20 жилийн ажлаа УИХ-д тайлагнана
УИХ-ын дэд дарга, Цагаатгалын комиссын дарга Н.Энхболд
2012.01.18

20 жилийн ажлаа УИХ-д тайлагнана

Байгуулагдсанаас хойших 20 гаруй жилийн хугацаанд цагаатгах талаар хийсэн ажлаа нэгтгэн дүгнэж, Комисст хандаж хэлмэгдэгсэд болон тэдгээрийн төрөл төрөгсдөөс гаргаж буй санал хүсэлтийг багцлан энэ оны эхний улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэж өчигдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдаанаас үзэв. Хуралдаанаар өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэхийн сацуу 2012 онд хийх ажлын чиглэлээ тодорхойллоо. 2011 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын хуралдаан 10 удаа болж “Улс төрийн хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн иргэдийн хэргийг шалгах ажлын явцын тухай”, “ЗХУ-д 1930-1940-өөд онд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн зарим монгол иргэдийн мөрдөн байцаалтын хэрэгтэй танилцаж, хуулбарлан авчирсан тухай, “2009-2011 онуудад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах талаар хийж гүйцэтгэсэн ажил, цагаатгалын хуульд заасан хоёр төрлийн хугацааг сунгах эсэх тухай” зэрэг мэдээллийг авч хэлэлцэв.

Иргэдийг улс төрийн хилс хэргээс цагаатгаж, нэр төрийг сэргээх ажил өнгөрсөн онд үргэлжлүүлэн хийгдэж улмаар 1509 хүнд холбогдох хэргийг эцэслэн шалгаж дуусгасан байна. Тагнуулын Ерөнхий газрын Цагаатгалын тасгийн мөрдөн байцаагчид улс төрийн хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, хэрэг нь шалгагдаагүй, шинээр илэрсэн 6600 гаруй хүний хэргээс 4131 хүний хэргийг сүүлийн 3 жилийн хугацаанд шалгажээ. Одоо 2000 гаруй хэрэг шалгагдаагүй үлдсэн бөгөөд тэдгээрийг 2012 онд шалгаж дуусгах чиглэлтэй ажиллаж байна.

 2011 онд Улсын Дээд шүүх, анхан шатны шүүхүүд, Улсын Ерөнхий Прокурорын газар нийт 689 хүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээн, 71 иргэнд цагаатгалын үнэмлэх, гэрчилгээ олгожээ. Мөн оны 12-р сарын 30-ны байдлаар хилс хэрэгт хэлмэгдэж, хуулийн байгууллагуудаар цагаатгагдсан /1939 оны 4-р сараас хойш өнөөг хүртэлх хугацаанд/ 31,1 мянган иргэний нэр төр сэргээгдэж цагаатгагдлаа.

 Тагнуулын Ерөнхий газрын Архив-бүртгэлийн газар цагаатгагдсан иргэдийн архивын лавлагаа, тодорхойлолт, цагаат¬гасан шийдвэрийн хуулбарын хамт 871, Үндэсний төв архив хэлмэгдэгсдэд холбогдох хүн амын тухайн он, жилүүдийн тооллогын бүртгэлээс ам бүлийн лавлагаа 3202-ыг тус тус гаргаж, хүсэлт тавьсан иргэдэд үйлчилсэн байна. Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төв 2011 онд хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх ажлын хүрээнд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон” ном, “Ж.Лхүмбийн хэрэг”, “Сэхээтний төөрөгдөл”, “Орост хэлмэгдсэн монгол иргэд”, “Москвад цаазлагдсан монголын удирдагчид” зэрэг бүтээлүүдийг боловсруулан бэлтгэж, заримыг нь хэвлүүлж, олны хүртээл болгов. Мөн цагаатгалын хуулийн дагуу хэлмэгдээд цагаатгагдсан иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдөд хуулийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг үндэслэн нөхөх олговор олгох ажил үргэлжлэн хийгдлээ.

 Хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгож эхэлсэн 1998 оноос хойш өнөөг хүртэл материал нь бүрдэл болж, шүүхээр нөхөх олговрын шийдвэр гаргуулж чадахгүй байгаа, одоо хөөцөлдөж буй 1153 иргэн байгаа аж. Өнгөрөгч онд цагаатгалын салбар комиссууд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын хүчин туслалцаатайгаар 855 иргэнд 5,42 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгуулжээ. Мөн 316 хүнд 6,1 сая төгрөгийн хүнс, эд бараа, материалын туслалцааг үзүүлжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд, нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгчдийн гэр бүлд орон сууц худалдан авах болон одоо амьдарч байгаа орон байрныхаа нөхцөлийг сайжруулахад нь зориулж, өнгөрсөн онд 360,0 сая төгрөгийн хөрөнгийг улсын төсөвт тусгаж зарцуулжээ. 2012 онд Тагнуулын Ерөнхий газарт шалгагдаж байгаа шинээр илэрсэн улс төрийн хэргүүдийг бүрэн шалгаж дуусгах зорилт тавьсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.