Санхүүгийн хүйтэн дайн
2015.09.04

Санхүүгийн хүйтэн дайн

Өнөөдөр хүйтэн дайн дуусаагүй үргэлжилж байгаа гэдэгтэй олон судлаачид санал нийлж байна. Гол дүрүүд нь урьдын адил АНУ-тэргүүтэй барууны блок, нөгөө талд ОХУ, Хятад. Гэхдээ энэ удаа аль ч тал пуужингаар нэг нэгнээ сүрдүүлэхийг зорьсонгүй. Гол зэвсэг нь хөрөнгө оруулалт, үнэт цаас, хувьцаа зэрэг санхүүгийн хэрэгслүүд. Доллар, евро хоёр рубль, юаний эсрэг.

Орчин үеийн ертөнц санхүүгийн хүйтэн дайны байдалд оржээ. 2009 оны хямралаас өмнө хөгжингүй орнууд эдийн засгийн өсөлтийн удаашрал хэмээх том асуудалтай тулгарсан. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтаас үүдэлтэй хямралаас болж АНУ-ын эдийн засаг тоормозлосон.

Энэ нөхцөлд Хятад улс эдийн засгийн гүрэн болохоо харуулсан. Мөн ОХУ цөмийн гүрэн гэдэг статусын хажуугаар газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийг хянаж чадсанаар эдийн засгийн том тоглогч гэдгээ батлав. Украйны хямрал бол дотоодын асуудал гэхээсээ илүү том гүрнүүдийн геополитикийн тоглоом юм.

Хятад улс эдийн засгийнхаа хөгжлийн загварын ачаар хамгийн их валютын нөөцтэй (1 их наяд доллар) орон болов.

БРИКС-ийн орнууд өөрсдийн Хөгжлийн банк байгуулсан нь гишүүн орнууд болон бусад хөгжиж буй орнуудын дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх зорилготой. Нөгөө талаар ОУВС, Дэлхийн банкны нөлөөллийн эсрэг зогсох стратегийн ач холбогдолтой. Өөр нэгэн сонирхолтой зүйл нь ОУВС, ДБ хоёр Европын орнуудын хэрэгт оролцдоггүй хэрнээ гуравдагч ертөнцийн хөгжиж буй орнуудад өөрсдийн нөхцлийг тулгадаг. Жишээ нь 1982 онд Мексик улс өрөө төлөх боломжгүй болсноо мэдэгдэж төлөх хугацааг сунгах хүсэлт тавихад дээрх хоёр байгууллагын шахалтаар төрийн капитализмын загвараас татгалзаж бараг бүх төрийн өмчит үйлдвэрээ хувьчлахаас аргагүй болжээ. Харамсалтай нь олон үйлдвэрийг гадаадынхан хувьчилж авчээ.

Эдүгээ ОХУ, Хятад хоёр Европод төдийгүй дэлхийн олон оронд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн. Оросууд нефть, байгалийн хийн тусламжтай Европод өөрийн тоглоомын дүрмийг тулгав.

Энэ нөхцөлд АНУ “Оросын цайзыг” нураахаар шийдэж өөрийн холбоотон Саудын Арабтай тохиролцож демпингийн аргаар нефтийн үнийг унагаав. Ингэснээр нефть импортлогч орнуудын эдийн засаг хүндрэлтэй тулгарав.

Саудын Араб хямд үнээр нефтийн зах зээлийг эзэлж, өрсөлдөгч ОХУ-ыг шахаж гаргахыг хичээж байгаа. Гэвч одоогоор ийм хямдхан үнийг хэн нь удаан тэсч чадахыг тааж хэлшгүй.

Оросын эдийн засгийг хавчиж макро эдийн засагт тогтворгүй байдал авчирсан энэ дүр зургийг санхүүгийн хүйтэн дайн гэж нэрлээд байгаа юм.

Америкийн Холбооны нөөц бодлогын хүүгээ бууруулснаар хөрөнгө оруулагчид үнэт цаасанд хандахаасаа илүү доллар худалдаж авах болов. Нөгөө талаас АНУ сүүлийн жилүүдэд 3 их наяд гаруй долларыг эргэлтэнд оруулж дэлхийн валютын зах зээл дээр долларыг бэхжүүлсэн.

АНУ урьдын адил дэлхийн валютын хэвлэгч хэвээр. Америкчууд хүссэн бүхнээ худалдаж авах боломжтой учир энэ дайнд илүү хүчтэй. Өнөөдөр бид долларыг хиймлээр өсгөж хуримтлал хадгалахад тохиромжтой санхүүгийн хэрэгсэл болгож байгаа үйл явцыг харж байна.

Эндээс харахад дэлхийн эдийн засаг урьдын адил АНУ-аас хамаарч байна. Үүнээс хамгийн их хохирол амсаж буй нь ОХУ, Хятад.