2009.11.20

УИХ-ын Дэд дарга Н.Энхболд Удирдах зөвлөлийн ээлжит хуралд үг хэлнэ

УИХ-ын дэд дарга, Монголын Хоршооллын Үндэсний нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Н.Энхболд өнөөдөр ХАҮТ-ийн 605 тоотод 14.00 цагт эхлэх тус холбооны Удирдах зөвлөлийн 2009 оны ээлжит хуралдаанд оролцож үг хэлнэ.

Өнөөдрийн хуралдаанаар тус холбооны 2009 оны ажлын тайланг хэлэлцэх бөгөөд мөн Хяналтын зөвлөлийн тайланг сонсох ажээ. Мөн тус холбоонд шинээр элсэн орсон байгууллагаас Удирдах зөвлөлийн гишүүн шинээр сонгох, холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах болон тус холбооны 2010 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, баримтлах бодлогыг батлах юм байна.

Монголын Хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбоо нь монголын нийт хоршооллын дээвэр байгууллага бөгөөд “Хоршооллын байгууллагуудын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлж, хэрэгжих таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Тус байгууллагыг Монголын худалдаа эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоо, Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбоо, Монголын ардын аж ахуйтны хоршоодын холбоо, Монголын хоршооллын сургалт, мэдээллийн төв, Монголын хадгаламж зээлийн хоршоодын холбоо зэрэг мэргэжлийн холбоод үүсгэн байгуулсан байна.
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 6 сарын 10-ны өдрийн 173-р тогтоолоор батлагдсан “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”-ийг хэрэгжүүлэхэд тус байгууллага нь МУЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг Жижиг Дунд Үйлдвэрийн газартай хамтран ажиллахаар шийдвэрлэгдсэн бөгөөд уг хөтөлбөрт хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагыг дэмжихээр тусгагдсан аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.