Сонгуулийн хуучин хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв
2015.09.10

Сонгуулийн хуучин хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв

Монголын улс төрийн бүх намын төлөөллийг оролцуулсан сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан.

Тус ажлын хэсгийнхэн өчигдөр хэвлэлийн хурал хийж, ямар шийдвэр гаргаснаа дуулгав. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Арванхоёрдугаар сар гаргачихвал Сонгуулийн шинэ хууль батлах, хуучнаа өөрчлөх боломжгүй болно. Парламентад суудалтай таван нам гурван жил сонгуулийн шинэ хууль батлахаар ярилцаад ойлголцоогүй. Тиймээс хоёр сарын хугацаанд ойлголцож чадахгүй гэж үзэж байна. Харин 2012 оны сонгуулийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, илүү боловсронгуй болгоё гэж ажлын хэсгийнхэн тогтлоо” гэв.

Ажлын хэсгийн 2012 онд хэрэгжүүлсэн Сонгуулийн тухай хуульд найман өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ. Шударга сонгууль явуулах, санал тооллогыг нээлттэй болгох үүднээс “Хар машин’’-аар биш, гараар тоолох нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн сонгууль зохион байгуулах тойрог, хэсгийн хороонд намуудын төлөөллийг жигд оролцуулах, маргааныг

шуурхай шиидвэрлэх хугацаа, харьяаллыг тодорхой заах ёстой, нэг тойрогт нэг намын нэр дэвшигчдийг хооронд нь өрсөлдүүлэхгүй байх, санхүүжилтийг боловсронгуй болгох, гадаадад суугаа сонгогчдын саналыг түргэн шуурхай авдаг механизм бүрдүүлэх, эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэх квотыг нэмэгдүүлэх зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн байна.

МҮАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Б.Цогтгэрэл УИХ-ын дарга З.Энхболдод Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг намрын чуулганы хамгийн эхэнд хэлэлцэж өгөөч гэсэн хүсэлт илгээх санал гаргажээ. Саналыг Ажлын хэсгийнхэн саналыг бүгд дэмжсэн байна: Хэвлэлийн бага хурал үеэр Б.Цогтгэрэл “Сонгууль бүрээр хуулиа өөрчилдгөөс болж ойлголт багатай сонгогч саналын хуудсыг буруу, дутуу бөглөн маш их санал гээгддэг. УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн ахалсан ажлын хэсэг Сонгуулийн нэгдсэн хууль боловсруулна гэж байгаа. УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг дор өгнө гэсэн үг. Ингэхээр саналын хуудсыг бөглөхөд улам ойлгомжгүй болно. Тиймээс сонгуулийн хуучин хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад хэрэгжүүлсэн нь зөв” гэж тодотгов