Том төслүүдийг оновчтой шийдэх арга хэлбэрүүд
Т.Намжим
2015.08.04

Том төслүүдийг оновчтой шийдэх арга хэлбэрүүд

Манайд бүтээн байгуулалтын зарим томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар

Монгол Улсын Их Хурал удаа дараа тогтоол гаргасан, Засгийн газар гадаадын компаниудтай хэлэлцээр хийсэн, олон түмэн нийтээрээ ярьсаар олон жилийн хугацаа өнгөрүүлж байгаа боловч өнөө хүртэл улс орны хөгжилд болон ард иргэдийн амьжиргаанд тус нэмэр болохуйц зохистой шийдэлд хүрч чадаагүйн улмаас бодитой үр дүн гараагүй байна.  

Тийм учраас урьд нь Монгол Улсын Төрийн Сайд, Засгийн газрын гишүүн бөгөөд Улсын Төлөвлөгөө, Эдийн засгийн Хорооны Тэргүүн дэд дарга, Үйлдвэрлэх хүчний хөгжлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Захиралаар ажиллаж, манай улсын Үйлдвэрлэх хүчин, эдийн засгийн хөгжлийн ерөнхий схем, урт хугацааны хөтөлбөр, дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх үйл хэргийг удирдан гүйцэлдүүлж байсан Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Академич Т.Намжим гуайг “Экспертийн үг” буландаа зочноор урьж, эдүгээ олон түмний анхаарлын төвд, хамгийн халуун сэдэв болоод байгаа бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх асуудлаар ярилцлаа. 

        -  Манай улсын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зарчмын ач холбогдолтой энэ асуудлаар Таны санал, зөвлөмжийг нийтэд хүргэмээр байна. Манайд том төсөл гээд одоогоор Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр төслийг л яриад байх юм. Өөр ямар төслүүдийг томоохон төсөлд хамааруулж болох вэ ? 

         Таны дурьдсан хоёр төслөөс гадна бодит эдийн засгийн хэд хэдэн төслийг томоохон төсөлд хамааруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

         Монгол улсын эдийн засгийн болон нийгмийн хүрээний нийтлэг хэрэгцээг хангах болон эдийн засгийн үр өгөөжийн шалгуураар авч үзвэл, юуны түрүүнд УИХ-ын болон Засгийн газрын тогтоол шийдвэртэй Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хамаарна.

         Миний 1980-аад оны сүүлчээс судлан боловсруулж байсан хар болон өнгөт металлургийн хоёр төсөл байдаг юм. Тухайлбал :

         Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь хар төмрийн хүдрийн ордыг түшиглэн үрлэн төмрийн үйлдвэр байгуулах, түүний үндсэн дээр Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх шаардлага аль хэдийнээс тавигдсан болно.  

         Мөн Зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс, алт, мөнгө, молебдин зэрэг үнэт болон өнгөт металлыг ялгаруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх асуудлыг ч түргэвчлэх нь зүйтэй юм.

          Энэ хоёр төслийг буюу хар төмөрлөгийн болон зэс хайлах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх асуудлаар бидний үеийн Засгийн газар 1980-аад оны сүүлчээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж зохистой шийдэлд хүрэх төлөвтэй болж байсан юм. Гагцхүү энэ үйл хэрэг 1990 оноос хойш тасалдаж, өнөө хүртэл шийдэгдээгүй байна.

         Монгол, Японы Засгийн газрын хооронд Эдийн засгийн түншлэлийн буюу чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсан өнөөгийн нөхцөлд Тавантолгойн коксжих нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан, Зүүн хойт Азийн далайн боомтын шинэ гарцын магистрал төмөр зам барих томоохон төслийг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа болно.   

          Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэсэн томоохон цахилгаан станцуудйг барьж байгуулах шаардлага ч байгаа.                           

        - Дээр дурьдсан хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх явдлыг яагаад чухалчлаад байгаа юм бэ, ямар зарчмын ач холбогдолтой болох вэ ?

         Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх явдал нь манай улсын эдийн засгийн хөгжлийн түвшинг дорвитой ахиулах үндсэн арга зам юм.

         Тэхдээ томоохон төслүүдийг чухамдаа эдийн засгийн өндөр үр өгөөжтэй байх арга хэлбэрээр хэрэгжүүлэх явдлыг чухалчлах учиртай юм. 

         Манай улсын эдийн засгийн цар хэмжээ бага байгаа өнөөгийн нөхцөлд, цөөн тооны томоохон төслийг хэрэгжүүлсэнээр, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ),  улсын төсвийн орлого хэмээх эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн түвшин мэдэгдэхүйц хувь хэмжээгээр өсгөн нэмэгдүүлэх болно.

Бүтээн байгуулалтыг төслүүдийг хэрэгжүүлэх зарчмын суурь дэвсгэрийг бүрэлдэхгүй байна. 

         Тухайлбал, 1980-аад оны эхэн үед Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг мэдэгдэм хувь хэмжээгээр өсгөж нэмэгдүүлсэн юм.  

         Тийм болохоор сүүлийн 25 жилийн хугацаанд улс орны хөгжилд дорвитойхон ахиц гаргах нэг ч томоохон төслийг хэрэгжүүлж чадаагүй байгаа явдалд би хувьдаа харамсаж байдаг. 

        - Манай төр засгийн эрх барих байгууллагаас томоохон төслүүдийг хэрэгжүүлж чадахгүй байгаа үндсэн шалтгаан, учир холбогдол нь юунд байгаа юм бэ, яавал тийм төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрэлдэх вэ ?

Ямар зүй зохистой арга хэлбэр, оновчтой шийдэл байвал зохилтой гэж үзэж байна вэ ? 

        Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж чадахгүй удааширсан зохисгүй явдал нь мэдээж олон янзын учир шалтгаантай байгаа.              

        Хамгийн гол нь шинжлэх ухааны онол, арга зүйн мэдлэгтэй, бодит сэтгэлгээ ухааралтай бөгөөд нам эвсэлийн болон хувийн ашиг сонирхолоос ангид буюу гагцхүү үндэсний эрх ашгийг дээдлэн эрхэмлэдэг шудрага хүмүүсээс төр засгийн дээд байгууллага бүрэлддэг болсон үед л, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх оновчтой арга хэлбэр, зохистой шийдлийг тогтоох нөхцөл бүрэлдэх болов уу.  

        Өнөөгийн нөхцөлд томоохон төслүүдийн хэрэгжилт удаашралтай байгаа шалтгааныг, мөн цаашдын арга замыг нийт төсөлд хамааралтай нийтлэг болон төсөл тус бүрт тохирсон онцлог хүчин зүйлсээр ангилан авч үзэх нь зүйтэй юм. 

        Томоохон төслүүдийг хэрэгжүүлж чадахгүй байгаа үндсэн шалтгааныг дараахи байдлаар тодорхойлж болно : 

         Нэгд, манай улсад сүүлийн хориод жилд улс орны эдийн засгийн хөгжлийн бодлого зорилтын урт хугацааны хөтөлбөр, дунд хугацааны төлөвлөлтийн хуульчилсан тогтолцоогүй урсгалаараа явж ирсэн явдал. Өөрөөр хэлбэл, улс орны бодит эдийн засгийг хөгжүүлэх гол хүчин зүйл болох бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зарчмын суурь дэвсгэрийг бүрэлдүүлэхгүй байгаа явдал  юм.          

         Хоёрт, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох хөрөнгө оруулалтын санхүүжилтийн боломж мөхөс байгаа явдал юм. Тийм төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах олон зуун сая, хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалтын зардлыг манай улсын төсвийн орлогоор болон дотоодын арилжааны банкны өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээр санхүүжүүлэх боломжгүй байгаа, гадаадын банкнаас зээл авах болон батлагаа гаргах хууль зүйн орчин бүрэлдээгүй байгаа явдал юм.   

         Гуравт, томоохон төслүүдийн шийдэл, хэрэгжилтэд сөрөгөөр нөлөөлсөн нэг үндсэн шалтгаан бол сүүлийн хориод жилд байн байн солигддог Засгийн газрын Ерөнхий сайд, гишүүд нь УИХ, Засгийн газрын урьд нь гаргасан хүчин төгөлдөр тогтоол шийдвэр, хууль журмыг үл хайхардаг, өмнөх үедээ явагдаж ирсэн үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлдэггүй буюу төр засгийн бодлого, үйл хэргийн залгамж чанарын зарчим алдагдсан явдал юм. 

         Дөрөвт, зарим стратегийн томоохон төслийг Монгол Улсын Засгийн газар, стратегийн түншийн харилцаатай гадаад улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр байгуулсан хөтөлбөр, хэлэлцээр байхад Монголын холбогдох яамд нь үл тоомсорлож, тухайн төслийг хэрэгжүүлэхээс татгалздаг зарчимгүй явдал юм. 

         Тавд, томоохон төслүүдийг олон улсын хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлэх хууль зүйн орчин дутмаг, эдийн засгийн арга механизм оновчтой бус байгаа явдал юм. 

         Зургаад, УИХ болон Засгийн газрыг бүрдүүлж ирсэн болон сөрөг хүчний хооронд, мөн намуудын сөргөлдөөн, төр засгийн эрхэнд гарсан дээд тушаалтан хүмүүс улс орныхоо нийтлэг эрх ашгийг үл томоосорлон, хувийн ашиг сонирхолын үүднээс ханддаг явдал юм. 

         Долоод, манайд “мэрэгжил”, “мэрэгшил” хэмээх аливаа салбар, байгууллагын ажилтан хүмүүсийн хийж бүтээх мэдлэг чадварын шалгуурыг үл хайхардаг болсоноос томоохон төслийн эдийн засаг, техник технологийн цогц асуудлыг шинжлэх ухааны арга зүйн үндэслэлтэй, тооцоо судлагаатай бөгөөд  төсөл тус бүрт тохирсон оновчтой арга хэлбэрээр шийдэх боломж мөхөс байгаа   явдал юм. 

         Наймд, өнгөрсөн хориод жилийн хугацаанд байн байн огцорч солигддог Засгийн газар, яамд, газруудад шинээр томилогдсон удирдлагын хүмүүс нь, намчирхсан талцлын шалтгаанаар, урьд нь ажиллаж байсан хүмүүсийг олноор нь халж солидог явдал бүр зуршил болсон учраас Засгийн газар, яамд, газруудад зохих мэрэгжлийн өндөр мэдлэгтэй, мэрэгшсэн туршлагатай, шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйн дагуу судлагаа тооцоо хийх чадвартай бөгөөд өөрийн нутаг орны нөхцөл боломжийг, мөн олон улсын эдийн засгийн харилцааны хандлагыг төсөөлдөг ойлголттой ажилтнуудаар хамт олон нь бүрэлдэж төлөвших боломжгүй болсон, өөрөөр хэлбэл, боловсон хүчний бодлого алдагдсан зэрэг туйлын зохисгүй явдал юм. 

        Есд. 1990-ээд оны эхэн үеэс манай албаны хүмүүсийн дунд хийрхэл туйлшрал, хийсвэр ойлголт, хуурмаг мэдэмхийрэл, хуумгай амлалт гэж томъёологдохоор зан төрхийн зохисгүй байдал хавтгайрсан, улмаар жирийн бодь ухаарал, логик сэтгэлэгээ гээгдсэн таагүй үзэгдэл үргэлжилсээр ирсэн учраас улс орны хөгжлийн бодлого зорилтыг бодитойгоор тодорхойлох, ялангуяа томоохон төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг оновчтой арга хэлбэрээр зохистой шийдэлд хүргэх үйл хэрэгт саад тотгор болсоор олон жилийг өнгөрүүлж байна.     

         Дээр дурьдсан сөрөг нөхцөл байдлын нэгэн баримт бол хар төмөрлөгийн, зэс хайлах, кокс химийн, газрын тос болосруулах, барилгын материалын зэрэг араваад томоохон үйлдвэрийг ганцхан Сайншандад аж үйлдвэрийн паркийн хэлбэрээр байгуулна, тэгсэнээр 260 мянган ажлын байрыг бий болгож, 1 сая орчим хүн амтай хот болгоно, Хэрлэн голын үерлэсэн усыг хоолойгоор урсгаж усаар хангана гэх мэтээр зарим сайд, дарга нар мэдэгдэж, хэвлэл мэдээлэлийнхэн ч сонин, телевизээр олонтой мэдээлж сурталчилж байдаг явдал юм.  Сайншандад тийм олон томоохон хэмжээний үйлдвэрүүдийг байгуулах үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцийн боломж байхгүй гэдэг нь мэдээжийн хэрэг юм.

         Дээрх 9 зүйлээр томъёолж хэлсэн таагүй нөхцөл байдал нь өнгөрсөн 25 жилийн турш бодит эдийн засгийн өндөр үр өгөөжтэй үндсэн үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд саад тотгор болсон хэрэг л дээ.

         - Тэгэхээр цаашид томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд таны ярьсан ноцтой саад болж ирсэн сөрөг байдлыг хэрхэн засж залруулах вэ, тийм ямар боломж байна вэ ?              

         Та тун амаргүй бөгөөд чухал асуулт тавилаа. Миний дээр дурьдсан 9 зүйлийн сөрөг нөлөөтэй асуудлыг засж залруулах үйл хэрэг бол зөвхөн хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төдийгүй, угаасаа Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсэн нөхцөл, зарчмын асуудал мөн гэдгийг онцлон тэмдэглэе.   

         Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд, ер нь эдийн засгийг хөгжүүлэхэд саад болж буй дээр дурьдсан сөрөг нөлөөтэй гажуудлыг засан залруулахын тулд дараахи хэдэн зарчмын асуудлыг шийдэх шаардлагатай байгаа юм. 

         Нэгд, юуны өмнө манай улсын эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, арга механизмын оновчтой тогтолцоог бүрдүүлэх. 

         Хоёрт, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зохистой бодлого, арга хэлбэр, хууль зүйн орчинг тогтоох.

         Гуравт, сонгуулийн хугацаагаар болон цаг үеийн байдлаас болж УИХ, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн солигдож өөрчлөгдсөн ч гэсэн, улс орны хөгжлийн бодлого шийдэл, хууль тогтоомжийг, мөн өмнөх үеийн Засгийн газар, яамдын явуулж байсан зөв зүйтэй үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг залгамж чанарын зарчмыг чандлан баримтлаж байх.

Ер нь Тавантолгойн ордын хувьцааг Монголын нийт иргэдэд эзэмшүүлнэ гэдэг бол төдийлэн бодит үр дүнтэй ажил болох нь эргэлзээтэй байгаа юм. 

         Дөрөвт, өндөр мэдлэгтэй мэрэгжилтнүүдийг, мэрэгшсэн туршлагатай ажилтнуудыг чиглэсэн бодлого зорилгоор сургаж бэлтгэх, төр засгийн дээд байгууллага, яамд, агентлагуудад мэрэгжлийн бөгөөд мэрэгшсэн хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулах зарчмыг хэвшүүлэх.    

         Тавт, бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг улсын төсвийн орлогоор болон дотоодын арилжааны банкны зээлээр санхүүжүүлэх боломж мөхөс байгаа учраас, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй нь, тухайлбал, анхны хөрөнгө оруулалтын зардлыг үйлдвэрлэлийн орлогоор эргүүлэн нөхөх магадлал өндөр болох нь ТЭЗҮ-ээр нотлогдсон төсөл тус бүрийн онцлогийг харгалзан, гадаадын банк, санхүүгийн байгууллагын урт хугацаатай, хямд хүүтэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх оновчтой хувилбарыг сонгон тогтоож байх.    

         Чухамдаа тийм бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн банкны зээлд Засгийн газраас зээлийн батлагаа гаргадаг болох, түүний хууль зүйн орчныг бүрдүүлэх.   

         Зургаад, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой, мөн гадаадын хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх арга хэлбэрийг анхнаасаа зөв горимоор тогтоох. 

         Долоод, монголын тал өөрийн өмч эзэмшлийн хувьд ногдох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг өөрөө бие даан бүрдүүлэх, өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагч талд найдаж орхидог өнөөгийн зохисгүй байдлыг засж залруулах гэх мэтийн арга хэмжээг хэрэгжүүлсэнээр, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн түвшинг дорвитой ахиулах томоохон төслүүдийг бодит үйл хэрэг болгох боломжийг бүрдүүлэх болно. 

         - Манайд стратегийн ихээхэн ач холбогдолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлж чадахгүй байгаа учир шалтгаан, цаашид засж залруулах зарчмын асуудлаар тодорхой ярилцлаа. Та бидний ярилцлагын эхэнд нэрлэж дурьдсан хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зохистой шийдлийн хувьд, ямар тодорхой онцлог асуудлууд байгаа тухайд, төсөл тус бүр дээр санал бодлоо ярина уу ? 

          Дээр дурьдсан хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шийдлийн хувьд, төсөл тус бүрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зориулалт, борлуулалт, зах зээл, техник технологийн онцлог, шаардагдах дэд бүцийн нөхцөл, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломж зэрэг онцлог байдлыг харгалзан, гадаадын хамтрагч талуудыг сонгох, тэдгээртэй төсөл тус бүрт тохирсон зохистой арга хэлбэрээр хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах учиртай юм.

         -  Та эхлээд ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН талаар саналаа хэлнэ үү. Тухайлбал,

одоо хэрэгжиж байгаа Оюутолгой төслийн тухайд ямар санал бодолтой байдаг вэ ?

         Би вээр Оюутолгой төслийн талаар 2005 оноос сонирхон судлаж эхлэсэн юм. Оюутолгой төслийг хэрэгжүүлэх Цогц төлөвлөгөө, ТЭЗҮ зэрэг материалуудтай танилцсан. Оюутолгойд 2006-2011 онд хэдэн удаа очиж судлагаа хийсэн.

         Судлагааныхаа үр дүнгээр 2007-2009 онд “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонин, мөн зарим сэтгүүлд дэлгэрэнгүй нийтлэл хэвлүүлсэн юм.

         Мөн Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр хийгдэж байсан 2007 онд,  мөн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан 2009 онд болон дараа нь уг Төслийн талаар хийсэн судлагааны ажлынхаа үр дүнг эмхтгэн  3 удаа ном болгож англи, монгол хэлээр хэвлүүлсэн юм. Тухайлбал : 

  -  “Оюу толгой төслийг цэгнэн үзвэл”, (монгол, англи хэл дээр), 94 х., 2007.

       -  “ Оюу толгой төсөл зохистой шийдэлд хүрэх нь”, 48 х, 2009.

       -  “Оюу толгой төсөл цэгнэл шийдэл” ном 216 х., монгол, англи хэлээр, 2010 он.          

        Оюутолгой бол зэсийн хувьд Эрдэнэтийн үйлдвэрээс 4 дахин их үйлдвэрлэл явуулах нөөцтэй, мөн алт, мөнгөний агууламж ихтэй том орд юм. Тийм учраас энэ ордыг ашиглаж үйлдвэрлэл явуулсанаар, Монгол улсын эдийн засагт ихээхэн үр өгөөжтэй байх нь ойлгомжтой хэрэг юм.

        Би вээр Оюутолгойн ордыг ашиглах Цогц төлөвлөгөө, ТЭЗҮ-ийг нь судласны үндсэн дээр, уг ордод олборлох хүдэр, боловсруулах баяжмалын хэмжээ болон зэсийн зах зээлийн үнэ зэрэг нөхцлийг үндэслэл болгон, үйлдвэрлэл-эдийн засгийн тооцоог, хэд хэдэн хувилбараар хийж үзэхэд, тус ордыг ашигласанаар бүтээх нэмүү өртөг, улсын төсөвт оруулах татварын орлого мэтийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн түвшин нилээдүй өндөр гарч байсан.    

        Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ бол тухайн үеийн Ашигт малтмалын хуулийн дагуу 30 жилийн хугацаатай, Монголын Засгийн газрын өмч эзэмшил 34 хувь байхаар, мөн Монголын тухайн үеийн хууль тогтоомжийг мөрдлөг болгож холбогдох татвар хураамжийг улсын төсөвт оруулж байх үндсэн нөхцлөөр хийгдсэн болохоор, тэр үедээ уг гэрээний үндсэн нөхцлийн талаар шүүмжлэлтэй хандаад байх онцын зүйл байгаагүй юм.

        Гэхдээ Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь ил уурхай, баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах явцд нилээдүй ихээр нэмэгдсэн тал байгаа юм билээ. Ер нь томоохон үйлдвэр объектын явц дунд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгддэг явдал олонтой байдаг нь тодорхой юм.

        Тэхдээ Оюу толгой төслийн талаар дараахи хэдэн зүйлийн асуудлын талаар, арай өөр шийдлээр хандах шаардлагатай байсан болов уу. Тухайлбал :

         Нэгд,  манай тал өөрийн эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг өөрсдөө бие дааж гадаадын банкнаас зээл авах замаар бүрдүүлэх нь зүйтэй байсан. Гэтэл гадаадын компанид даатгаж орхисон. Тэр нь тун зохисгүй үйлдэл болсон. Яагаад гэвэл, эхлээд Монголын талын гаргах 34 хувийн хөрөнгө оруулалтад Америкийн банкнаас 9 хувийн өндөр хүүтэй зээл авах тухай яриа болсон. Тэгэхээр манай Засгийн газар нилээдүй нэхэл дагал болсны эцэст 6 хувь болгож бууруулахад хүрсэн. 

        Хоёрт, Оюутолгой ордыг ашиглах, уул уурхайн үйлдвэрлэлийн цогцолборыг барьж байгуулах үүрэг хүлээж байгаа “Оюутолгой” ХХК–ийг Монголын Засгийн газрын болон гадаадын хамтрагч талуудын оролцоотой хамтарсан компанийн зарчмаар байгуулаагүй учраас тус Компанийн төв аппаратынх нь удирдлагын үндсэн бүрэлдэхүүнд Монголын Засгийн газрын төлөөлөлийн хүмүүсийг оролцуулах боломж мөхөс болсон явдал нь Оюутолгойн үйлдвэрлэлийн цогцолборын үйл ажиллагаанд Монголын тал шууд оролцож байх боломжийг алдсан болов уу.

         Уг нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Улаанбаатар төмөр замын газар мэтийн Монголын Засгийн газрын болон гадаадын хамтарсан аж ахуйн нэгжийн компанийн удирдлагын бүрэлдэхүүнд хоёр талын төлөөлөлийн орон тооны хүмүүсийг оролцуулан байгуулдаг нийтлэг журамтай байдаг.

         Тийм учраас “Оюутолгой” ХХК-ийн удирдлагын багийн бүрэлдэхүүнд Монголын талын эрх ашгийг хамгаалах төлөөлөлийг бий болгох асуудлыг  шийдвэрлэх нь зүйтэй юм.   

        Монголын тал өөрийн 34 хувийн төлөө хяналт тавих үүднээс тусдаа Оюутолгой хэмээх Монголын компани байгуулж төсвийн мөнгө хөрөнгө зарцуулж байгаа хэдий ч, уг Төслийг хэрэгжүүлэх үйл хэрэгт шууд оролцох боломжоор мөхөс байгаа болов уу. Тэгэхээр тийм компанийг байлгаж улсын төсөвөөс илүү зардал гаргаж байх шаардлага байгаа, эсэх асуудлыг шийдэх нь зүйтэй болов уу.                         

           Дөрөвт, Оюутолгойн уул уурхайн үйлдвэрлэлийн цогцолборыг цахилгаанаар   хангахын тулд Тавантолгойд юмуу, Оюутолгойд цахилгаан станц байгуулах зайлшгүй шаардлагатай байв. Тийм цахилгаан станцын ТЭЗҮ-ийг Японы корпорациар бүр 2006 онд хийлгэсэн байлаа.

         Гэтэл 2007-2012 онд ажиллаж байсан Засгийн газар, тэр үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны удирдлагын талаас Оюутолгойн уул уурхайн цогцолборыг цахилгаан эрчим хүчээр хангах цахилгаан станцыг байгуулах явдлыг эсрэгүүцэн туйлын хариуцлагагүй хандлага гаргаж, зөвшөөрөл олгоогүй учраас, Хятадаас Оюутолгой руу цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн шугам тавихад хүргэсэн, одоо Оюутолгойн уулын баяжуулах үйлдвэрт Хятадаас цахилгаан импортлож их хэмжээний валютын зардал гаргаж байна.                   

        Тавд, Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубайд байгуулсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”  хэмээх   гэрээний 22 заалтын 5 заалт нь Монгол улсын эрх ашигт харш болсон гэж УИХ дахь зарим нам эвслийн бүлэг мэдэгдэл гаргаад байгаа, ер нь Тийм гэрээг хамааралгүй гуравдахь улсад очиж байгуулсан явдал нь тийм ч таатай биш үйлдэл болсон байж болох юм.       

         -  Та ТАВАНТОЛГОЙ ТӨСЛИЙГ хэрэгжүүлэх талаар гадаадын холбогдох компаниудтай хийсэн хэлэлцээрийг УИХ-д оруулсан боловч одоо эргүүлэн татаж аваад байна. Тавантолгой ордыг ашиглах төслийн асуудал олон жил яригдаж байгаа, энэ төслийг хэрэгжүүлэх тухайд таны зөвлөмжийг олон түмэндээ хүргэмээр байна.                                           

        Тиймээ, Тавантолгойн коксжих нүүрсний ордыг ашиглах асуудал яригдаад 30-аад жил болж байна. Тавантолгойн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг 1985-86 оны үед хуучны ЗХУ-ын Ленинградын Уул уурхайн зураг төслийн институтээр хийлгэж авсан, тэгээд бид тус Институтын Ерөнхий инженертэй уулзаж, уг ордыг цаашид хэрхэн ашиглах асуудлаар ярилцаж байснаа одоо санаж байна.

          Би вээр Монгол улсын Төрийн сайд, Засгийн газрын гишүүн бөгөөд Улсын Төлөвлөгөө, Эдийн засгийн Хорооны Тэргүүн Дэд даргаар ажиллаж байсан үед буюу 1988 онд Япон улсад ажлын айлчлал хийж, Монгол, Япон хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьж хөгжүүлэх боломжийн талаар өргөн хүрээнд уулзалт, хэлэлцээ хийсэн юм. Тэр үед Японы талтай Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар явагдсан яриа хэлцэл 1990 оноос хойш тасалдсан.  

         Харин сүүлийн араваад жилд Тавантолгойн ордыг ашиглах талаар олон улсын хэмжээнд сонгон шалгаруулалт зарласан хэдий ч олигтой үр дүнд хүрэхгүй байсаар өнөөг хүрээд байна.  

        -  Яагаад олигтой үр дүнд хүрэхгүй байгаа юм бэ ?

         Эхлээд зарчмын дүгнэлтийн чанартай зүйл хэлэхэд, сүүлийн хориод жилд манай төр засгийн албаны хүмүүс томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шийдлийн зохистой арга хэлбэрийг олж чадахгүй байсан, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зохистой хувилбарын боломжийг ашиглах, бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлийн давуу тал зэрэг хүчин зүйлсийг харгалзан, хамтрагч талуудыг буюу төсөлд оролцогчдыг сонгож, тэдэнтэй хэлцэл гэрээ хийх үйл хэргийг явуулж чадаагүй ихээхэн цаг хугацаа алдсан юм.   

         Тавантолгой ордын хувьд гэвэл, уг ордыг анхнаасаа нэгдмэл байдлаар ашиглахаар бодож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг тогтоох ёстой байтал, хэдэн хэсэг болгож хуваасан, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь авч үзээгүй зэрэг зохисгүй хандлага гаргасан байдаг.      

         Энэ 2015 онд Тавантолгойн ордыг ашиглах талаар манай улсын Засгийн газар, Хятад улсын төрийн өмчит “Чайна Шенхуа” компани, Люксембургийн “Энержи Ресурс Корпораци, Японы Сумитомо компанийн бүрэлдэхүүнтэй консорциумтай хэлэлцээр хийж, бэлтгэгдсэн хэдэн гэрээний төслийг УИХ-ын Ажлын хэсэг судлаж үзээд, тэдгээр гэрээний төслүүдэд Монгол улсын олон тооны хууль тогтоомжийг зөрчсөн тухай дүгнэлт гаргасан, Засгийн газар ч  эргүүлэн татаж авсан байгаа.

         Миний бие тэдгээр гэрээний үндсэн агууулгын талаар нилээд дэлгэрэнгүй бодит ойлголттой байгаа, дараахи зарчмын асуудлууд анхаарал татаж байна.

         Тавантолгойн ордын хувьцааны 51 хувийг Люксембургийн хамааралтай Энержи ресурс компани, 49 хувийг Хятадын Чайна Шенхуа компани тус тус эзэмшихээр тусгагдсан байна. Тийнхүү гадаадын хоёр  компани 100 хувь эзэмших асуудлыг зөвшөөрөхөд төвөгтэй байх болов уу.

        Хэрэв гадаадын компанид Тавантолгойн хувьцааг бүхэлд нь эзэмшүүлэхэд хүрвэл, энэ тохиолдолд эдийн засгийн харилцааны өөр системийг тогтоох асуудал тавигдаж болох юм.

         Тавантолгойн гэрээний төсөлд уг консорциумын бүрэлдэхүүнд багтсан  Сумитомо корпораци ямар үүрэгтэй байх нь тодорхойгүй, хувьцааны эзэмшилгүй үлдэж байгаа нь ойлгомжгүй байгаа юм.  

         Түүнчлэн Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор бол, Монголын Засгийн газрын төлөөлөлийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмч эзэмшлийн хувь хэмжээ 51 хувь баймаар юм.

          - Таны дээр хэлсэнээр Тавантолгойн гэрээний төсөлд уг төслийн хувьцааг гадаадын хоёр компани 100 хувь эзэмшихээр тусгасан нөхцөлд  монголын иргэдэд 1072 хувьцаа эзэмшүүлэх асуудал юу болох вэ ?

 

        Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн дагуу гадаадын компаниуд уг төслийн хувьцааг бүхэлд нь эзэмших тохиолдолд манай иргэд хувьцаа эзэмших асуудал байхгүй болно гэсэн хэрэг л дээ.

        Харин Монголын талын төлөөлөл хувьцаа эзэмших тохиолдолд тэр 1072 хувьцааны яриа үргэлжилж болох юм.

        Ер нь Тавантолгойн ордын хувьцааг Монголын нийт иргэдэд эзэмшүүлнэ гэдэг бол төдийлэн бодит үр дүнтэй ажил болох нь эргэлзээтэй байгаа юм.

        Урьд нь 1990-ээд оны эхэнд ард иргэдийг нийтээр нь ижил тэнцүү хөрөнгө чинээтэй болгоно гээд цэнхэр, ягаан өнгөтэй цаас тараасан боловч үр дүн муутай өнгөрсөн. Мөн сонгуулийн амлалтаар иргэдэд 21 мян. төгрөг тараасан нь ард нийтийн амьжиргаанд олигтой  тус нэмэр болоогүй гэдэг нь ойлгомжтой хэрэг юм.

        Энд дурьдаж буй төр засгийн шийдлээр, нийт ард иргэдийг хамруулан явуулсан, үр өгөөж муутайхан өнгөрсөн хоёр ч удаагийн хэрэг явдлаас сургамж ухаарал авч, цаашдынхаа үйл хэргийг илүү бодит үндэслэл, бодол сэтгэлэгээтэй явуулж байх нь зүйтэй юм.

        Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 6 дугаар зүйлд байгалийн бүхий л баялаг  ард түмний мэдэлд байна, төрийн өмч мөн гэсэн үг хэллэгээр буюу төдийлэн оновчтой бусаар томъёологдсон заалтыг үндэслэн эрдэс баялагийн ордыг ард иргэдэд хувааж өгөх аястай хандлага гаргадаг болоод байгаа билээ.

        Энэ тухайд би бол зарчмын өөр бодолтой байдаг юм.

        Тухайлбал, цаашдаа эрдэс баялгийн томоохон ордыг, ард иргэдэд хэзээ үр ашгаа өгөх нь мэдэгдэхгүй хувьцааг тараах аргаар бус, аль болох улсын төсөв санхүүд ахиухан орлого, хуримтлал бий болгох эдийн засгийн өндөр үр өгөөжтэй байхаар үйлдвэрлэл явуулах арга хэлбэрээр ашиглах нь зүйтэй юм.

         Тийм арга хэлбэрээр томоохон ордыг ашигласанаар улсын төсөвт ахиухан орлого оруулж бий болгосон хуримлалын хөрөнгөөр ажиллагсдын цалинг болон ахмад үеийнхний тэтгэвэрийг нэмэгдүүлэх, ард иргэдийн аж байдлыг сайжруулах, эрүүл мэнд, соёл боловсрол, нийтийн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд санхүүгийн ахиухан эх үүсвэрийг арвижуулах боломж бүрэлдэх болно.

         Эрдэс баялгийн томоохон ордыг ашиглах энэ арга хэлбэр нь ард иргэд хэзээ үр ашиг хүртэх нь мэдэгдэхгүй хувьцаа хэмээх цаасыг, тал засах аястай тарааж байснаас улс орны эдийн засаг-нийгмийн хөгжилд, хүн амын аж байдлыг дээшлүүлэхэд илүү ач холбогдолтой болно.

        Ер нь зах зээлийн тогтолцоотой аливаа улс оронд нэг ордын хувьцааг хэдэн сая хүнд эзэмшүүлдэг тогтолцоо байдаг, эсэхийг ч бодож үзвэл зүйтэй болов уу.        

       - Нэг гол асуудал бол Тавантолгойн ордын нүүрсийг тээвэрлэх төмөр замын шийдэл ямар байвал зохилтой вэ ?       

          Энэ ордтой холбогдол бүхий төмөр замын асуудлыг, зөвхөн Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төсөлд тусгагдсан байдлаар авч үзвэл, уг ордын нүүрсийг урьд хөрш рүү тээвэрлэх Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг Хятадын “Чайна Шенхуа” компанид шилжүүлнэ гэсэн байгаа болно. Энэ бол огт байж боломгүй асуудал юм.

         Тавантолгойн уурхайгаас нүүрсийг Хятад улсын хил хүртэл тээвэрлэх үйл ажиллагааг Монголын төмөр замын байгууллага эрхлэн гүйцэтгэж байх зарчмыг баримтлах нь зүйн хэрэг юм.                                  

        Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд олборлох нүүрсний 75 хувийг БНХАУ-д, 25 хувийг худалдааны компаниар дамжуулан гурав дахь зах зээлд зарна гэсэн байна. 

         -  Коксжих нүүрсний гурав дахь зах зээл гэж ямар улс байж болох вэ ?

         Тавантолгойн коксжих нүүрсийг экспортлож болох гурав дахь зах зээл бол Зүүн хойт Азийн чиглэл буюу Япон, Өмнөт Солонгос (БНСУ) байж болно.  Жилд дундажаар Япон улс 130 сая тонн, БНСУ 50 сая тонн коксжих нүүрсний хэрэгцээтэй гэсэн арай түрүүхэн үеийн мэдээ байдаг юм.

         Тавантолгойн коксжих нүүрсийг Япон, БНСУ-д гаргах зорилгоор, Зүүн хойт Азийн далайн боомтод хүргэхийн тулд юуны өмнө Тавантолгой-Чойбалсангийн 1300 км магистрал төмөр замын байгууламжийг барьж байгуулах шаардлагатай болно.

         Уг төмөр замын шугамын байршил-чиглэлийг буюу трассийг тогтоох, техникийн зураг төслийг боловсруулах ажлыг Японы компаниар хийлгэсэн байгаа юм. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах гэрээнд энэхүү төмөр замыг барьж байгуулах асуудлыг тусгаагүй байгаа нь тун хариуцлагагүй явдал юм.       

         Дээр дурьдсан Зүүн хойт Азийн далайн боомтыг чиглэсэн төмөр замыг барихад лавтай 3.5-4.0 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болно гэж багцаалж болох байх.

         Миний бие одоогоос 2 жилийн өмнө Японы Засгийн газрын Олон улсын Хамтын ажиллагааны Банкны Хөрөнгө оруулалт, Зээлийн газрын даргатай уулзсан  үед, тэр хүн Тавантолгойгоос жилд дундажаар Японд 6 сая тонн, БНСУ-д 3 сая тонн, нийтдээ 9 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх, 1 тонн коксжих нүүрсийг 70 долларын үнээр авах тооцоогоор төмөр замын барилгын хөрөнгө оруулалтын санхүүжилтэд экспортын урт хугацаатай, харьцангуй бага хүүтэй зээл олгох асуудал байж болно. Тэхдээ БНСУ-ыг уг төмөр замын хөрөнгө оруулалтын санхүүжилтэд оролцуулж болох юм гэсэн санааг хэлж байсан юм.

         Миний бие тэр даруйд нь Японы Банкны тэр даргыг, манай улсын тухайн үеийн Эдийн засгийн сайдтай уулзуулсан, гэхдээ манай талаас цааш нь үргэлжлүүлж олигтой яриа хэлцэл өрнүүлээгүй орхисон байж болох юм.

         Тавантолгойн хувьд, нүүрсийг зах зээлд гаргах асуудал бол төмөр замын тээврээс шалтгаалах учраас энэ бол хамгийн чухал асуудал юм. Төмөр зам барихад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ, Тавантолгойн уурхайг барьж байгуулах хөрөнгө оруулалтаас ч их байж болох юм.  

         -  Та ойрын үед хэрэгжүүлбэл зохилтой томоохон төслүүдийн нэг бол ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР байгуулах төсөл гэж дурьдсан, одоо энэ төслийн явц байдлын тухай ярилцах уу.  

         Манай улсын хувьд нэн түргэвчлэн хэрэгжүүлбэл зохилтой улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой томоохон төсөл бол Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл юм.

         Өнөөгийн байдлаар бодитойгоор хэрэгжүүлэх оновчтой шийдэлд хүрсэн ганцхан төсөл бол “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” (“Д-ГТБҮ”) Төсөл байгаа болно.

         Энэхүү төслийг хэрэгжүүлэх талаар 2008-2013 онд УИХ болон Засгийн газар тус бүртээ 5 удаа тогтоол гаргасан, тэдгээр тогтоол шийдвэр бүгд хүчин төгөлдөр байгаа.

          Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлэх энэ төслийн  ТЭЗҮ, Байгаль орчны нөлөөлөлийн нарийвчилсан үнэлгээний тайлан бэлэн байгаа, Техникийн зураг төсөл бэлтгэгдэж байгаа болно.

          Мөн энэхүү үйлдвэрийг байгуулах хөрөнгө оруулалтын санхүүжилтэд зээл олгох гадаадын банк болон үйлдвэрийн техник төхөөрөмжийг нийлүүлэх, барьж байгуулах компани нь тодорхой байгаа юм.

         Монгол улсын хувьд, металлургийн үйлдвэртэй болох явдал нь улс орны үйлдвэржилтийн нэг чухал ололт, үндэсний бахархал, нэр төрийн асуудал юм.     

        - Та Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлнэ гэлээ, энэ талаар ямар шийдэл байгаа юм бэ ?

 

        “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” Төслийг хэрэгжүүлэх гол найдвар бол уг үйлдвэрийг Монгол, Японы Засгийн газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу хамтран барьж байгуулах шийдэлтэй байгаа явдал юм. Тухайлбал :

         Монгол, Японы Засгийн газрын хооронд 2013 оны 9 дүгээр сард байгуулагдсан “Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрт (2013-2017) Хоёр орны Засгийн газар Японы JBIC банк болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр Д-ГТБҮ байгуулах Төслийг үргэлжлүүлэн хамтарч хэрэгжүүлнэ гэж заасан болно.

         Мөн Монгол, Японы Засгийн газрын хооронд 2015 оны 2 дугаар сард байгуулсан Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлийг хэрэгжүүлэх асуудал тэргүүн ээлжинд хамаарах юм.

         - Та энэ төслийн ТЭЗҮ бэлтгэгдсэн гэлээ, энэ талаар тодруулна уу ?       

         Аливаа төслийг хэрэгжүүлэх шийдлийн анхдагч үндэслэл бол ТЭЗҮ болдог нь

ойлгомжтой хэрэг юм. Тийм учраас Монгол улсын Худалдаа, үйлдвэрийн яам, Сангийн яамны удирдлагын хүсэлтээр болон “Монголсэкию” компанийн захиалгаар Япон улсын Засгийн газрын Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк (Japan Bank for International Cooperation - JBIC)-ны буцалтгүй санхүүжилтээр, мөн улсын мэрэгжлийн инженерийн корпорациар “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” Төсөл (“Д-ТБҮ” Төсөл) - ийн Техник-эдийн засгийн үндэслэл (Feasibility Study)-ийг 2008 онд хийлгэж авсан юм.

        -  Д-ГТБҮ-ийн хувьд, Техникийн зураг төслийг бэлтгэнэ гэдэг бол хамгийн чухал асуудлын нэг болов уу, Та энэ талаар тодруулж хэлнэ үү ?  

          Д-ГТБҮ-ийг “түлхүүр гардуулах” нөхцөлөөр барьж байгуулах Японы Чиёда корпораци одоо уг үйлдвэрийн Техникийн зураг төсөл (ТЗТ)-ийг боловсруулах гэрээг “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-тай байгуулаад, одоо боловсруулах ажилдаа ороод байна.

          Чиёда корпораци бол Японд баригдсан ГТБҮ-ийн 50 хувийг өөрийн зураг төслөөр барьсан мэрэгжлийн хамгийн том корпораци юм.

         - Урьд нь зарим компаниудын санал болгосон ГТБҮ байгуулах төсөл байгаль орчны харш нөлөөлөлтэй гэдэг шалтгаанаар зөвшөөрөгдөөгүй юм билээ. Харин Дарханы үйлдвэрийн хувьд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хэрхэн хийгдсэн юм бэ ? 

          Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж харш нөлөөгүй гэдгийг тогтоох явдал бол тийм төрлийн үйлдвэрийг баригдах, эсэхийг тогтоодог гол шалгуур болдог юм.

           “Д-ГТБҮ” Төсөлд, байгаль орчны нөлөөллийн үүднээс онцгой нөхцөл тавигдаж байгаа юм. Яагаад гэвэл, энэ төслийн санхүүжилтийг хийх Японы JBIC бол тухайн төсөл нь нэгд, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй байх, хоёрт, хүрээлэн буй байгаль орчинд халгүй байх гэсэн хоёр үндсэн нөхцлийг хангасан төсөлд экспортын зээл олгодог журамтай байна.

         Тийм учраас тус JBIC Банкны тавьдаг шаардлага, журмын дагуу “Д-ГТБҮ” Төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг, манай улсын Уул уурхайн яам, тусгай зөвшөөрөлтэй “Санни трейд” компанитай гэрээ байгуулж, 2013 онд хийлгэсэн юм. Улмаар тэрхүү үнэлгээний тайланг Монгол улсын БОНХЯ болон Японы JBIC Банк 2013 оны 8 дугаар сард албан ёсоор батлагаажуулсан болно.  

          - Дарханд баригдах үйлдвэр ямар хүчин чадалтай баригдах юм бэ, бензин шатахууны хэрэгцээний хичнээн хувийг хангах вэ ?    

           Д-ГТБҮ нь жилд 2 сая тонн газрын түүхий тос боловсруулах хүчин чадалтай байхаар баригдах юм. Тийм хүчин чадалтай үйлдвэр байгуулсанаар нэгд, Монгол улсын ойрын ирээдүйн бензин шатахууны хэрэгцээг бүрэн хангах, хоёрт, Япон улсын тэргүүний техник технологийг хэрэглэх боломжтой байх, гуравт, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй байх гэсэн гурван үндсэн шалгуурыг хангана. 

         Д-ГТБҮ-ийг японы тэргүүний техник технологитой байгуулсанаар, түүхий тосноос 90 хувийн гарцаар шингэн түлш үйлдвэрлэх боломжтой байх учраас жилд 540 мян.тн бензин, 1 сая тн дизель түлш, 80 мян.тн онгоцны керосин үйлдвэрлэх юм. Түүнчлэн  200 мян.тн замын битум, 50 мян.тн түлшний мазут, 40 тян.тн шингэн хий үйлдвэрлэнэ. Дээрх үйлдвэрлэл нь манай улсын газрын тосны бэлэн бүтээгдэхүүний 2025 оны хэрэгцээг хангах боломжтой  болно.                      

          - Газрын тос боловсруулах үйлдвэрийн байршлыг яагаад Дарханд сонгосон юм бэ ?

         Манай төр засгийн албаны зарим хүмүүс газрын тос боловсруулах үйлдвэрийг говийн бүсд, мөн газрын тос олборлодог газарт нь барих тухай яриа гаргадаг байна. Тийм байдал нь ГТБҮ-ийн зохистой байршлыг тогтоодог арга зүй, зарчмын шалгуур, зүй тогтлын талаархи мэдлэг дутмагаас шалтгаалдаг бололтой.

         Регионал эдийн засгийн шинжлэх ухааны арга зүй болон олон улсын хэмжээнд тогтсон нийтлэг туршлагаар ГТБҮ-ийг байршлын хувьд, нэгд, газрын тосны бэлэн бүтээгдэхүүний хэрэглээний гол бүсд, хоёрт, шаардлагатай дэд бүтцийн нөхцөл бүрдсэн газарт байгуулдаг зүй тогтолтой байна.         

         Дээрх хоёр үндсэн шалгуурын үүднээс авч үзвэл, Дархан хот бол нэгд, бензин шатахууны хэрэглээний 90 хувь нь ногддог эдийн засгийн Төв бүсийн нэг Тулгуур төв, хоёрт, жилд 2 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн 45 мВт цахилгааны болон хоногт 6500 тонн усны хэрэглээг хангах цахилгааны болон усны бэлэн байгууламжтай цорын ганц хот суурин газар юм.

         Тийм бодит нөхцөл байдлын учир холбогдлын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрийг Дархан хотод байгуулах байршлыг сонгосон болно.

        - Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нэг гол нөхцөл бол түүхий эдээр хангах явдал байх учиртай, тэгэхээр Дарханы үйлдвэрийг түүхий эдээр хэрхэн хангах вэ ?

         Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахын тулд юуны өмнө түүхий тосоор хангах тодорхой шийдэлтэй байх нь мэдээжийн хэрэг юм.

         Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд, газрын тосоор хангах үндсэн гурван арга зам байгаа :

  1. Манай орны дотоодод олборлож байгаа түүхий тосыг, зам тээврийн байгууламж баригдсан нөхцөлд ашиглаж болно.
  2. ОХУ-ын хөрш зэргэлдээ Иркутскээс импортлохоор Монголсэкию ХХК, Иркутскийн Нефтийн Компанийн хооронд 2010 онд байгуулагдсан Харилцан тохиролцооны Меморандум байгаа, уг баримт бичиг Д-ГТБҮ-ийг ашиглалтад орох хүртэл хүчинтэй байх юм.
  3. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тосоор хангах асуудлыг батлагаажуулах үүднээс гуравдахь хувилбар болгож, Марубени корпорацийн ОХУ-аас Японд импортлох түүхий тосноос Дарханы үйлдвэрт нийлүүлэх Үндсэн гэрээг (Framework Agreement For Crude Oil Purchase for Darkhan Oil Refinery, Mongolia) Монголын Уул уурхайн яам, “Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” Компани болон Японы Марубени корпорацийн хооронд 2013 оны 12 дугаар сард байгуулсан  болно.

         Дотоодод олборлох түүхий тосыг үйлдвэрт нийлүүлэхийн тулд юуны өмнө Тамсагийн сав газраас Төвийн бүс рүү төмөр зам, эсвэл түүхий тосыг дамжуулах хоолой тавих шаардлагатай болно. Хэрэв Дарханы үйлдвэр ашиглалтад орох үед зам тээврийн нөхцөл бүрдээгүй байвал Иркутскээс түүхий тос авч болно.   

         Түүхий тосыг Тамсагаас Дарханд тээвэрлэх зардал 30 $/1 тн, Иркутскээс Дарханд тээвэрлэх зардал 3 $/тн байх тооцоо гарсан болно. 

          - Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр ямар хэмжээний эдийн засгийн үр өгөөжтэй байх юм бэ ?

          Өнөөгийн байдлаар түүхий тосны үнэ 45-50 $ болж буураад байгаа хэдий ч, 70 $  байх нөхцөлөөр хийгдсэн тооцоогоор Д-ГТБҮ-ийн жилд бүтээх нэмүү өртгийн хэмжээ 1,200 орчим сая $ буюу 2.3 их наяд ₮ байх. Энэ нь 2014 оны ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэх хэмжээ юм.  

         Мөн улсын төсөвт жилд дундажаар 400 сая $ буюу 1:1900 гэсэн ханшаар тооцвол 760 орчим тэрбум ₮-ийн татварын орлого оруулах. Энэ нь өнөөгийн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, ирээдүйн Тавантолгойн төслийн татварын орлогоос ч их байх болно.

          Бензин шатахууны борлуулалтын үнийг тодорхой хувь, хэмжээгээр хямдруулж, нийт хэрэглэгчдийн бензин шатахуун худалдан авах зардал 400 тэрбум төгрөгөөр хэмнэгдэх боломж бүрэлдэнэ гэж тооцож байгаа болно.

         - Дарханы үйлдвэр тийм өндөр түвшингийн эдийн засгийн үр өгөөжтэй болохоор стратегийн томоохон ач холбогдолтой төсөл байх нь ээ. Энэ талаар Та тодруулна уу ?

        Тиймээ, Д-ГТБҮ нь дээр дурьдсан эдийн засгийн өндөр үр өгөөжтэй байх тул уг төслийг стратегийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл гэж томъёолохоос өөр яахав дээ. Тухайлбал :

        1. Эдийн засгийн стратегийн ач холбогдолтой болох нь нэг үйлдвэр дангаараа жилд 2.3 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээснээр Дотоодын нийт бүтээгдэхүүний өндөр өсөлтийг хангахад, мөн улсын төсөвт 760 тэрбум төгрөгийн татварын орлого оруулсанаар улсын сан хөмрөгийг аривжуулахад дорвитой хувь нэмэр оруулах шалгуураар нотлогдож байгаа болно.

        2. Нийгмийн ач холбогдол нь нэгд, бензин шатахууны борлуулалтын үнийг хямдруулж, хэрэглэгчдийн зардлыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмнэх, хоёрт,  өндөр бүтээмжтэй 600 ажлын байр бий болж, 3000 орчим хүний амьдрал ахуйг өөд нь татах боломжийг бий олгосоноор нотлогдоно.

        3. Экологийн нэн чухал ач холбогдол нь Японы тэргүүний технологитой баригдах учраас хар тугалга, хүхэр мэтийн хорт хольцгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх учраас хүн амын эрүүл мэндэд болон хүрээлэн буй орчинд халгүй байх онцгой  нөхцөлөөр тодорхойлогдоно.

         4. Инновацийн ач холбогдол нь нефть химийн үйлдвэрлэлийн дэлхийд тэргүүлэх техник технологийг Монголын үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлсэнээр илрэх болно. 

         5. Үндэсний аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдол нь тус үйлдвэр нь Монгол улсыг бензин шатахууны импортын хамаарлаас бүрэн ангижруулах, цаашдаа хөгжлийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрсдлээс хамгаалах нөхцлийг бүрдүүлсэнээр нотлогдох болно.

         6. Аж үйлдвэржилтийн нэгэн суурь салбар болох нефть химийн үйлдвэрийг үүсгэн байгуулсанаар Монгол улсын үйлдвэржилтийн цоо шинэ ололт болох бөгөөд үндэсний нэгэн чухал бахархал болно.

          - Энэ төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх юм бэ ?

          Д-ГТБҮ-ийн ТЭЗҮ-д хөрөнгө оруулалтын зардал 1.2 тэрбум $ байхаар тусгагдсан бол өнөөгийн нөхцөлд 1.4-1.5 тэрбум $ болох төлөвтэй байна.

         Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны 6 дугаар сарын сүүлчээр ОХУ-д хийсэн айлчилалын үед манай улсын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудад зориулж ОХУ-ын банкнаас 1.3 тэрбум $-ын зээл авахаар болжээ.   

         Тийнхүү бензин шатахууныг жил дутам худалдаж авахын тулд 1.3 тэрбум долларын зээл авч байхын оронд нэг удаа, тэр хэмжээний зээл аваад ГТБҮ байгуулах асуудлыг харьцуулж бодож үзэмээр юм.

        Хөрөнгө оруулалтын хэмжээг хамгийн ихээр буюу 1.5 тэрбум $-аар, мөн түүхий тосны үнийг өндрөөр буюу 70 $ байхаар бодоход хөрөнгө оруулалтын зээлийн эргэн төлбөрийн итгэлцүүр (IRR) 34.83 % байх тооцоо гарсан болно.

        Энэ нь тус үйлдвэрийн татварын дараах орлогоор анхны хөрөнгө оруулалтыг 3-4 жилд нөхөх эдийн засгийн өндөр үр ашигтай болохыг харуулж байгаа болно.          

        

         Д-ГТБҮ-ийн хөрөнгө оруулалтын 85 хувийг Японы Засгийн газрын JBIC Банкны урт хугацаатай (10 жилийн), бага хүүтэй (3 хувь) экспортын зээлээр санхүүжүүлэх юм. Үлдэх 15 хувийг Японы Мицубиши Токио банкны зээлээр санхүүжүүлэх нөхцлийн саналыг авсан байгаа болно.

        - Таны ярьсанаас үзэхэд, “Д-ГТБҮ” Төслийг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан бололтой юм. Гэтэл хэрэгжилт нь удаашраад байдаг нь ямар учиртай юм бол доо ? 

         Дээр дурьдсанаар, “Д-ГТБҮ” Төслийг хэрэгжүүлэх бүхий л шийдэл, нөхцөл бүрэлдсэн байгаа болно. Тухайлбал, Японы банк, корпорацийн хүчээр Техник-эдийн засгийн үндэслэл, Техникийн зураг төсөл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний батламжлагдсан тайлан бэлэн болсон, мөн Японы Засгийн газрын банкны урт хугацаатай, бага хүүтэй зээлээр санхүүжүүлэх, мөн улсын мэрэгжлийн корпораци тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, инженер-техникийн ажилтныг сургаж бэлтгэх зэрэг шийдэлтэй байгаа болно.  

         Гагцхүү Д-ГТБҮ Төслийг хэрэгжүүлэх талаар 2008 оноос хойш УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрүүд удаа дараа гарсан боловч даруй 8 жилийн хугацаанд энэхүү төслийн хэрэгжилт удааширсаар байгаа юм.   

         Шинэчлэлийн Засгийн газрын үед “Д-ГТБҮ” Төслийг хэрэгжүүлэх талаар эхлээд идэвхтэй ажиллаж 2 удаа тогтоол гаргасан юм.

         Гэтэл өнөөгийн “шийдлийн” хэмээх Засгийн газрын үед “Д-ГТБҮ” төслийг хэрэгжүүлэхийн эсрэг илэрхий сөрөг үйлдэл хийж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нөхцөл бүрдээгүй буюу тийм төрлийн үйлдвэрийн байршлыг тогтоодог арга зүйн шалгуур, зүй тогтолд үл тохирох газруудад газрын тос боловсруулах үйлдвэрүүд байгуулах ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны нөлөөлөлийн үнэлгээ хийх зардал гаргахыг Сангийн яаманд зөвшөөрөх тухай 2015 оны 3 дугаар сард Засгийн газрын 113 тоот тогтоол гаргасан байна.

          Тийм зохисгүй байдал нь манайд төр засгийн дээд байгууллагын хувьд, улсын хөгжлийн тогтсон бодлого, үйл хэргийн залгамж чанарын зарчим гэж байхгүй болсон, байн байн солигддог төр засгийн дээд удирдлагын зарим хүмүүс, хөгжлийн томоохон төслүүдийг улс орныхоо үндэсний эрх ашгийн төлөө хэрэгжүүлэхийн оронд, хувийн ашиг сонирхол, намчирхсан улс төржилтийн хийрхэлээр ханддаг явдал чухамдаа тухайн төсөлд саад тээг болдог байж магадгүй юм.     

         - Манайд ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН талаар үе үе яриа гарч байдаг боловч одоогоор олигтой ахиц гараагүй байгаа бололтой. Энэ салбарыг цаашид өргөтгөн хөгжүүлэх талаар Та ямар бодолтой байгаа вэ ?

         Монгол улсын хувьд, металлургийн үйлдвэртэй болох явдал нь улс орны үйлдвэржилтийн нэг чухал ололт, үндэсний бахархал, нэр төрийн асуудал юм.     

        Тийм учраас Таны энэ асуултад хариулахдаа эхлээд жаахан түүх яримаар байх юм.      

         Би вээр Улсын Төлөвлөгөөний Комисс, Шинжлэх Ухааны Академийн дэргэд Монгол улсын Үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж, Захиралаар нь 1975 оноос 1985 он хүртлэх араваад жил ажиллаж байсан үедээ хамт олноороо боловсруулсан Монгол улсын үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын 20 жилийн хугацааны Ерөнхий схемд жилд 100 000 тонн ган хайлах үйлдвэр байгуулах асуудлыг тусгасан байсан юм.   

         Дараа нь миний бие Монгол Улсын Төрийн Сайд бөгөөд Эдийн засгийн төв байгууллагын удирдлагад ажиллаж байсан үедээ 1988-1989 онд Япон улсын холбогдох Талуудтай хэлэлцээ хийж зөвшилцсөний үндсэн дээр, Дархан хотод 100 мян. тонн ган хайлах Хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах асуудлыг шийдэлд хүргэж, улмаар манай оронд ихээхэн хүндрэлтэй болоод байсан 1990-ээд оны эхэн үед уг үйлдвэрийг барьж байгуулах үйл хэргийг гүйцэлдүүлж чадсан юм.

       -  Тэгээд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг ямар арга хэлбэрээр барьж байгуулсан юм бэ ?

          Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг Японы экспорт, импортын банкны 58 сая ам. долларын зээлээр барьж байгуулах асуудлыг Японы Иточу, Мицубиши корпорацитай хэлэлцэн тохиролцохдоо, уг үйлдвэрийг эхний 2-3 жилийн хугацаанд хаягдал төмрийн түүхий эдээр ажиллуулах, цаашдаа хоёр дахь ээлжинд Дархан-Сэлэнгийн бүс нутагт байдаг төмрийн хүдрийн ордыг ашиглан, хорголжин төмрийн үйлдвэр байгуулж, тус үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилготой байсан бөгөөд тийм чиглэлээр Японы талтай тохиролцоонд хүрсэн байсан юм.

         Гэтэл өнөө хүртэл төмөрийн хүдрийн ордыг ашиглаж, ангижруулсан хорголжин төмрийн үйлдвэр байгуулаагүй, сүүлийн араваад жилд хаягдал төмрийг гадагш ачуулсаар байсан нөхцөлд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр түүхий эдээр дутагдаж, хүчин чадлаараа ажиллах боломж мөхөс болсон, харин ч сүүлийн жилүүдэд Дарханы ойролцоохи ордын төмрийн хүдрийг Хятадын компани ухаж, гадагш зөөвөрлөх болсон зэрэг туйлын зохисгүй байдал үргэлжилсээр байгаа явдлыг анхаарах шаардлагатай байна.

         - Хар төмөрлөгийн үйлдвэрийн салбарыг цаашид өргөтгөн хөгжүүлэх ямар арга зам байна гэж бодож байна вэ ?

   

         Ойрын ирээдүйд Дарханы ойролцоохи төмрийн хүдрийн ордыг ашиглалтад оруулан, Хар төмөрлөгийн үйлдвэрийг чанартай түүхий эдээр найдвартай хангадаг болох, улмаар уг үйлдвэрийг өргөтгөн шинэчилж, юуны өмнө улс орны барилгын хэрэгцээний төмрийн хэрэгцээг хангахаас гадна тусгай зориулалтын сайн чанарын ган үйлдвэрлэж ямар нэгэн хэмжээгээр экспортлодог болох хэмжээнд хүргэх чиглэлээр төр засгаас тууштай үйл ажиллагааны бодлого болгон хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

          Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадлыг хэрэгцээ, шаардлагын хэмжээнд хүртэл өргөтгөж, техник технологийг шинэчлэх төслийг, мөн тэнд ойролцоо оршдог төмрийн хүдрийн ордыг ашиглан, ангижруулсан хорголжин төмрийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгаа болно.

         Тэхдээ Монгол, Японы Эдийн засгийн түншийн том хэлэлцээр байгуулсан өнөөгийн таатай нөхцөл бүрдсэн үед, нэгэнт өмнө нь Дарханы үйлдвэрийг Японы компаниар бариулсан туршлагадаа түшиглэн Японы талд тавих нь зүйтэй байж болох юм.

         Мөн Японы Кобе гангийн том корпораци бол төмрийн хүдрээс ангижруулсан хорголжин төмрийн үйлдвэр байгуулах техник технологийн хувьд тэргүүлдэг гэдгийг ч бодолцох нь зүйтэй болов уу.         

         - ЗЭС ХАЙЛАХ (ЯЛГАРУУЛАХ ҮЙЛДВЭР) байгуулах төсөл бол бас л яригдаад нилээд удаж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэх тухайд цаашид анхаарвал зохилтой бодлогын болон зарчмын асуудлын талаар санал бодлоо ярина уу?   

Монгол улсын үйлдвэржилтийн процесст, улмаар эдийн засгийн өсөлт хөгжилд томоохон нөлөө хамааралтай, техник технологийн шинэ ололтыг буюу инновацийг нэвтрүүлэх, чамгүй ажлын байрыг бий болгох томоохон төсөл бол зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс ялгаруулах буюу хайлах үйлдвэр байгуулах явдал юм.

          Манай улсад Эрдэнэтийн үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр байгуулах асуудал яригдсаар мөн л 30 шахам жил өнгөрч байна. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын агуулга 25 % хүртэл буурсантай холбогдуулан уг баяжмалыг боловсруулж цэвэр зэсийн үйлдвэр байгуулах шаардлага улам бүр тавигдсаар байгаа нь анхаарууштай асуудал юм.

          Ер нь зэсийн үйлдвэрлэлийн хувьд, хүдрийн олборлолт, баяжуулалтын шатанд хамгийн их зардал гардаг, баяжмалын борлуулалтын үнэ нь харьцангуй хямд байдаг бол зэс хайлах, цэвэр зэсний үйлдвэрлэлийн шатанд эдийн засгийн ахуйтай өндөр үр ашиг гардаг зүй тогтолтой байна. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн сүүлчийн шатанд үйлдвэрлэлийн зардал харьцангуй бага, цэвэр зэсийн үнэ өндөр  байдаг учраас зэс хайлах үйлдвэр байгуулах нь чухал байгаа юм.

         - Зэс хайлах үйлдвэр байгуулах асуудал манайд хэзээнээс эхлэн хэрхэн тавигдах болсон юм бэ ?

          Дээр нэгэнтээ хэлсэнээр, би вээр Монгол Улсын Төрийн Сайд, Засгийн газрын гишүүний хувьд, Япон улсын Засгийн газрын урилгаар 1988 онд айлчилсан үедээ болон дараа нь Монгол-Японы Эдийн засгийн комиссын дарга байхдаа Японы талд зэс хайлах үйлдвэр байгуулах асуудлыг нилээд шургуу тавьж байсан юм.

         Японд 1988 онд очсон үедээ тус улсын Фурукава компанийн зэс хайлах үйлдвэрийг үзээд, Фурукава, Иточу компанийн шугамаар манайд зэс хайлах үйлдвэр байгуулах асуудлаар “Зэс хайлах үйлдвэрийн техникийн илтгэл” нэртэй 100 гаруй хуудастай материалыг бэлтгүүлж, 1990 оны 2 дугаар сард хүлээж авсан юм.

          Японы тал цааш нь үргэлжлүүлэн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж болно гэж бидэнд мэдэгдэж байсан юм. 

         Гагцхүү 1990 оны 3 дугаар сарын дундуур бидний үеийн буюу Д.Содном тэргүүтэй Засгийн газар огцорсоноор уг үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх явдал тасалдсан юм.

         Харин урьд нь бидний уулзаж байсан Японы Фурукава компанийн Дэд Ерөнхийлөгч ноён Мацумура манай оронд 1993 оны 9 дүгээр сард ирээд, манайх Монголоос сүүлийн хэдэн жил зэсийн баяжмал импортоор авч байгаа, тэхдээ нэгд, графикт хугацаанаас хожимддог, хоёрт, хүйтний улиралд замдаа хөлддөг учраас бэрхшээлтэй байна, тийм болохоор Монголд байгаль орчинд халгүй хамгийн сайн технологиор 100 мян. тонн зэс хайлах хүчин чадалтай үйлдвэр байгуулж, цэвэр зэсийг Японд импортлож нийлүүлэх боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

          Тэр үед Япон улс жилдээ 1.2 сая тонн цэвэр зэс үйлдвэрлэдэг хэдий ч, гадаадаас жил дутам 300 мян. тонн зэс импортлодог тул манай Японы тэргүүний технологитой Монголын үйлдвэрт үйлдвэрлэсэн зэсийг Японд нийлүүлж болно гэж ноён Мацумура хэлж байсан юм.

          Гэвч манай улсын ашиг сонирхол, хүсэл эрмэлзэл болж байсан чухал асуудлаар тавигдсан тийм таатай саналыг уухайлан хүлээж аваад хэрэгжүүлэх ёстой байсан боловч манайхан ямар ч анзааргагүй өнгөрөөсөн, ер нь тэр үед манайханд тийм сөхөө байгаагүй юм.  

         Тэрхүү мэдэгдлийн дараагаар миний бие тухайн үед буюу 1993 оны 9 дүгээр сард Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн Ерөнхий Захиралтай уулзаад, Японы тал манайд зэс хайлах үйлдвэр байгуулж болох тухай тун боломжийн санал тавьж байна гэхэд бид энэ талаар Америктай ярьж байгаа гэсхийгээд өнгөрсөн юм. Тийнхүү дээр дурьдсан нэн таатай боломжийг алдсан явдал нь туйлын харамсалтай хэрэг болсон билээ.

        - Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрөөд байна, ямар учир шалтгааны улмаас зэс хайлах үйлдвэр өнөө хүртэл байгуулагдаагүй байна вэ ? 

          Өнгөрсөн хориод жилийн хугацаанд Зэс хайлах үйлдвэр байгуулах асуудлаар анхнаасаа хамтран ажиллах улс орноо зөв сонгож, нэг тогтсон чиглэлээр, тооцоо үндэслэл гарган, оновчтой арга хэлбэрээр яриа хэлцэл хийж, тохиролцоонд хүрэх талаар тууштай ажиллахгүй байсан учраас л тийм үйлдвэрийг аль хэдийн, бүр 1990-ээд оны дундуур байгуулчих боломжийг алдсан юм.  

          Мөн эдүгээ хүртэл зэс хайлах үйлдвэр байгуулагдаагүй явдалд нөлөөлсөн гол учир шалтгаан бол 1990 оноос хойших хугацаанд Төр засгийн дээд байгууллагын болон салбарын яамны удирдлага, мөн Эрдэнэтийн үйлдвэрийн дарга нар байнга солигдож байснаас болж, зэс хайлах үйлдвэр байгуулах төслийг чиглэсэн бодлого зорилготой боловсруулж хэрэгжүүлэх ажил хэргийг бүрэн хариуцаж, тууштай хөөцөлдөж гүйцэлдүүлэх боломж байгаагүй явдал байж болно.

         Манайд төр засгийн дээд албан тушаалтнууд солигдохоор урьд нь явагдаж байсан зүй зохистой үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлдэггүй туйлын таагүй зуршил тогтож, төр засгийн бодлого зорилт, ажил хэргийн залгамж чанар алдагдсан явдал ч өнөө хүртэл Зэс хайлах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжээгүйн нэг үндсэн сөрөг шалтгаан болсон байх.

         - Эдүгээ Оюутолгойн орд ашиглалтад орж, баяжмалын үйлдвэр байгуулагдсан болохоор зэс хайлах үйлдвэр байгуулах шаардлага бүр ч нэмэгдэж байгаа болов уу.

         Тэгэхээр цаашид зэс хайлах үйлдвэрийг барьж байгуулах талаар Таны санал зөвлөмжийг сонсомоор байна.    

        

         Оюутолгойн ордын ашиглалтын эхний 30 жилийн дундажаар жилд зэсийн баяжмал дахь цэвэр зэсийн хэмжээ 540 орчим мянган тонн байхаар тооцоо гардаг юм. Тийм нөхцөлд Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулж зэс ялгаруулах томоохон хүчин чадалтай үйлдвэр байгуулах шаардлага улам бүр баттай болж байгаа юм.

         Цаашид зэс хайлах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхийн тулд Төр засгаас дараахи бодлого чиглэлийг баримтласан үйл хэргийг явуулбал зохилтой байхсан.

          1)Зэс хайлах үйлдвэрийн эдийн засгийн зохих үр ашигтай байх оновчтой хүчин чадлын түвшинг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох явдал нэн чухал юм.

        Эдийн засгийн үр ашгийн зохих түвшинг хангах шалгуурын үүднээс авч үзвэл, зэс хайлах үйлдвэрлэлийн салбар хөгжсөн Япон мэтийн улс оронд жилд 150,000 тонноос багагүй хэмжээний зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл зэс хайлах үйлдвэрийн эдийн засгийн зохих үр ашигтай байх зохистой хүчин чадлын хэмжээг 150-250 мян.тонн гэж үздэг жишиг тогтсон байдаг юм билээ. Энэ бол шинээр зэс хайлах үйлдвэр байгуулах гэж байгаа улс анхаарвал зохилтой асуудал мөн бөгөөд ТЭЗҮ-ээр тодорхой болох нь зүйн хэрэг юм.

          2) Тэргүүн зэргийн өндөр түвшингийн техник технологитой үйлдвэр байгуулах, улмаар үйлдвэрлэсэн зэсний чанар дээд зэрэглэлийн стандартын өндөр түвшинд байх явдал нь заавал харгалзан үзвэл зохилтой гол асуудал юм.     

         Учир нь ямар ч байсан зэсийн баяжмалыг борлуулах зах зээл олдоно, харин чанар муутай доод зэрэглэлийн зэсийг борлуулах зах зээл олоход төвөгтэй бөгөөд олигтой үнэ хүрэхгүй болно гэдгийг бодолцох нь зүйн хэрэг юм.  

          Лондонгийн металлын бирж дээр зэсийг чанарын хувьд “А, В, С” гэсэн гурван зэрэглэлд ангилдаг бөгөөд дээхэн үед хуучны ЗХУ-д үйлдвэрлэсэн зэс “С” буюу хамгийн доод зэрэглэлд ордог бол, Японд үйлдвэрлэсэн зэс 99.99 гэсэн сорьцтой байдаг бөгөөд “А” буюу хамгийн дээд зэрэглэлд 100 % ордог тул эрэлт хэрэгцээ ихтэй, үнэ цэнэ өндөртэй байсан юм. Эл байдал нь ОХУ болон Япон улсын зэс хайлах үйлдвэрийн техник технологийн ялгаанаас болдог нь ойлгомжтой юм.

         3) Зэсийн баяжмалыг боловсруулахад зэсээс гадна цэвэр алт, мөнгийг ялгаруулж авах ач холбогдолтой болохыг давхар бодолцох нь зүйн хэрэг болно.

         4) Хэрэв их хэмжээний хөрөнгө оруулалтын зардлаар зэс хайлах үйлдвэр байгуулаад, мөн их хэмжээний ашиглалтын зардлаар чанар муутай зэс үйлдвэрлэбэл тэр нь зах зээлд таваарын бэлэн бүтээгдэхүүн болж борлогдох боломжгүй болж, аль нэгэн улсын зэс хайлах үйлдвэрийн түүхий эд болгож хямд үнээр худалдахад хүрэх бөгөөд тэгсэнээр анхны хөрөнгө оруулалтын зардлыг нөхөхөд бэрхшээлтэй, ер нь эдийн засгийн үр ашиг багатай үйлдэл болох юм.

         Тийм байдлын баримт нь Хятад улсын зэс хайлах үйлдвэрт зарим жилд зохих түвшингийн цэвэршилтийн үзүүлэлтийг хангаагүй, харлаж  цэврүүтсэн зэрэг чанар муутай 370 мянган тонн зэсийг түүхий эд болгож дахин хайлуулсан мэдээ байгаа болно.    

         5) Зэс хайлах үйлдвэр байгуулахын тулд эхлээд үйлдвэрлэсэн зэсээ хаанахын зах зээлд, бүр тодруулбал ямар улсад худалдан борлуулах асуудлыг урьдчилан тоймлож шийдсэн байх нь зайлшгүй шаардлагатай асуудал болно.    

        Тухайлбал, Хятад улс бол өөртөө 5-6 томоохон зэс хайлах үйлдвэртэй болохоор, манайхаас зэс авах эсэх, мөн ОХУ ч гэсэн манайд үйлдвэрлэсэн зэсийг авах хэрэгцээ байгаа эсэхийг урьдчилан нягтлах нь зүйтэй юм.

         6)Цаашид боловсруулах зэсийн баяжмалын хэмжээг харгалзан, зэс хайлах үйлдвэрийн оновчтой хүчин чадлыг тогтоох, уг төслийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө санхүүгийн чадавхи сайтай, техник технологийн өндөр түвшинтэй, зах зээлийн багтаамж ахиутай улс орныг сонгож хэлэлцээр явуулах нь зүйтэй болов уу.

        Япон улсын зэс хайлах үйлдвэр бол нэг талаар, дээд зэрэглэлийн өндөр чанартай зэс үйлдвэрлэдэг, нөгөө талаар, хүхрийн хийг агаарт гаргадаггүй, байгаль орчинд халгүй технологитой байдаг нь анхаарвал зохилтой хүчин зүйл юм.    

         7) Зэс хайлах үйлдвэрийн хүчин чадлыг, Эрдэнэт, Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалыг бүхэлд нь боловсруулах хэмжээнд бус, тодорхой хэмжээний баяжмалыг зах зээлд борлуулж байх чиглэлийг баримтлах нь зүйтэй байж болох юм. Яагаад гэвэл, зэсийг борлуулах зах зээлийг олохоос баяжмалыг борлуулах явдал харьцангуй хялбар байж болох юм.

          Тийм учраас Эрдэнэт, Оюу толгойн хоёр үйлдвэрийн зэсийн баяжмалын хэдэн хувийг боловсруулах вэ, ямар хүчин чадалтай зэс хайлах үйлдвэр байгуулах вэ гэдэг асуудлыг эдийн засгийн арга зүй, шалгуурын үндэслэлтэй сайтар судлаж, зохистой шийдэл гаргах нь зүйтэй юм.            

                Төслүүдийг санхүүжүүлэх арга хэлбэрийн тухайд

- Та бид нар дээр дурьдсан улс орны хөгжил дэвшилд ахиухан хувь нэмэр оруулах хэдэн томоохон төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Дээрх төслүүдийн төдийгүй, бидний ярилцаагүй үлдээсэн бусад төслүүдийн хэрэгжилт юуны өмнө хөрөнгө оруулалтын санхүүжилтийн шийдлээс хамаарах хь ойлгомжтой юм. Тэгэхээр энэ талаар Та зөвлөмж болгож санал бодлоо ярина уу ?

 

 Таны энэ асуулт бол үнэхээр хөгжлийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гол түлхүүр асуудал юм. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг зохистой арга хэлбэрээр шийдвэрлэж байхын тулд юуны өмнө манайд гадаадын банк, санхүүгийн байгууллагатай харилцах оновчтой арга механизмын, эрх зүйн тогтолцоог бий болгох нь чухал болоод байна.

   Манай улсын өнөөгийн банк, санхүүгийн тогтолцоо, үйл ажиллагаа нь эдийн засгийн хөгжил дэвшилд дорвитойхон нөлөө үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, аливаа бодит үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, мөнгөн хуримтлалыг бий болгох нөхцөл, шаардлагыг хараахан хангахгүй байна.

   Монголын дотоодын арилжааны банкнуудын 20-30 хувийн хүүтэй, богино хугацаатай зээлээр ихээхэн хэмжээний хөрөнгө шаардагдах томоохон төслийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

  Тийм учраас Монгол улсын эдийн засгийн өсөлтийг ахиулах, хүн амын ажил эрхлэлт, амьжиргааны түвшинд ахиц гаргахын тулд юуны өмнө Засгийн газар, УИХ-аас эдийн засгийн үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх гадаад, дотоодын хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэлдүүлэхийн тулд банк санхүүгийн оновчтой арга механизм, эрх зүйн тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа юм. 

  Энэ тухайд дараахи хэдэн зүйлийн санал зөвлөмжийг анхаарч үзээсэй гэж бодож байна.   

         Нэгд, Гадаад улс орны Засгийн газрын болон Олон улсын банк санхүүгийн байгууллагаас Монгол улсын Засгийн газарт үр өгөөжтэй үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төслийг хэрэгжүүлэхэд зориулан олгож байгаа хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулан Засгийн газрын зохицуулалт, хяналтын дор зохих зориулалтаар нь зарцуулж байх, тодорхой хугацааны дотор эргэж нөхөгдөх хуримтлал бий болгох зарчмыг тогтоох.

         Хоёрт, Монгол улсын хөгжил дэвшилд стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бүхэлд нь гадаадын компаниудын мэдэлд  өгөхгүй, манай улсад тогтсон хууль зүйн дагуу үндэсний компаниудын хувь оролцоотой байх зарчмыг баримтлах.

         Гуравт, Монголын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын шугамаар хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэлдүүлэх үндсэн арга зам болох гадаадын банкнаас урт хугацаатай зээл авах, зээлийн батлагаа гаргах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх. Энэ талаар би урьд нь ном, нийтлэлдээ хэдэнтээ дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн юм.