Энхболд.М 2015.09.04 | Сонин: Засгийн газрын мэдээ

Намууд ойлголцолд хүрэв

Намууд ойлголцолд хүрэв

Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналыг МАН-аас зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл” уулзалтад оролцсон улс төрийн намуудын төлөөллийн ихэнх нь илэрхийлэв.

Тэд Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн хуулийн төслийн талаар зөвшилцөлд хүрэхээр ийнхүү уулзсан юм.

Уулзалтын үр дүнд улс төрийн намууд хамтран Сонгуулийн       хуулийг боловсруулах Ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй ажиллахаар боллоо. Мөн намуудын олонх нь сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна ард иргэдийн саналыг “хар” машинаар тоолсон ч давхар хяналтын тооллого зайлшгүй байх ёстой, сонгуульд оролцож байгаа намууд хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ижил гараанаас өрсөлдөх сонирхолтой буйгаа ч илэрхийлсэн юм.

Энэ үеэр улс төрийн намуудын төлөөлөл хэлэлцэж буй асуудлын хүрээнд өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Тухайлбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Сонгуулийн тухай хуулийг одоо гаргах шаардлагатай эсэхээ шийдэх хэрэгтэй. Төр, засгаа хүчтэй байлгах, УИХ-ын гишүүдийг үндсэн ажлаа хийдэг байлгах өөрчлөлтийг Үндсэн хууль болон

 Сонгуулийн хуульд өгөхөөр яриад байгаа. Улс төрийн намуудын  нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулах саналыг би дэмжиж байна. Ойрын хугацаанд энэ асуудлыг нэг тийш нь цэгцлэх, санал хураалтын автомат машин байх, эсэх талаар дараа нь ярилцаж болно шүү дээ” гэв.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж мөрөөдөөд хэрэггүй. Насаараа Төрийн ордонд суух хэрэг болно. Харин сонгуулийн сурталчилгааны хугацааг сунгах ёстой. АНУ бүтэн жил сонгуулийн сурталчилгаа хийж байна. Бид долоо хоногт сурталчилгаа хийж амжихгүй. Парламентад суудалтай намууд төрийн мөнгөөр сурталчилгаа хийж, бусад хүчнүүд нь өөрсдийнхөө хүчээр л сурталчилгаагаа хийсэн болж байна” гэлээ.

Хамуг Монгол хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ цаг үед хийх ажил биш. Яагаад гэвэл энэ удаагийн парламентын баталж байгаа хуулиуд дотор иргэдийн эрх ашгийг хамгаалсан нэг ч хууль алга. Ёс зүйгүй, өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийг баталсан. Харин Сонгуулийн хуулийн төслийг харахад, одоо эрх барьж байгаа таван намаас өөр шинэ хүчин, шинэ нам гарч ирэх ямар ч боломжгүй байна” гэв. Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “ Сонгуулийн  хуульд өөрчлөлт оруулах эсэхэд эргэлзэж байгаа. Одоо хугацаа бага үлдэж байна.  Улс төрийн намын төлөөлөл сонгуулийн хувилбарт янз бүрийн санал гаргаж байна. “Шударга ёс” эвслийнхэн ард түмний хүссэн хувилбараар

1 сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсыг  бүхэлд нь нэг тойрог болгох  сонгууль явуулах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Сонгуулийн хуулийг боловсруулах Ажлын хэсэг байгууллаа

Уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд Үндсэн хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж. Тэрбээр “Үндсэн хуульд буй Монголын төрийг эзэнгүй болгоод байгаа заалтуудыг өөрчлөх хэрэгтэй байна. УИХ гэдэг бол зөвхөн хууль тогтоодог дээд байгууллага. Гэтэл Үндсэн хуулиараа УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага болгосноос хойш УИХ нь гүйцэтгэх засаглалын эрх мэдэл рүү ч орж ирдэг, шүүх эрх мэдэл рүүгээ ч орж байдаг болсон” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Харин Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “ Сонгуулийн дүнг хүн бүхэн 100 хувь гараар тоолдог болъё. Мөн ямар ч тойрогт хүч үзээгүй, өөрийн үзэл бодлоо олон нийтэд таниулж байгаагүй хүнийг Их хуралд оруулдгаа болъё. Ядаж нэг тойрогт очоод хэдэн хүнтэй уулзсан хүнээ гаргая” гэсэн саналыг дэвшүүлсэн юм.

М.Энхболд: Ажлын хэсгээс хуулийн  төслийг өргөн барихгүй нь

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболдоос дараах зүйлийг тодруулсан юм.

-Улс төрийн намууд зөвшилцөх уулзалт хийж байна. Уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Улс төрийн намуудын үгийг сонсож, нэгдсэн байр суурьт хүрч, тэдний гаргасан санал санаачилгыг төр. засгийн бодлого шийдвэр болгодог арга механизмыг Монголын улс төрд оруулж ирэх нь зүйтэй. Улс төрийн намууд тал, тал тийшээгээ харж суух биш, ойлголцож улс орныхоо төлөө нэг шийдлийг гаргаж явж байх ёстой гэж үзсэн. Бид анхны уулзалтаараа улс орны хөгжлийн бодлого, нийгмийн баялгийн хуваарилалт, стратегийн орд ашиглалтай холбоотой, залуучуудын боловсролыг дээшлүүлэх, хөрш орнуудтай харилцах харилцаа зэрэг эмзэг асуудлаар санал бодлоо хуваалцаж байхаар тохиролцоонд хүрсэн.

Өнөөдрийн уулзалтаар Үндсэн хууль болон Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар санал солилцож байна. Улс төрийн намуудын ихэнх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийх ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Мөн Сонгуулийн хуулийн тодорхой асуудлаар байр сууриа илэрхийллээ. “Хар” машинаар саналын хуудсыг тоолж байгааг өөрчлөх ёстой, хяналт тавих хэрэгтэй гэж байна. Үүнээс гадна сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудын оролцоог нэмэгдүүлэх, маргааныг цаашид гаргахгүй байх гэх мэт санал дэвшүүллээ.

Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн нэгдсэн хуулиа батлах ёстой. Хуулийн хугацаанд амжиж батлах уу?

-Уг нь Сонгуулийн тухай хуулийг 2015 оны долдугаар сарын 1-ний дотор батална гэж Ардчилсан намынхантай тохирсон. Гэвч зөвшилцлийн гэрээ хүчингүй болсноор ойлголцол, тохиролцол үгүй болсон. Сонгуулийн хуулийн төслийг УИХ-ын даргын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсгээс өргөн барихгүй нь. Тиймээс манай нам нэг намын асуудал биш, нийт улс төрийн намын саналыг сонсож энэ асуудалд хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй

-Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаа “МАН-тай зарим зүйл, заалт дээр тохиролцоонд хүрч чадахгүй байгаа учир хуулийн төслийг өргөн мэдүүлэх боломжгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн. Хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд танан намаас гацаагаад байгаа юм биш үү?

-Сүүлийн үед болж бүтэхгүй байгаа бүхнийг МАН-д нялзааж байна. Үнэн хэрэгтээ, Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт багтсан манай намын гишүүд чухал саналууд гаргасан. Ойлголцол хүрэхгүй байгаа зүйл байхгүй., Сонгуулийн тогтолцооны хувьд саналын  зөрүү бий. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр сонгуулийн тогтолцоо ямар байх талаар ард нийтийн санал асуулга явуулах саналыг гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү тогтоолын төсөл УИХ-ын даргын өрөөнд хэвтэж” байна.