2010.08.30

Н.Энхболд: Төсвийн хэлэлцүүлгээс өмнө сонгуулийн хуулийг батлах хэрэгтэй.

-УИХ-ын үйл ажиллагаа хэзээнээс жигдрэх вэ. Гишүүдийн ирц ямар байгаа вэ?

-Нэлээд олон гишүүн орон нутагт томилолттой байна. Есдүгээр сар гарч, сургууль цугларахаар хүмүүс суурин болдог шүү дээ. Яг тэр үеэр гишүүд голдуу тойрогтоо ажилладаг. Тиймээс хотод  цөөхөн гишүүн байна. Бидний төлөвлөснөөр Байнгын хороод ирэх сарын 15-наас эхлээд чуулганы бэлтгэл ажлыг хангаж, зарим нь хуралдах байх. Харин намрын чуулган аравдугаар сарын 1-нд хуралдаж эхэлнэ.

-Бүлгүүд наана нь хуралдана биз дээ?

-Ирэх сарын 15-наас хуралдчих байх. Ер нь жил бүрийн жишгээс харвал бүлгүүд 15 гээд л хуралдаад эхэлчихдэг.Өөрөөр хэлбэл,УИХ% ын үйл ажиллагаа жигдэрдэг. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал гарчихсан байгаа. Тамгын газар тэр дагуу бэлтгэлээ хангаж байна.

-Тусгай  хяналтын дэд хороо өнөөдөр (өчигдөр) хуралдлаа. Ерөнхий прокурорын саналыг намрын чуулганаар л хэлэлцэнэ биз дээ, эсвэл ээлжит бус чуулган зарлах уу?

-Тусгайлж ээлжит бус чуулган болохгүй байх. Дэд хороо дүгнэлтээ гаргачихвал гишүүдэд танилцах бололцоо олгох хэрэгтэй. Дараа нь Хууль зүйн байнгын хороо хуралдана.  Ямар цаас харж байгаад л хуралдчих биш.Танилцах, хэлэлцэх бэлтгэл ажил гээд бараг л намрын чуулган хүргэх болов уу.

-Намрын  чуулганаар хэлэлцэх асуудлын дотор УИХ-ын сонгуулийн   тухай   хуулийн өөрчлөлт байна. Энэ хуулийн   төсөл дээр ажиллаж байгаа таны ахалсан ажлын хэсэг ямар шийдэлд хүрч байна вэ?

-Чуулган завсарласнаас хойш ажлын хэсэг хуралдаа-гүй. Хамгийн сүүлийн байдлаар зарчмын хувьд сонгуулийн холимог системийг сонгож болох юм гэсэн байр суурь гарсан. Хоёр намын бүлэг дээр ч дэмжигдсэн. Тэр дагуу гишүүд хувилбаруудын талаар бодож байгаа. Байнгын хороод хуралдаж эхлэхээс өмнө ажлын хэсгийн гишүүдтэйгээ санал солилцоно.

-Намрын чуулганаар эхэнд нь сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх үү?

-Миний бодож байгаагаар болж өгвөл төсөв хэлэлцэхээс өмнө сонгуулийг хуулийг батлаад авбал сайн. Хувийн байр суурь гэвэл ийм л байна. Улс төрийн зарчмын чиг хандлага нь гарчихсан болохоор хэлэлцээд явах байх. Төсвийн дараа гэхээр оройтчих болов уу. Гэхдээ ажлын хэсэг, бүлэг, Байнгын хороо хуралдаад эхлэхээр ямар болохыг нь хэлж мэдэхгүй нь.

-Хоёр намын бүлэг, зөрөлдөөд байгаа зүйл нь санал   хураалтыг  явуулахдаа  хүнийг  нь сонгох уу, намыг нь дугуйлах уу  гэдэг байгаа. Энэ асуудал дээр тохирсон зүйл байна уу?

-Гишүүд чуулган завсарлахаас  өмнө  ямар  байр суурьтай байсан түүн дээрээ л байгаа байх. Яагаад гэвэл, түүнээс хойш санал солилцсон зүйл алга. Болгоомжлоод  байгаа гол шалтгаан нь үндсэн хууль зөрчих вий гэсэн эмзэглэл байгаа шүү дээ.Үг,үсэг хөөгөөд үзвэл гишүүнийг шууд сонгоно гээд  хуульчилсан байдаг. Гэтэл манайх шиг суурь хуульдаа Гишүүнийг шууд сонгоно" гэсэн заалттай, гэхдээ намын жагсаалтаар санал хураадаг улс байдаг юм билээ. Логик талаас нь үзвэл шууд саналаа өгч гишүүнийг сонгож байгаа болохоор эцэг хуулиа л  Зөрчигдөхгүй"гэж үздэг юм байна. Сонгуулийн хуулийг намрын чуулганаар батлая гэсэн улс төрийн эрмэлзэл хэвээрээ байвал хуулийг яаж ойлгох уу гэдгээр ойлголцолд хүрч болох байх.

-Нам, гишүүнийг нь давхар дугуйлах дундын хувилбараар явж болохгүй юу. Таны хувийн байр суурь ямар байгаа вэ?

-Би хүнээ сонгоно гэдэг нь хуультай илүү нийцнэ гэсэн бодолтой явдаг. Үндсэн хууль баталж байсан АИХ-ын депутатуудын зарим нь "Хүнийг нэрээр нь сонгоно гэж ойлголцсон" гэсэн тайлбар хэлдэг юм билээ. Тэр бүгдийг нарийвчилж,  тухайн үеийн хурлын протоколыг үг, үсгээр нь үзэх шаардлага гарах байх.

-Б.Чимид гуай нам, гишүүн хоёрыг давхар дугуйлж болно гээд хуулийн   төсөл   боловсруулж, Л.Болд гишүүн УИХ-д өргөн барьчихсан шүү дээ?

-Тэд өөрсдөө л тэгж тайлбарлаад байгаа юм.

-Таны ахалсан ажлын хэсэгт парламентад суудалтай намуудын төлөөлөл бүрэн орсон уу?

-МАХН, АН, МНН-ын төлөөлөл орсон.

-Ер нь парламентад суудалгүй намуудын саналыг хуулийн төсөлд тусгах талаар ямар ажил хийж байна вэ. Танд ямар нэгэн санал ирэв үү?

-Хэвлэл, мэдээллээр явж байгаа хүмүүсийн байр суурийг анхаарч байгаа. Гол нь энэ бүхэн тухайн хүний үзэл бодол уу, намын албан ёсны байр суурь уу гэдэг нь тодорхойгүй байна. Яг миний гар дээр ийм намын шийдвэр гаргах эрх бүхий байгууллага сонгуулийн хуулийн төсөл дээр ийм байр суурьтай байна гэсэн бичиг ирсэн зүйл алга л байна.

-Жижиг намуудын төлөөлөл босгыг багаар тогтоохын төлөө байр сууриа илэрхийлж байна. Ажлын хэсэг дээр ч таван хувь дээр тогтсон гэж сонссон?

-Босгыг хэдээр тогтох талаар эцэслэсэн зүйл байхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.