Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд
2015.08.11

Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.11/ хүлээн авч уулзав.

 

Ноён Ү Юн Гын УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйг онцоллоо. Мөн хамтарсан форумын хүрээнд улс төр, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт үйл ажиллагаа тэлсээр ирснийг тэмдэглэн хэлсэн юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, уулзаж буйдаа талархаж байгаагаа илэрхийлэв. УИХ-ын дарга болон Солонгос-Монголын хамтарсан форумын удирдах зөвлөлийн гишүүд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийгэм-эдийн засаг, хөдөө аж ахуйн зарим асуудлаар санал солилцсон юм.

 

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд, Монгол-Солонгосын Эдийн Засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.