Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулъя
2015.08.06

Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулъя

-Компани, аж ахуйн нэгжүүд бөх, морь, бүтээн байгуулалтын бус зүйлд зарцуулдаг зарим мөнгөөрөө Үндэсний хүрээлэнд хөрөнгө оруулалт хийвэл ямар вэ?-

 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өдөр бүр олон мянган хүн бужигнаж байдаг газар болжээ. Агаар салхинд алхах гэсэн, автомашины дуу чимээнээс холхон амрах гэсэндээ хүмүүс хотын аль ч захаас хамаагүй энэ газрыг зорьж ирдэг байх. Овоо хэдэн хүн оруулчих зайтай ийм газраа улс нэг юм  авч үлдсэн нь их юм даа. Эргэн тойронд нь бол одоо дүүрэн л барилга багширч байна.

Цэцэрлэгт хүрээлэнтэй байна гэдэг орчин үеийн хотын жишиг. Хожуу ч гэсэн, тав тух тааруу ч гэлээ хүмүүст энэ орчныг бүрдүүлж өгсөнд нь нийслэлчүүд талархдаг байх. Гэхдээ одоо Үндэсний хүрээлэнг арчилж тордож, тохижуулахгүй бол наймаачид чихэр жимс борлуулсан, эргэн тойронд нь хуушуурын гуанз, худалдаачид цугласан, яваандаа хүмүүс үргэж мэдэхээр газар болж магадгүй болжээ.

Ашгүй, тэр тухайд хотынхон анхаарч,  Захирагч Э.Бат-Үүл “Тохижилтын ажил зохион байгуулах тухай” захирамж гарган, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурх явган хүний замыг тохижуулах, авто машины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг шийдвэрлэхээр болсон байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой хэсэгт буюу 46 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр дээрх тохижилтын ажлыг гүйцэтгэхээр санал гаргасан бөгөөд Засаг даргын тамгын газар түүнийг нь судалж үзээд, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-тэй уялдуулан ажиллахаар болжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар. Тэгэхээр энэ газрыг тохижуулах, хөгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавьж  ажиллах үүргийг хот хүлээдэг.

“Сарангэрэл сан” гэж байгууллага өөрийн хөрөнгөөр тохижилт хийлээ гэхэд хөрөнгө оруулалт нь цаашид хаана харьяалагдах бол гэсэн асуулт энэ тохиолдолд тавигдана. Үүнд нийслэлий удирдлагууд “Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн  харилцааны газарт даалгасан” гэсэн хариулт өгч байна. Уг нь ийм жишгээр явбал Цэцэрлэгт хүрээлэн амархан цэцэглэнэ. Улс яваандаа үйл ажиллагааг нь ямар ч алдаагүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахад болох юм.

Нэг санал байна. Нийгмийн хариуцлагын үүднээс Улаанбаатарын том том компани, аж ахуйн нэгжүүд бөх, морь, бүтээн байгуулалтын бус зүйлд зарцуулдаг зарим мөнгөөрөө Үндэсний хүрээлэнд хөрөнгө оруулалт хийвэл ямар вэ? Өөрсдөө саналаа гаргаад, хотоос чиглэлээ аваад хийвэл дэм дэмэндээ дороо болчих юм шиг.

 

Үр хүүхдүүд маань үргэлжид амарч, зугаалж, алжаал ядаргаагаа тайлж байх энэ газрыг аль болох хурдан хотын хамгийн аз жаргалтай орчин болгомоор байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ өөд татъя гэсэн уриалгыг улсынхаа нийслэлд амьдарч байгаа хүн бүхэнд хүргэмээр байна.

Анх энэ хүрээлэнгийн тохижилтын ажлыг 2009 онд эхлүүлж байсан бөгөөд 2024 онд бүтээн байгуулалтыг бүрэн гүйцэтгэж дуусгах төлөвлөгөөтэй. Бүтээн байгуулалтын ажилд нийт 960 га талбайг хамруулах аж. Анх нээхдээ энэ 960 га талбайн  183 га-д нь зураг төсөл, ерөнхий төлөвлөгөө гаргаж, эхний ээлжинд 30 га-д нь хөрөнгө оруулалт хийн, нээсэн гэдэг.

Тэгэхээр зай талбайн хувьд боломжийн гэж үзэх цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг цаашид үр дүнтэй, хүн бүхэнд хэрэгтэй байдлаар тохижуулахыг нийслэлийн удирдлагуудаас хичээнгүйлэн хүсч байна.

Нөгөөтэйгүүр бүтээн байгуулалтын ажлаас гадна энд 2009 оноос хойш тарьж, ургуулж байгаа мод, бутаа арчлахад юу юунаас илүү анхаарах нь зөв. Манайд тохижилтоо сайн хийсэн ч цэцэрлэгжилтээ хийж чаддаггүйн жишээ олон бий. Энэ чиглэлийн дагнасан ажилтан, мэргэжилтэн ч цөөн байдаг байх. Хэдэн жилийн өмнө хотын төвд “Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн” гэж авсаархан орчин бүрдүүлж, цэцэрлэгт хүрээлэнг засч тохижуулахад улсаас мөнгө төгрөг гаргаж байсан ч асарч тордох хүнгүйн улмаас аанай л муудсан харагддаг.

Одоогийн цэцэрлэгт хүрээлэнг нээхдээ эхний ээлжинд мод нутагшуулан бойжуулах талбай, явган болно гүйлтийн зам, усан оргилуур, хөлбөмбөг, сагсан бөмбөг, теннисний талбай байгуулахаар тусгаж, тэднийгээ ч төлөвлөснөөр хийжээ.

Цаашдаа, энд анх төлөвлөж байсан ногоон байгууламжийн цэцэрлэгжүүлэлт, усалгааны систем, зүлэгжүүлэлт, экстрим спортын талбай, цэцгийн хүлэмж, агаарын лифт зэрэг зайлгүй хийгдэх ёстой бүтээн байгуулалтууд хүлээгдэж байна.  Эднээс шүүрч аваад, бодитой ажил болгон, нийслэлийн иргэдийг баярлуулах байгууллага олон бий гэж найдаж байна.