Тал засаг хэзээ бүтэн болох вэ
2015.08.27

Тал засаг хэзээ бүтэн болох вэ

Засгийн газрын зургаан сайдыг намрын чуулган хүртэл өргөн барихгүй гэсэн мэдээллийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас өгсөн. Харин УИХ-ын дарга хуульд заасан нэг сарын хугацаа буюу есдүгээр сарын 6-ны дотор сайд нараа томилохыг сануулсан албан бичиг хүргүүлээд байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

Д.Ганхуяг: Ээлжит чуулган хүлээвэл хууль зөрчсөн хэрэг болно

-Засгийн газар зургаан сайдаа намрын чуулган хүртэл өргөн барихгүй гэж мэдэгдсэн. Үүнийг та юу гэж үзэж байгаа вэ?

-АН-ьш бүлэг сайд нарыг ойрын хугацаанд өргөн мэдүүлэх ёстой гэсэн байр суурь баримталж байгаа.

УИХ-ын дарга өчигдөр Ерөнхий сайдад "Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" албан тоот хүргүүлсэн. Тэгэхээр ирэх сарын 6-наас өмнө сайд нараа өргөн мэдүүлэх байх гэж бодож байна. УИХ-ын тухай хууль , Засгийн газрын хуульд тодорхой заасан. Хуулиа баримтлах ёстой.      ’

-Сайд нарыг ээлжит бус чуулганаар чөлөөлсөн болохоор 30 хоногийн дотор томилно гэсэн хуулийн заалт үйлчлэхгүй гэж тайлбарлаад байгаа?

-Хуульд ээлжит болон ээлжит бус чуулган гэсэн үг байхгүй. Засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гээд цагаан дээр хараар бичсэн байгаа. Ээлжит чуулган хүлээнэ гэвэл хууль зөрчсөн хэрэг болно.

Бүрэлдэхүүнээ хурдан гүйцээх хэрэгтэй. Төрийн ажил саадгүй, цалгардалгүй үргэлжлэх ёстой. Үүний тулд УИХ завсарласан ч ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Аравдугаар сард намрын чуулган эхлэнгүүт ирэх оны төсөв хэлэлцэнэ. Түүнээс өмнө салбарын сайд нарыг томилох байлгүй дээ.

З.Баянсэлэнгэ: Засгийн газрын гишүүдээ томилж чадахгүйд тулсан зөрчил АН-д л байна

Өвлийн бэлтгэл, улс орны эдийн засгийн байдал гээд Засгийн газарт хийх ажил их байхад бүрэлдэхүүн дутуу байгааг та юу гэж харж байна ю?

-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэгийн асуудал, өвөлжилтийн бэлтгэл, улс орны эдийн засгийн байдал гээд шийдэх асуудал ихтэй, ажил төрөл өрнөж байгаа энэ үед салбар хариуцсан сайд нар томилогдохгүй удаж байгаа нь сайн зүйл биш. Салбар эзэнгүйдэх, хариуцах эзэнгүй байгааг далимдуулан янз бүрийн хууль зөрчсөн асуудал гарахгүй гэх баталгаа байхгүй. Сайдгүй байх хооронд ажил цалгардах, орхигдох, элдэв маапаантай асуудал гарлаа гэхэд хэнтэй хариуцлага тооцох вэ гэдэг асуудал ч бүрхэг байна. Улсын ажил эзэнтэй байх ёстой.

-Сайд нарыг томилох асуудал яг юун дээр гацаад байна вэ?

-Засгийн газрын гишүүдээ томилж чадахгүйд тулсан зөрчил маргаан АН-д л байна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаснаас харахад ч, одоогийн байгаа байдлаас харахад ч эдний нам доторх асуудал л гацаа үүсгээд байна. Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудлаас болж сайд нараа томилж чадахгүй байгаа юм. Зам, тээврийн яамны эрхлэх асуудшын хүрээнд төмөр зам ордог. Төмөр зам нь Таванголгойг ашиглах асуудалтай холбогдож байгаа учраас Зам, тээврийн сайдад дэвшүүлж байгаа хүнийг дэмжих, дэмжихгүйн тухай богинохон улс төр яваад байна л даа.

-"Шударга ёс" эвсэл, АН хоёр хоорондоо тохирч чадахгүй зүйл байгаа юм биш үү?

-“Шударга ёс” эвслийн хувьд ямар нэг гацаа тээг тавьсан явдал байхгүй. Эвсэл шадар сайд, хоёр яам авах нь тодорхой болсон. Яамд тодорхой болчихсон учраас маргаад байх зүйл алга. Сайд нарынхаа нэрийг өг гэхэд шууд гаргаад өгөхөд бэлэн байгаа.

-Сайд болох хүмүүснйн дунд таны нэр сонсогдож байсан. Танайхаас сайдад дэвшүүлэх хүмүүс эцэслэн шийдэгдсэн юм уу?

-Ажлын хэсэг дээр талууд харилцан санал солилцох асуудал энгийн зүйл. Янз бүрийн яриа өрнөж л байдаг. Үүнийг хэвлэл мэдээллээр дэлгээд байх боломжгүй. Урьдчилсан байдлаар ярихад Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжоор хангахын тулд УИХ дотроос сайд нараа томилъё, ингэхдээ өмнө нь сайдаар ажиллаж байсан болон УИХ-ын бүтцийн байгууллагад (Байнгын хорооны дарга гэх мэт) албан тушаал хашиж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байя гэж УИХ дахь АН-ын бүлэг санал болгосон. Энэ саналыг үндэслэж миний нэрийг ярьсан нь үнэн. Гэхдээ хэнийг дэвшүүлэх нь бүлгийн даргын эрх мэдлийн асуудал. Одоохондоо яг таг тодорхой болчихсон зүйл алга.