Даваадорж.Г 2015.07.07 | Сайт: Vip76.mn

Грекийн хувь заяа Монголд

Грекийн хувь заяа Монголд

“Грекийн гашуун түүх Монголд давтагдах боломжтой юу?”. Ийм асуулт сүүлийн хэдэн өдрийн гадаад мэдээ унших явцад өөрийн эрхгүй төрөв. Европын холбоо, тэр дундаа евро хэмээх валютын орших эсэхийг шийдэх гээд байгаа тэр Грекийн хямрал гэдэг зүйл яаж бий болсныг сонирхоод үзэх нь бидэнд илүүдэхгүй.

Энгийн үгээр хэлбэл Грекийн хямрал нь үе үеийн Засгийн газрууд маргаашаа бодолгүй их хэмжээний өр тавьж ирснээс үүдэлтэй. Грекчүүд үйлдвэрлэхээс залхуурч үйлчилгээний салбар, ялангуяа аялал жуулчлалаас бүх мөнгөө олно гэж бодсон. Ийм хэврэг эдийн засаг 2007 онд Дэлхийн санхүүгийн хямрал болоход гуйл нь цухуйсан. Дээрээс нь төсөв нь байнга алдагдалтай гарах болж, төсвийн цоорхойгоо нөхөхийн  тулд шинэ шинэ өр тавихаас өөр аргагүй болов. Зээлжих зэрэглэл нь буурч бага хүүтэй зээл авах боломжгүй болжээ. Өрийн хэмжээ нь томорсоор томорсоор 2015 онд ОУВС, Европын холбоо, Европын төв банканд тавьсан өр нь ДНБ-ийнх нь 177 хувьтай тэнцжээ.

Тэгвэл яг өнөөдөр Монголд бий болоод буй өрийн асуудал Грекийн замналаар яваад байна уу гэлтэй.

2000-аад оны дунд үед уул уурхайн ачаар Монгол улс ядуу орны тооноос хасагдав. Эрх баригчид мөнгийг баруун солгойгүй цацаж эхэллээ. 2004 оноос хүүхдийн мөнгө олгох болов. Мөн шинээр хуримласан хосуудад 500 мянгыг өгөх амлалт гэрлэлтийн тоог дөрөв дахин ихэсгэв.  Мөнгөний гэрлэлт ч цөөнгүй байлаа.  Уул уурхайгаас олсон мөнгөө хуримтлуулж, дэд бүтцэд  хөрөнгө оруулахын оронд Зөвшилцлийн  Засгийн газар байгуулсан хоёр том нам сонгуулийн амлалтаа биелүүлж байна гээд хүн болгонд эхлээд 70 мянга, дараа нь 120 мянган төгрөг тараалаа. Дараа нь сар болгон 21 мянгыг тараав. Дараа нь сая саяар нь түгээж эхэллээ. “Олон толгойтой” төслөөс нийтдээ 350 сая, дээр нь Эрдэнэт үйлдвэрээс 100 сая долларыг иргэддээ зүгээр л бэлэглэчихэв.

Эдүгээ Монгол улс өдөр болгон нэг цэцэрлэг барих мөнгөөр зээлийнхээ хүүг төлж байгаа. 

Гэвч уул уурхайд авлига дийлдэхээ байснаар хайгуул, олборлолтын лицензийг хязгаарлаж, дээрээс нь урт нэртэй хууль болон бусад гадаад хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулиуд батлагдав. Үүний дараа хөрөнгө оруулагчид мөнгөө хармаалаад гараад явчихав.

2012 онд гарч ирсэн шинэ Засгийн газарт өр тавихаас өөр сонголт үлдсэнгүй. Шинэчлэлийн засгийн газар “Чингис”, “Самурай” нэртэй бонд гаргав. Дээр нь Хөгжлийн банкны 580 сая долларын бондтой нийлээд гадаад өрийн хэмжээ төсвийн тал хувиас хэтэрч эдүгээ бараг 60 хувьд хүрчээ. Засгийн газар 2012 оноос хойш нийтдээ 2,5 тэрбум орчим долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон. Босгосон гэхээсээ илүү өр тавьсан гэж хэлэхэд болно.

Эдүгээ Монгол улс өдөр болгон нэг цэцэрлэг барих мөнгөөр зээлийнхээ хүүг төлж байгаа. Харин жилд 240,4 тэрбум төгрөг (121 сая ам.доллар) буюу 480 цэцэрлэг, эсвэл 120 эмнэлэг барих мөнгийг “Чингис”, “Самурай”, Хөгжлийн банкны бондын хүүний төлбөрт өгч байна.  Энэ нь хагас жилд 120 тэрбум, сард 20 тэрбум, өдөрт 640 сая төгрөг болно. Дээр нь Монгол банкны овилгогүй бодлогын хар гайгаар долларын ханш өсч багагүй алдагдал хүлээж байгаа.  Тодруулбал 1,5 тэрбум долларын бондыг олон улсын зах зээлд арилжих үед ам.доллар 1380 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл Монголбанкны өнөөдрийн ханш 1972 төгрөг байна. Ингэснээр “Чингис” бондын хүүгийн төлбөрийг таван удаа хийхэд нийтдээ 179,6 сая ам.доллар төлж ханшийн зөрүүнээс болж 106 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв. Хэрэв “Самурай” бонд, Хөгжлийн банкны бондын хүүг тооцвол үүнээс илүү тоо гарна.

Засгийн газар олон улсад хямд өртөгтэй, урт хугацаатай мөнгө босгох сонирхолтой байгааг Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэлж байсан. Тийм ч учраас өнгөрсөн тавдугаар сарын эцэст нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргахаар шийдвэрлэсэн. Гэвч ам долларын ханш өсөөд байвал яах вэ? Дээр нь гай болж олон улсын рейтингийн байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Хэрэв ахиад зээл авъя гэвэл богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авах болно.

Ойрын найман жилийн хугацаанд өрөө төлөхийн тулд 3.4 тэрбум ам.доллар бидэнд хэрэгтэй. Тэгвэл тэр их мөнгийг хаанаас олох вэ? 

Одоогоор Монгол улс 40 орчим тэрбум долларын өртэй байгаа. Төсвийн тогтвортой байдлын хуулиар өрийн таазыг 53,8 хувьд барихаар хуульчилсан. Гэвч 2014 оны аравдугаар сард Төсвийн хүрээний мэдэгдэлдээ Монгол Улсын, тэр дундаа зөвхөн Засгийн газрын өрийг 53,8 хувьд барихаар тогтжээ. Үүнд төр, хувийн хэвшлийнхний өрийг оруулаагүй юм. Тэгэхээр нөгөө яриад байдаг таазаасаа хэтэрсэн нь тодорхой.

Грек шиг ДНБ-ийхээ 177 хувьтай өртэй болтол хол байна гэж санаа амарч болохгүй. Манайх шиг эмзэг, жижигхэн эдийн засагтай улсад их хэмжээний өртэй байна гэдэг галаар наадсанаас өөрцгүй.

Өнөөдөр дотоодын дорвитой үйлдвэрлэл гэх юмгүй Монгол улсад мөнгөний дутагдал энгийн иргэний халааснаас эхлээд улсын төсөв хүртэл хурц мэдрэгдэж байна. Манай улс хоёр жилийн дараа (2017.03.21) Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг хүүний төлбөрийн хамт барагдуулах ёстой. Үүний дараа 2017 оны  12 дугаар сард “Чингис” бондын 500 сая ам.доллар, 2018 онд “Дим сам” бондын төлбөрийг төлнө. Харин 2022, 2023 онуудад нэг тэрбум ам.доллар болон “Самурай” бондын өр дарах юм. Эдгээр бондын хүүний төлбөр нийт 863 сая ам.доллар болно. Харин хүү болон үндсэн төлбөрийг нийлүүлэн тооцвол ойрын найман жилийн хугацаанд 3.4 тэрбум ам.доллар бидэнд хэрэгтэй. Тэгвэл тэр их мөнгийг хаанаас олох вэ?

Гарц ердөө ганцхан. Дахин зээл авна. Гэвч зээл авахад улам хүнд нөхцөлтэй болно. Азийн хөгжлийн банк, ОУВС, Европын сэргээн босголтын банк, Дэлхийн банк зэрэг нь буяны байгууллага биш. Тэд  ОХУ Зөвлөлтийн Их өрийг тэглэсэн шиг сайхан хандана гэж байхгүй. Хэрэв ОУВС Грекэд зээл өгөхөөс татгалзсан шиг эдгээр байгууллага нэг л өдөр Монголыг найдваргүй хэмээн үзэж зээл өгөхөөс татгалзвал бид дууслаа гэсэн үг. Өгсөн ч гэсэн цэвэр мөнгө хүүлэгчийн зарчмаар ажиллах болно. 

Грекийн гашуун түүхийг давтахгүйн тулд өнөөдрөөс эхэлж бид өрөөр биш өөрөөрөө амьдарч сурах ёстой. 

Өрийн асуудлаас болж элгээрээ хэвтэж байсан жишээ дэлхийн эдийн засгийн түүхэнд багагүй.

Грекийн гашуун түүхийг давтахгүйн тулд өнөөдрөөс эхэлж бид өрөөр биш өөрөөрөө амьдарч сурах ёстой. Ядаж зээлсэн мөнгөө эргээд мөнгө авчрах зүйлд хөрөнгө оруулмаар. Дээрээс нь өөрсдөө дотооддоо хийж чадах зүйлээ гаднаас худалдаж авдгаа больж, гаднаас оруулж ирэх гэвэл өндөр татвар тавимаар. Үүний тулд үйлдвэрлэгчдээ татвараар дарамталж, хий хоосон лоозогнохын оронд дэмжсэн шиг дэмжмээр. Бүсээ чангална чангална л гэх юм. Үнэндээ энгийн иргэд, дотоодын үйлдвэрлэгчдийн бүс чангарч байгаа болохоос хаалттай клубын зарчмаар төрийн бодлого явуулдаг эрх баригчдын бүс суларсан юм алга.