Сайжруулсан зуухыг цаашид тараах нь зүйтэй гэв
2015.08.04

Сайжруулсан зуухыг цаашид тараах нь зүйтэй гэв

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл тооллоготой танилцлаа.  

БОНХАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран 2014-2015 оны Улаанбаатар хотын агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл тооллогыг хийж “Агаарын чанарын ухаалаг систем”-д бүртгэх ажлыг амжилттай хийж дуусгав. Уг ажлын гүйцэтгэгчээр “Эс Ай Си Эй” ХХК шалгарч ажиллажээ.  Судалгааны ажлын явцад  Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл тооллогыг хийж, энгийн болон сайжруулсан зуухны ашиглалт, түлшний хэрэглээний талаар тоон ба чанарын судалгаа хийжээ. Мөн  төслийн шугамаар нийслэлийн гэр хорооллын өрхөд нийлүүлэгдсэн сайжруулсан зуухны мэдээллийг “Агаарын чанарын ухаалаг систем”-д бүртгэх гэсэн гурван үе шаттай ажлыг хийсэн байна.    

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар  Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт нийт 184.5 мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаагийн 130048 өрх нь агаар бохирдуулагч суурин эх үүсвэртэй буюу утаат зуух хэрэглэдэг ажээ. Үүний 55 хувь нь сайжруулсан зуух, 45 хувь нь энгийн зуух хэрэглэдэг байна.  Үлдсэн 54497 айл өрх нь зуух хэрэглэдэггүй буюу бусдын орон сууцанд хамт амьдардаг зэрэг “утаагүй өрх” байна.  “Эс Ай Си Эй” ХХК-ийн  захирал Б.Лхагважаргалын ярьснаар, сайжруулсан зуух иргэдэд тарааснаар  тодорхой үр дүнгээ өгч байгаа нь харагджээ.   

Уг зуух нь  утаа бага гаргадаг, дулаанаа сайн хадгалдаг, түлшинд хэмнэлттэй  гэх зэргээр иргэд ч ам сайтай байгаа гэнэ.  Гэхдээ тараалтын явцад хүндрэлтэй талууд гарч байгаа аж. Жишээ нь зарим айлууд ач холбогдлыг нь  ойлгоогүйгээс авахаас татгалзах, ашиглалтын талаас хүндрэлтэй зүйлүүд тулгарах, авсан зуухаа хөдөө орон нутаг руу дамлаж зарах, хэрэглэхгүйгээр хадгалах зэрэг зөрчил дутагдал байгаа аж.

 Өмнө нь сайжруулсан зуух авсан айлуудын 26 хувь нь зуухаа ашиглахгүй байгаа аж. Мөн иргэд түлшний үнийг буулгах санал гаргажээ. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол  судалгааны үр дүнтэй танилцаад ямартай ч сайжруулсан зуух тараах ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.   Гэхдээ иргэдэд ойлгуулах, сонголт бий болгох нь чухал гэв. Мөн түлшний асуудлыг одооноос шийдвэрлэж, ирэх өвлийн бэлтгэлийг  хангах хэрэгтэй гэлээ.