Ахмад настнуудын дундаж тэтгэвэр 195 мянган төгрөг болно
2012.03.13

Ахмад настнуудын дундаж тэтгэвэр 195 мянган төгрөг болно

Өнөөдөр УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Балдан-Очир болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар өнгөрсөн УИХ-ын ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ээлжит бус чуулганы хугацаанд бие даасан гурван хууль, нэмэлт өөрчлөлт оруулсан арван хууль, зүйл заалт хүчингүйд тооцох тухай гурван хууль гээд нийт арван зургаан хууль батлан гаргасан бол УИХ-ын тогтоол гурвыг гаргажээ.УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Нийт тэтгэврийн насны иргэдийн 75 хувь буюу 160 гаруй мянган ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах тухай Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, шүүхийн шинэчлэлийн багц хуулийг баталж, шүүхийн болон шүүгч, хуульчдын хараат бус, ил тод ажиллах нөхцлийг хангах эрх зүйн орчныг бүрдүүллээ.

Үүгээр зогсохгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, баталснаар уг хууль УИХ-ын сонгуулийн өмнөөс буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ хэмээн мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчид Орон нутгийн хурлын сонгуулийн талаар асуусан юм.

Орон нутгийн хурлын сонгуулийн талаар хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ. Хоёр сонгуулийг хамт явуулах эсэхтэй гол биш. Харин орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоог шинэчлэх нь чухал байгаа юм. Тиймээс УИХ-ын сонгуулийн хамт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн санал гарсан байгаа хэмээн УИХ-ны дэд дарга Н.Энхболд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Харин тэтгэвэр тэтгэмжийн хувьд хоёрдугаар сарын 1-нээс 35 мянган төгрөгөөр нэмэгдэх бол ирэх тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 195 мянган болно хэмээн тооцоолсон байна. Үүнд шаардлагатай 67 орчим тэрбум төгрөгийг Монгол Улсын 2012 оны төсөвт тусгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицах хэлтсээс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.