НӨАТ-ын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг Төсвийн байнгын хороогоор дэмжигдэв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо
2015.07.09

НӨАТ-ын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг Төсвийн байнгын хороогоор дэмжигдэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.07.08/ хуралдаанаар 1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг; 2.Галт зэвсгийн албан татварын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; 3.Төрийн аудитын байгууллагын 2016 оны төсвийн төсөл санал өгөх тухай байлаа.

 Хэлэлцэж буй эхний асуудлаар санал хэлэх, асуулт асуух болон үг хэлэх гишүүн гараагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо. Уг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал танилцуулахаар тогтов.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөхөөр тогтсон юм.

 

Дараа нь Галт зэвсгийн албан татварын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хийв. Тэрээр танилцуулахдаа, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д өргөн баригдаад одоо Хууль зүйн байнгын хороонд хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэ хуулийн гол зорилго нь иргэдийн гар дээр байгаа галт зэвсэг болон сум хэрэгсэлд хяналт тавих юм. Мөн өмнө нь Бууны албан татвар гэдэг байсан бол одоо Галт зэвсгийн албан татвар гэж өөрчилснөөр галт зэвсэг доторх ангиллыг шинэчилэн тогтоосон байгаа гэв.

Галт зэвсгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Мөн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үүний дараа Төрийн аудитын байгууллагын 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж, Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор А.Зангад танилцуулаг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Төрийн аудитын байгууллагын 2016 оны төсвийн төсөл 92.9 хувиар дэмжигдлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.