Төр зах зээлийн зарчмаар худалдаж авдаггүй
Монголын Экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2015.08.03

Төр зах зээлийн зарчмаар худалдаж авдаггүй

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, техникийн ухааны доктор, профессор Д.Галсандоржтой саяхан батлагдсан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль болон дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замуудын талаар ярилцав

- Наадмын өмнөхөн УИХ-аас үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Үйлдвэрлэийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  дотоодод үйлдвэрлэх боломжтой импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг 20 хувь хүртэл нэмж болно гэсэн шийдвэр гарсан байна. Энэ арга хэмжээ дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар эерэг нөлөө үзүүлнэ гэж та бодож байна вэ?

Аж үйлдвэрийн яам байгуулагдан ажиллаад 6 гаруй сар боллоо. Төрөөс аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого гарчихлаа. Энэ хууль аж үйлдвэрийн шинэ сайдтай болсноор гэнэтхэн гараад ирсэн юм биш. Өмнөх энэ төрлийн яамдууд ҮХААЯ болон УУЯам дээр бодлогын баримт бичгүүдийн зарчмын төслүүдийг боловсруулсан, импортын барааны гаалийн тарифыг ялгавартай болгож үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэсэн санал сүүлийн 3-5 жилд эрчимтэй яригдаж дуншсаны эцэст сая шинэ хууль болж гарлаа. Ерөнхийлөгч,УИХ-ын зүгээс ч сайн дэмжсэн. Аль аль тал нь идэвхтэй ажилласан.

Дотооддоо үйлдвэрлэж байнаа болон үйлдвэрлэх, боловсруулах боломжтой бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 6-20 хувь болгоё гэсэн шийдвэр нь цагаа олсон үр дүнтэй алхам гэж үзэж байна..

Гэхдээ баталсан бодлогын баримт бичгээ  нь яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байсан юм. Ирэх оноос хэрэгжүүлэхээр төлжөвлөж байгааг бодоход тодорхой бэлтгэл ажил хийх байх. ГЕГ, ТЕГ ч зарим журмуудыг батлах байх.

Манай улс импортын бараанд 5-хан хувийн татвар ногдуулж байгаа нь бараг татваргүйтэй адил. Хөрш ОХУ импортын зарим бараандаа 15-30 хувийн татвар ноогдуулдаг.

Саяхан баталсан шинэчилсэн тогтоолоор 5-20% гэсэн хязгаарт гаалийн татварыг нэмж болно гэж заасан. Уг нь ийм төрлийн бараа тэдэн хувь гээд тодорхой заагаад өгчихсөн бол дээр байсан юм. Энэ асуудлыг хурдан хугацаанд тодорхой болгож өгөхгүй бол ГЕГ, ТЕГ импортын хяналт тавих, тооцоогоо хийхэд хүндрэлтэй болов уу.

Зөвхөн импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмсэн нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хийсэн зөв алхам боловч үндэсний үйлдвэрлэл богино хугацаанд тэр дороо сэргээд ирэхгүй. Яагаад гэвэл үйлдвэрлэгчид маань эргэлтийн хөрөнгөгүй, санхүүжилтгүй, захиалгагүй, ихэнх нь зогссон болон хагас хүчин чадалтай ажиллаж байна.

Үндсэндээ хоёр саналыг онцлон  хэлмээр байна. Нэгдүгээрт хууль, тогтоолыг аль болох хурдан хэрэгжүүлэх. Хоёрдугаарт импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг тэд эд гээд тодорхой заагаад өгчих хэрэгтэй.

- Түүнээс гадна шаардлага хангасан тохиолдолд төрийн байгууллагууд дотоодынхоо бизнесменүүдээс бараа, үйлчилгээг нь заавал худалдан авах ёстой, ижил төстэй импортын бараа тендерт оролцохыг хориглоно заалтыг холбогдох хуулинд оруулсан байна? Энэ талаар та саналаа хэлнэ үү

Өнөөдөр төр их хэмжээний худалдан авалт хийхгүй, хөрөнгө санхүү хомс байгаа.

Оёдлын салбарыг аваад үзье. Энэ тал дээр бидэнд сурагчдын дүрэмт хувцастай холбоотой гашуун туршлага бий. Дотоодод энэ салбарт амжилттай ажиллаж буй ААН, өрхийн үйлдвэрлэгчид байсаар байтал сурагчдын формыг Солонгост хийлгүүлсэн нь хачирхалтай. Мөн цэргийн дүрэмт хувцсыг Туркэд хийлгүүлсэн. Энэ нь тухайн асуудлыг хариуцсан төрийн байгууллагын удирдлагуудын хариуцлагагүй ажиллагаанаас гадна том захиалгаас бизнесийн ашиг олох гэсэн сонирхолтой холбоотой. Материалын хувьд гаднаас авахаас өөр аргагүй. Хийхийн хувьд манай үйлдвэрлэгчид чанар, стандартад нь нийцсэн хувцас хийж чадна гэж бодож байна. Ийм байхад төр дотоодоосоо хувцсаа худалдаж авах ёстой.

Харамсалтай нь өнөөдөр “төрийн худалдан авалт” гэдэг үг моодонд орсон ч бодитоор хэрэгжиж буй зүйл бага. Цементээр жишээ авъя. Бондын мөнгөөр цемент үйлдвэрлэх хүчин чадал ихээхэн нэмэгдсэн. Хөтөлийн цементийг зарим жижиг компаниуд авах гээд авч чадахгүй байна. Яагаад гэвэл цөөхөн тооны замын том компаниудтай гэрээ байгуулчихсан бололтой. Уг нь бүх компанид нээлттэй борлуулж байх ёстой. Ямар үнээр зараад байгаа нь мэдэгддэггүй. Төр нэгэнт хөрөнгө зараад үйлдвэрийг нь өргөтгөсөн юм чинь зах зээлд борлогдохгүй цемент байвал худалдаж авах л хэрэгтэй.

Төрийн худалдан авалт гэсэн нэрийн дор аль нэг нам, эсвэл албан тушаалтны компанийг дэмжсэн бизнес явагддаг.

Түүнчлэн мах байна. Улс үр ашигтай худалдан авалт хийдэггүй. Нөөцийн мах гэж гаргадаг ч худалдан авч байгаа, хадгалж байгаа, борлуулж байгаа үйл явц нь уялдаа холбоотой байж махны үнийг буулгаж чадахгүй байна. Жижиглэнгийн үнэ нь өндөр хэвээр байна. Төрийн худалдан авалт гэсэн нэрийн дор аль нэг нам, эсвэл албан тушаалтны компанийг дэмжсэн бизнес явагддаг. Худалдан авах ажиллагааны газар хангалтгүй ажиллаж байгаа, мэргэжлийн боловсон хүчин байхгүй байна. Монголд төрийн худалдан авалт зах зээлийнхээ зарчмаар явагдахгүй. Төийн худалдан авалт харьцангуй шинэ зүйл. Үүнийг бодитоор хэрэгжүүлэх цаг болсон.

- Ер нь аж үйлдвэрийн чиглэлээр эрх зүйн орчин бүрэн бүрэлдэж чадсан уу?

Энэ чиглэлийн хууль, бодлогын баримт бичгүүд хангалттай гарсан. Харин одоо үйлдвэрлэгчдээ хөл дээр нь босгох бодит алхмуудыг хиймээр байна. Ялангуяа чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх, боловсон хүчнийг даютан сургах, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд туслалцаа үзүүлэх  шаардлагатай байна. Ахиад хууль гаргах хэрэггүй гэж бодож байна. Аж үйлдвэрийн яам эрчимтэй ажиллаж, энэ тал дээр нэлээд ажлууд хийж байна. Ялангуяа хүнд аж үйлддвэрийг хөгжүүлэх чиглэлээр дорвитой ажил хийгдэж байна.

Авлига, хээл хахууль байгаа цагт тендер гэдэг зүйл шударга явагдахгүй.
- Манайд тендер шалгаруулна гэж нэг бохир ажил байдаг. Төр дотоодын үйлдвэрлэгчдээс бараа, үйлчилгээ авахад манайхан нөгөө л зангаараа арын хаалга хэрэглэхгүй гэх баталгаа бий юу?

Авлига, хээл хахууль байгаа цагт тендер гэдэг зүйл шударга явагдахгүй. Хоёрдугаарт Шадар сайдын дэргэд Худалдан авах ажиллагааны газар байгуулсан нь буруу шийдвэр болсон. Тэнд мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Ихэнх худалдан авалт арын хаалгатай. Цаашдаа  яам бүр өөрийн чиглэлийн тендерийг хариуцан ажиллавал илүү үр дүнтэй, улсын хөрөнгийг өгөөжтэй зарцуулах чухал алхам болно гэж үзэж байна.