Аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг барагдуулах ажлыг түр хугацаагаар зогсоожээ
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.08.04

Аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг барагдуулах ажлыг түр хугацаагаар зогсоожээ

2008 оноос хойш өнөөдрийг хүртэл улсын төсвийн байгууллагуудын захиалгаар  захиалгаар ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, компаниудын авч чадаагүй төлбөрийг барагдуулах буюу Вексель бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.

Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэвлэлийн бага хурал хийлээ. Өнөөдөр болсон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Вексель бичих ажлыг зогсоох шийдвэр гарчээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгээс мэдээлж буйгаар аж ахуйн нэгж байгууллагуудаас гомдол ирсэн учраас уг ажлыг зогсоосон байна.

Сангийн яамнаас өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр нийт найман арилжааны банктай Төлбөр баталгаажуулах тухай гэрээг байгуулан долдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Вексель бичиж эхэлжээ.

Сангийн яаманаас Вексель бичихдээ тогтоолд заасан төсөл арга хэмжээний үлдэгдэл төлбөрийг салбарын яамнаас ирүүлсэн гүйцэтгэлийг үндэслэн Сангийн сайдын 2012 оны тушаалаар баталсан Санхүүжилтийн эрх нээхэд баримтлах журмын дагуу нийт 15 шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг хянан, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эрх нээдэг зарчимтай ижил байдлаар хянан баталгаажуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийт 81 аж ахуйн нэгжид 95.2 тэрбум төгрөгний Векселийн бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдлийг хүргүүлээд байсан юм.

Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хороо Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд нэг ч төгрөгний Вексель мөнгөжөөгүй байгаа гэдгийг Сангийн сайд хэллээ.