Н.Энхболд Аливаа үр дүнд хүрэх оновчтой арга бол зөв үзэл санаа,итгэл үнэмшил юм
УИХ-ын дэд дарга Н.Энхболд
2012.02.02

Н.Энхболд Аливаа үр дүнд хүрэх оновчтой арга бол зөв үзэл санаа,итгэл үнэмшил юм

МАН-ын бага хурал дээр УИХ-ын дэд дарга Н.Энхболдын хэлсэн үг

Эрхэм журмын нөхдөө,

Нийгмийн байдал ороо бусгаа, сонгууль ойртсон, бараг хүн бүр өнөө маргаашийн амьдралдаа илүү анхаарал тавьж ярьж байгаа энэ үед бид намынхаа удирдах дээд байгууллагын хурлаар Монгол улс, монгол хүний сайн сайхан, түүнд хүрэх арга замынхаа талаар ярилцаж бодлого чиглэлээ тодорхойлох гэж байна. Ер нь аливаа тодорхой үр дүнд хүрэх хамгийн оновчтой арга бол түүнийхээ дэвсгэрийг зөв тавьсан үзэл санаа, итгэл үнэмшил, өнгөрсөн ирээдүйг зөв тавьсан логик учир шалтгаан, үр дагаврыг оновчтой тогтоосон бодлого юм. Ингэхгүйгээр хөгжил дэвшил амар ирэхгүйг бидний ялангуяа суулийн 20 жилд туулсан зам, туршлага харуулж байна. Бид амьдралаа сонгуулиас сонгууль хоорондох цөөн жилүүдээр төлөөлж алсын хараатай тогтвортой бодлогогүй явж ирсэн маань, сонгож явсан ардчилсан, чөлөөт нийгмийнхээ үр өгөөжийг бүрэн ашиглаж чадаагүй ирсний харгай юм. Цаашид ингэж амьдарч болохгүй нь, чадах ч үгүй нь. Одоо яах вэ? Энэ асуулгад хариулах гэж манай намаас гүн гүнзгий дүгнэлт хийж түндээ суурилан цаашдаа яаж амьдрах вэ гэдэгт хариу өгөх Ард түмний хөгжлийн 20 жилийн хөтөлбөрийг боловсруулан хэлэлцэж байна.

 Монгол улс хөгжлийн шинэ шатанд гарч өмнө нь асар их боломж нээгдэж байгааг бид биш хөндлөнгөөс хэлээд байна. ОУВС дэлхийн эдийн засгийн төлөв байдалд шинжилгээ хийгээд энэ жил дэлхийн эдийн засаг бүхэлдээ сайн даа л 3,3 хувиар, хөгжингүй орнууд дөнгөж 1,2% өснө гэсэн дүгнэлт гаргасан нь өрдөө 4 хөн сарын өмнөхөөс нь огцом буурсан үзүүлэлт юм. Гэтэл Монгол улсыг 2012 онд эдийн засаг нь 20% доошгүй хувиар өснө, ер нь ойрын хугацаанд хамгийн хурдацтай хөгжиж дунд хугацаанд хүн ам нь дэлхийн дунджаас дээгүүр орлого амьралтай, хөгжилтэй орнуудын эгнээнд багтана гэж үзэж байна. Энэ хөтөлбөрийг боловсруулах явцад манай эрдэмтэд судлаачид ч ийм дүгнэлтэд хүрснийг дараа үг хэлж хүмүүс илүү тодорхой ярих биз. Харин бид ийм ололтод бэлэн байна уу? Манай улс төр, нийгэм, эдийн засаг яг одоогийнхоороо ийм онолтийг “өлгийдөн авч” цааш нь хөл дээр нь баттай зогсоох чадавхи байна уу? Харамсалтай нь энд тун базаахгүй хариулт гарч байгаа юм. Ийм учраас бид өөрсдийнхөө, улс орноо үүнд яаж бэлдэж өөрчлөх нь биднээс л шалтгаалах ажил болоод байна.

“Баялгийн хараал” хүрсэн гэх орнуудын туршлагаас үзэхэд, туршлага ч гэж дээ байгаа байдлаас нь харахад заяагдсан их баялагаа зөв ашиглах ухаан, эв нэгдэл үнэхээр дутагтсан байдаг. Энэ бол хэдийгээр олон хүчин зүйлээс шалтгаалдаг ч хамгийн гол нь дотооддоо сайн засаглал, нийгмийн зөвшилцөл дутагтсан, амьд амьтнаар бол өөрийгөө хамгаалах (инстинкт) зөн нь алдагдсан байдагтай холбоотой байдаг юм байна. Ийм инстинкт нь алдагдсан улс орон, ард түмнийг гадныхан зүгээр л хувааж идчихээд инээгээд дараагийн бас ийм дархлаагүй болон улс руу явдаг. Хийх ажлуудыг бид хөтөлбөрийн төсөлдөө үе шаттай нь, хэрэгжүүлэх аргатай нь нэлээн дэлгэрэнгүй тусгасан учир нь тэр бүрийг тоочилгүйгээр тэдгээрийн үндэслэл, баримталсан зарчмуудыг би товч танилцуулья.

 Ийм байдалд хүрэхгүйн тулд бид бүх нийтээрэ хүлээн зөвшөөрсөн төр засагтай, амин чухал орших эс орших асуудал дээр нэгдмэл ойлголт, байр суурьтай байх хэрэгтэй байна. Үүнийг бий болгох арга нь Монголын төрийн ил тод, тунгалаг, хүнд сурталгүй, авилга хээл хахуулиас ангид байлгах явдал юм. Үүний тулд бид Монгол ухаан хөгжил дэвшил, тусгаар тогтнолын баталгаа гэж одоо болтол олон нийт итгэн харж байгаа намаа ил тод тунгалаг, хүнд сурталгүй, хээл хахуулиас ангид байлгах хэрэгтэй байна. Үүний тулд бид Үндсэн хууль, бусад хуулийн хуулийн үзэл санааг зөвхөн хэлбэрийн хувьд бус, агуулгаар нь тууштай даган мөрдөж парламентат ёсыг илүү төгөлдөр болгох,  төрийн институцуудын хоорондын ажлын уяалдаа, эвцлийг илүү сайн болгох, төрийн албыг ёс зүйтэй байлгах хэрэгтэй байна. Бүх шатанд бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог боломжтой дээд хэмжээнд хангах бүтэц, тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Олон янзын үзэл бодол, байр суурьтай бүлэг, хэсгүүдийн ашиг сонирхолыг нэг цэг дээр төвлөрүүлж улс төрийн тогтвортой  байдлыг хангахад олон нийтийн үүрэг, оролцоо улам бүр чухал болж буйг харгалзан иргэний нийгмийн байгууллагуудыг төлөвшүүлэх тэдэнд илүү их хариуцлага итгэл хүлээлгэх талаар дэвшил гаргах шаардлага бас байна. Гэхдээ ийм байгууллагууд гадны туршлага, тусламжид дулдуйдахаасаа илүү өөрийн орны арга онцлого, уламжлалд тулгуурлавал нийгмийн зөвшөлцөлийг ханган хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд илүү тустай нь харагдаж байна.

“Уолл Стритийг эзлэх” уриатай хөдөлгөөн.

 Дэлхийн эдийн засгийн шил шилээ даран донсолгож байгаа санхүү, эдийн засгийн хямралуудаас үүдэн олон хүн, олон улс орон сонгодог гэгдэх зах зээл бол эдийн засгийн хөгжил, орлого баялагын шудрага хувиарлалтын цорын ганц зөв зам, тогтолцоо эргэлзэх болж байна. Учир нь хөгжингүй орнуудад ч хүртэл баян ядуугийн ялгаа зааг улам бүр нэмэгдэж хөгжилгүй зах зээлийн эдийн засагтай орнуудын тогтвортой хөгжлийн замаа зөвтгөдөг гол суурь болдог нийгмийн дундаж давхаргынхан тогтолцооны зөв бурууд эргэлздэг болоод эхэллээ. Үүний хамгийн тод жишээ нь Америкд  эхэлж дэлхий нийт хамрагдсан. “Уолл Стритийг эзлэх” уриатай хөдөлгөөн. Энэ бүхний нэг л юм болохгүй байгааг хэлээд байна. Энэ нь 200 гаруй жилийн түүхтэй зах зээлийн сонгодог загвар нэг талаар мухардалд орж гарц эрэлхийлсэн түүнийг дагасан засаглалын хэлбэрт засвар хийхийг анхааруулж буй дохио юм. Бэлэн ийм хандлага, сургамжуудыг бид тооцоолох  ёстой болоод байна.

Тэд төрийн зохицуулалттай зах зээлийн зам буюу төр зах зээлийн хөшүүргүүдээс өөрийн орны онцлогтой аль илүү тохирсоныг нь оновчтой хэрэглэж эдийн засгийн амжилтанд хүрсэн орнуудын арга замд анхаарал хандуулах боллоо. Саяхан Давост болж өнгөрсөн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ч ийм уур амьсгал яриа хөөрөтэй болж өнгөрлөө. Дэлхийн эдийн засгийн глобал хүрээнд итгэн татагдан орсон Монгол улсын хувьд ч энэ бол зайлшгүй анхаарах шаардлагатай, дахин нийцнэ гэж үзвэл биднийг ч дагах хандлага юм. Эдийн засаг, засаглалын мөн чанар хоёрыг салгаж үзэхийн аргагүй учир бид үүнийг харгалзан үзэж байгаа юм.

Журмын нөхдөө,

Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг засаглалтай холбоотой хэсгийг боловсруулахдаа ажлн хэсгийн үндэс болгосон байр, суурь, үндэслэл, засаглал болон Эдийн засаг, Хүрээлэн буй орчин, нийгмийн салбарын хөгжлийн хөтөлбөрийг харилуан уяалдаа холбооны талаар товч танилцуулахад ийм байна. Схем болгож бүдүүвчилж дүрсэлбэл

1.  Үндэсний язгуур эрх ашигт суурилсан

2.  Нийгмийн зөвшөлцөх эв нэгдэх

3.  Сайн засаглалын зарчимд

4.  Ёс зүйтэй, ил тод, шударга, төрийн алба

5.  Төрийн зохицуулалттай эдийн засаг, боловсролтой, эрүүл, аюулгүй, хангалуун амьдралтай иргэн

 

Санаа бодлоо уралдуулж хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг та бүхнээсээ хүсье.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.