"Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015" тэмцээн 19-29-ны хооронд болно
2015.08.11

"Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015" тэмцээн 19-29-ны хооронд болно

"Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015" тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 19-29-ны хооронд болно.

Тэмцээнд нийтдээ 20 гаруй орны 170 орчим тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Дэлхийн өсвөрийн шатарчдын тэмцээн Улаанбаатар хотод анх удаа болж байгаа бөгөөд Зохион байгуулах хорооноос энэ тэмцээний нэг зорилгыг Монголоо сурталчлах явдал хэмээн тайлбарлаж байгаа юм. “Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн төвшний том багууд оролцоно. Мөн тус улсын их мастерууд нь “Mongolia open”-д оролцохоор ирнэ” гэдгийг ч Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Я.Санжмятав хэллээ.

Уг тэмцээнийг зохион байгуулахад хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцож, багагүй дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Тамирчдыг байршуулах байр хоолоор хангахад “Чингис хаан” зочид буудал хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Харин “Хүннү молл” компани тоглолтын өдрүүдэд хурлын заалаа үнэгүй ашиглуулахаар болжээ. Тэмцээн зохион байгуулахад нийт 500-600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа гэнэ.

Үүний 70 сая төгрөгийг Засгийн газар төсвөөс гаргасан байна. Үлдсэн хөрөнгийг хувийн хэвшлээс гаргаж байгаа аж. Дэлхийн хэмжээний тэмцээн учраас сайн чанарын шатар, ширээний цагийг шинээр авах шаардлагатай болсон бөгөөд Дэлхийн шатрын холбооноос 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 200 гаруй ширээний цаг, мэргэжлийн 200 шатрын хөлөг авах захиалга өгсөн байна.