Аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгох тал дээр ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор
2015.08.05

Аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгох тал дээр ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор өнөөдөр /2015.08.05/ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд тусгагдсан гол заалтууд болон аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх хөнгөлөлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Төсвийн байнгын хорооны Мягмар гарагийн /2015.08.04/ хуралдаанаар Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий векселиэр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоол баталсан. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, “Векселиэр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд уг арга хэмжээнүүдэд төсвөөс санхүүжилт гаргахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан юм

.

Энэ оны 01 дүгээр сард Монгол Улсын Их Хурал Засгийн газарт маш тодорхой үүрэг өгсөн. Тодруулбал, ажлаа хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн өрийг барагдуулах үүрэг өгсөн юм. Гэтэл олон сарын дараа гэнэт 200 гаруй тэрбум төгрөгийн вексель гаргах шийдвэртэй холбогдуулан санхүүжилт авах аж ахуйн нэгж, байгууллага нь дарааллын бус эсхүл уг хугацаанд хамаарагдаагүй гэх мэтгомдол, мэдээлэл ихээр ирж байна. Иймд энэхүү арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдлыг шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болсон. Энэ нь санхүүжилт гаргахгүй гэсэн үг биш, харин ажлын 5 хоногийн дотор багтаан нягталж, аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгох тал дээр ажиллах юм” гэлээ.

Мөн тэрээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэхүү мэдээллийн дараа Байнгын хорооны дарга Б.Болор сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.