Дугаартайгаа шилжих үйлчилгээг энэ онд багтаан хэрэгжүүлж эхэлнэ
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын /МТШХХГ/ дарга Ц.Жадамбаа
2015.08.31

Дугаартайгаа шилжих үйлчилгээг энэ онд багтаан хэрэгжүүлж эхэлнэ

Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аар баталсан, Энэ хуулийн гол агуулга нь дугаартайгаа шилжих үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны хэрэглэгчид утасны дугаараа өөрчлөхгүйгээр оператор компаниа солих боломж бүрдсэн.

Гэсэн ч хуулийг нь батлаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч энэ үйлчилгээ хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Энэ талаар болон ТҮЦ машины талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын /МТШХХГ/ дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.

Дугаартай шилжих үйлчилгээ юу болсон бэ. Хуулийг нь батлаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч өнөө хэр хэрэгжихгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлэх хууль гарснаас хойш бараг жил хагасын хугацаа өнгөрчихлөө л дөө. Харин хуулийн хэрэгжилтийг яагаад хангахгүй байна гэхээр тухайн хөрөнгө оруулагчтай салшгүй холбоотой байгаа юм. Өөрөөр хэлбэл, үүрэн телефоны дөрвөн оператор энэ хуулийг дагаад технологийн шинэчлэл хийж байгаа. Тэд энэ ажлыг оны эхнээс нэлээд эрчимтэй хийсэн.Тэр шаардлагыг бид хуулийг баталсан үеэс эхлэн тавьсан. Одоо Харилцаа холбооны зохицуулах хорооноос дугаартайгаа шилжих үйлчилгээг эхлэх дундын операторыг сонгон шалгаруулах журмыг баталсан, ажлаа эхлүүлээд байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бид энэ ажилд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа гэж ойлгож болно.

-Дундын оператор гэдгээ тодорхой тайлбарлана уу. Сонгон шалгаруулалт дууссаны дараагаар энэ ажил биеллээ олно гэж ойлгож болох уу?

-Дөрвөн операторын дунд холболт хийх шинэ оператор гарч ирнэ гэсэн үг. Гэхдээ энэ нь тав дахь үүрэн операторын тухай ойлголт биш. Энэ дөрвөөс нэг нь сонгогдох юм уу дундын нэг корпорацийг үүсгэх гэх мэтээр хэлбэрийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж байгаа нөхцөл шаардлагын дагуу явах ажил. Ямар ч байсан дугаартайгаа шилжих  үйлчилгээг олон улсын жишгийнх нь дагуу хэрэгжүүлдэг оператор шинээр үүсч гарна  гэж ойлгох хэрэгтэй.    

Дугаартайгаа шилжээд буюу өөр оператор сонгохоор нэмэлт төлбөр төлөх эсэхийг олон нийт их асуудаг л даа. Үүнд хуулийн зохицуулалт нь      ямар байгаа бэ. Та үүнд тайлбар өгнө үү?     

-Энэ үйлчилгээнд ямар нэгэн төлбөр   тооцооны асуудал огт гарахгүй. Өнөөдөр та X компанийн хэрэглэгч байгаад У компани руу шилжлээ гэхэд У компанидаа шилжсэн үнээр л явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та нэгдүгээр цэгээс хоёрдугаар цэг рүү шилжсэн бол нэгийнхээ биш хоёрынхоо шинэ үнийг төлөөд л явна гэсэн үг. Энэ бол шилжилтийн  нэг хэлбэр. Та өөрөө үнийн сонголт үйлчилгээний төрлөөс хамаараад сонголтоо хийж байгаа учраас энэ нь иргэний таны л сонголт болж хувирч байгаа юм,

•Тэгэхээр сонгон шалгаруулалт удахгүй дуусаад иргэд энэ ондоо багтан дугаартайгаа шилжиж эхэлнэ гэж ойлгож болох уу?

-Ер нь бид тийм зорилттой ажиллаж байна

•ТҮЦ машины тоог нэмэх тал дээр ямар ажил хийж байна вэ. Нөгөө талаар энэ машинаас авсан лавлагааг зарим банк эрх зүйн акт гэж үзэхгүй байна л даа. Заавал эх хувь шаардаал байгаа нь ямар учиртай юм бэ?

-"ТҮЦ машин цэг мн " гэдэг вэб хуудсаар

Ороод тухайн кодоо хийгээд шалгах боломжийг  бүрдүүлээд өгчихсөн анхнаасаа ч тийм байсан. Банкууд болон холбогдох газруудад энэ сайтаас шалгаж болно гэдэг мэдээллийг  өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар зарим банкны салбарт тийм тохиолдол гарч байгаа. Гэхдээ дээрх сайтаас холбоотой лавлагаа мэдээллийг өгөөд явж байгаа учраас тухай бүрт нь засч байгаа гэсэн. Ер нь цаашлаад цахим засгийнхаа хуулийг батлах ёстой гэдэг нь эндээс харагдаад байгаа юм.  Өөрөөр хэлбэл, цахим машиныг ашиглаж  авсан баримт бичиг нь эрх зүйн хүчин төгөлдөр  юм гэдгийг хуульчилж батлах ёстой  нь дутагдаад байна шүү дээ Энэ утгаараа  МТШХХГ-аас энэ талаар анхаарч ажиллаж байна. Гэхдээ ТҮЦ машинаас гарч байгаа лавлагаанууд УБЕГ- ын үнэн бодит сангийн мэдээлэл учраас бүгд үнэн мэдээлэл байгаа. ТҮЦ машин бол зөвхөн хадгалагч биш дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм шүү дээ. Энэ үүднээсээ ямар ч эрсдэлгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Тоог нь нэмэх асуудлыг ярилцаж байгаа юу. Заримдаа ТҮЦ машинууд эвдэрчихсэн, яарч сандарсан үед ажилладаггүй шүү дээ?

-Одоо байгаа ТҮЦ машинууддаа бид тогтмол засвар хийж байгаа. Яахав энэ маань шинэ тутам гарч байгаа технологи учраас эвдрэх тохиолдол гараад байна л даа, Тухайлбал, мөнгө унших хэсэг рүү нь утасны карт хийсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, эвдрэл нь янз бүрийн тохиолдлоос болж байна л даа. Тухайн төхөөрөмжтэй харьцах хэрэглэгчийн дадал чадвараас ихээхэн хамаараад байна. Дэлгэцийг нь хагалах, кнопыг нь эвдлэх гэх мэт тохиолдол олон гарч байгаа ч бид дор бүр нь засаад явж байгаа.

Түүнчлэн зарим тохиолдолд ТҮЦ машиныг байрлуулсан үйлчилгээний төвүүд 10-11 цагийн хооронд онгойдог, эсвэл тог нь тасарчихдаг үөд машин ажиллахгүй байх тохиолдол гарна. Гэхдээ бид 24 цагаар мониторингийн хяналт хийж байгаа учраас аль болохоор эвдрэлийг хурдан засч байгаа. Тоо нэмэх тухайд төсвийн хязгаартаа багтаагаад 30 орчим ТҮЦ машиныг ирэх жил нэмнэ гэсэн тооцоотой ажиллаж байна. Ерөнхийдөө машины хэрэгцээ их өсч байгаа учраас зөвхөн нийслэл гэлтгүй орон нутагт ч хэрэгцээ өндөр байгаа учраас хүсэлт нэлээд ирж байгаа. Өнөөдрийн байдлаар хичээл, сургууль эхэлж байгаатай холбоотойгоор ТҮЦ машиныг хэрэглэх нь нэг дахин нэмэгдээд байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байгаа л даа,