Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад эхэллээ
Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад
2015.08.20

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад эхэллээ

Монгол Улсын нийслэлд Өсвөрийн шатарчдын  дэлхийн олимпиад  анх удаа зохион байгуулагдахаар болж, өчигдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг зохион байгуулах хорооны дарга , УИХ-ын гишүүн Я.Санжмятав,  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, ОУШХ- ны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов болон албаны хүмүүс оролцсон юм.

Тэмцээн энэ сарын 19-29- ний өдрүүдэд "Хүннү молл" цогцолборт болно.  Тэмцээнд Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг нийт 23 орны  170 гаруй баг тамирчид оролцож байна. Чансаагаараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох, Дэлхийн шатрын  холбооны календартад орсон, оноо цуглуулдаг том тэмцээн юм. Манай улсаас нийт 50 гаруй өсвөрийн тамирчин

зургаан баг болж оролцохоор бэлтгэлээ хангажээ. Тэмцээнд Их мастер найм, Олон улсын мастер 11, ОУШХ-ны мастер 28, ОУШХ-ны дасгалжуулагч 27, ОУШХ-ны шүүгч 20 оролцож байна.

Тус тэмцээний үеэр “Mongolia open” олон улсын нээлттэй тэмцээн болно. Түрүүлсэн тамирчин зургаан сая төгрөгийн шагнал авах аж. ‘Mongolia open "-д дэлхийн супер их мастерууд ирж тоглож байгаагүй бөгөөд энэ жил 20 гаруй орноос 150 тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна. Үүнээс арав гаруй нь дэлхийн шилдэг их мастерууд байна. Тус тэмцээнд манай улсын найман их мастерын зургаан нь оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээний үеэр ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох сургалт, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай сургалт зохион байгуулна. Олимпиадыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулснаар цаашид ОУШХ- оос жил бүр зохион байгуулдаг нэр хүндтэй тэмцээн болох Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн /2016/, Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээн /2017/, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2018/- ийг Монголд зохион байгуулах боломжтой. Түүнчлэн, 2021 оны Дэлхийн цом, 2022 онд Дэлхийн Шатрын Олимпийг эх орондоо зохион байгуулах таатай нөхцөл бүрдэх юм байна.

Нээлтийн үеэр өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас тэмцээний талаар сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Энэ тэмцээнийг зохион байгуулахаас өмнө, өнгөрсөн жил Завхан аймагт 9999 шатарчдын тэмцээн болсон. Тус тэмцээнээр ОУШХ-ны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов ирсэн юм. Энэ үеэр монголчууд шатраар дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болсон талаар ярилцаж, ирэх жил энэ олимпиадыг монголд авахаар ярилцаж байлаа. Бидний ярилцсан эрчүүдийн яриа өнөөдөр биелж байгаад баяртай байна. Манай эх оронд зохион байгуулагдахаар зөвшөөрөл өгсөн ОУШХ-нд талархаж буйгаа илэрхийлж байна.

Мөн Засгийн газрын шийдвэр гарч Дэлхийн шатрын холбооны зөвшөөрлийн дагуу өсвөрийн шатарчдын олимпиадыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  Үүний дагуу тус ажлыг зохион байгуулах хорооны даргаар ажиллахдаа миний  бие маш их баяртай байлаа. Хүүхдүүдээ тивийн болоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах, сайн их мастеруудыг төрүүлэхийн тулд хичээж ажиллах ёстой. Тиймээс энэ тэмцээнийг арав хоногийн хугацаатай Монголд зохион байгуулна. Монголоос удахгүй дэлхийн аварга төрнө гэдэгт итгэлтэй байна. Бид энэ тэмцээний үед өнгөрсөн жил шатар тоглосон 11180 хүүхдээ дэлхийн шатрын холбооны гишүүнээр элсүүлэх гэж байна. Энэ нь монголчуудыг дэлхийд сурталчилсан том арга хэмжээ болно. Мөн “Mongolia open” тэмцээнийг өөрийнхөө ивээл дор зохион байгуулж байгаа. Улмаар шатрын тэмцээнд ирсэн их мастеруудыг монголын шатарчидтай танилцуулах, харилцан туршлага солилцох, багш шавь болох бололцоог бүрдүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаа" гэсэн юм. Харин ОУШХ-ны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад өөрийн биеэр оролцож байгаадаа их баяртай байна.

186 орныг гишүүнээрээ элсүүлсэн ОУШХ-ны зүгээс монголын эрхэм сайд нар, шатарчдадаа мэндчилгээ дэвшүүлж байна. ОУШХ 186 гишүүн холбоодтойгоос хамгийн идэвхтэй нь Монгол Улс юм. Тиймээс үзэсгэлэнт Монгол Улсад дэлхийн өсвөрийн шатарчдын олимпиадыг зохион байгуулах эрхийг олгосон. Энэ тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж байгаа Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нартаа маш их талархаж байгаагаа илэрхийлье. Энэ шатрын тэмцээнээс ирээдүйн дэлхийн аварга төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тамирчдын буусан “Чингис” зочид буудал  их таалагдаж байгаа. Тав тухтай байгаадаа зочид их баяртай байгаа шүү” гэсэн юм.