Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 5 жилийн ойгоо тэмдэглэж байна
2015.09.11

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 5 жилийн ойгоо тэмдэглэж байна

Сүүлийн жилүүд нийслэл Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж буйн нэг бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм.

Эдүгээгээс 5 жилийн өмнө шарилж ургасан цулгуй хоосон газар анхны шаваа тавьж, мод тарьж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өдгөө хүмүүс цуглаж, хүүхдүүд тоглосон хүн бүрийн очих дуртай газар нэгэнт болжээ.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус хүрээлэн нийт 110.000 гаруй мод сөөг, олон улсын стандартад нийцсэн 5.5км дугуйн болон гүйлт, цанын зам, сагсан бөмбөг, хөлбөмбөг, софт теннисийн комплекс спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, газрын усан оргилуур зэрэг олон бүтээн байгуулалтыг хийж амжуулжээ.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд 5 настай балчираас аваад 80 настай буурал хүртэл гар бие оролцож, мод тарьж, арчилж ургуулах амаргүй үйлсийг эхлүүлж байсан үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр мод цэцэгс бүрхсэн, ногоон талбар болжээ. Энэхүү хүрээлэнгийн ногоон байгууламж, мод бут нь Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23%-ийг тус хүрээлэн дангаараа бүрдүүлж байгаа ажээ.

 

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад өнгөрсөн хугацаанд төр засаг болон компани аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудаас олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан дотор тус хүрээлэнгийн удирдлага, хамт олны идэвхи чармайлтаар гадаад хамтын ажиллагааны хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүрдүүлж чаджээ. Мэдээж Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 26%-ийг дангаараа бүрдүүлж буй олон хүний хөлс хөдөлмөр шингэсэн олон мянган мод сөөгний үнэ цэнийг мөнгөн дүнгээр цэгнэх аргагүй юм.

Таван жилийн ойгоо ажил үйлс, бүтээн байгуулалтын өндөр амжилтаар угтаж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон 5 жилийн ойн баяраа 9-р сарын 12, 13-ний өдрүүдэд зөв хооллолт, эрүү хөдөлгөөн уриан дор цогц арга хэмжээ зохиож, тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрүүдэд иргэд аж ахуйн нэгжүүд оролцсон хоолны амталгаа, эрүүл зөв хооллолтын сургалт, аэробик, иог бясалгалын хичээл явуулахын зэрэгцээ урлагийн тоглолт, спортын тэмцээн уралдаан, олон улсын марофон гүйлт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж байна.

 

Таван жил хийж бүтээх том ажилд богино хугацаа хэдий ч энэ хугацаанд үндэсний гэж хэлж болохоор бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээ цаашид бүтээн байгуулахаар төлөвлөж буй олон бүтээн байгуулалтын ажил хүлээж байна. Үүнд, дэлхийн томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийн жишгээр задгай театр, наран шарлагын газар, Богд хаант уултай холбосон агаарын зам, дугуйн болон гүйлтийн зам зэргийг барьж байгуулах юм байна.

Хамтдаа бүтээсэн таван жилийн ойгоо ажил үйлс, амжилтаар дүүрэн үдэж буй Цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олны зүгээс нийт Монголчууддаа 5 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.