн төслийн хэлэлцүүлгийг дэмжиж байгаа, гэхдээ байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж гишүүдээс өмнө нь өргөн барьсан төслүүдтэй хамтатган нухацтай хэлэлцэх нь зүйтэй, төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, үйлчилгээний албаны холбогдолтой асуудлыг энэ хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжийг анхаарах, Төрийн албаны зөвлөлийг бүрдүүлэх механизм, түүний чадавхи, төрийн албан хаагчдын сургалтын чиглэлээр оновчтой, шинэлэг зохицуулалт тусгах шаардлагатай зэргийг онцолж байв.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авч чадаагүй зарчмын зөрүүтэй зарим саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар босгож төсөлд тусгах үүднээс дахин санал хураалгах горимын санал гаргасан нь дэмжигдсэн юм. Ингээд санал хураалт явуулахад төслийн 4.2 болон 6.4 дэх хэсэг, төслийн 7 дугаар зүйлийг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.