Чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталлаа
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулган
2015.07.09

Чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.07.09.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 5 минутад 51.6 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдөр, маргаашийн хоёр өдрийн хуралдаанаар нийтдээ 20 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

 Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хуралдаан даргалагч зарим хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн найруулгыг танилцуулсны дараа Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав.

Тус байнгын хороо өчигдөр хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Ингээд гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8-90.6 хувийн дэмжлэгээр хуулийн төслүүд эцэслэн батлагдав. Эдгээр хууль батлагдсан нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх чухал арга хэмжээ болж байгаа, дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гадагш гаргахад татварын дэмжлэг үзүүлэх, гадаад бараа хямд үнэтэй байсан ч тендерт шалгарах боломжгүй болж байгаа зэрэг нааштай өөрчлөлт хийгдэж буйг хуралдаан даргалагч онцлоод ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлсэн юм.

Дараа нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж өргөн мэдүүлэгдсэн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийлээ. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.

 

Халх голд хорио цээр, технологийн дэглэм бүхий чөлөөт бүс байгуулах, энэ ажлыг 2015 онд багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд тус тус даалгахаар уг тогтоолын төсөлд тусгажээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь нь дэмжив.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэнНэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Д.Батцогт нарын асуултад байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, ажлын хэсгийн гишүүн, Сангийн дэд сайд С.Пүрэв нар хариулт өгсөн юм.

 

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7-78.2 хувийн дэмжлэгээр хуулийн төслүүд эцэслэн батлагдав.

Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд олон жил яригдсан энэ хууль батлагдсанаар нэмэгдсэн өртгийн албан татварын босго 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгож, татварын 2 хувийн буцаан олголт олгохоор болж байгаа. Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх тул Засгийн газар энэ хугацаанд хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг сайтар хангахад анхаарах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Дараа нь Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг сонсож, хуулиудын төслийг эцэслэн баталлаагэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.